“Хөрөнгө оруулалтын тухай хууль” нэрийн дор охин компаниуд улсад татвар төлөхгүй

 Гэтэл эсрэгээрээ жиж­гүүдийг шахаж “томчуудыг” дэмжсэн хуулийн төсөл батлагдах гэж байгаа нь харамсалтай. 

Удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар Монголын толгой ком­паниуд болох “МСS”, “АПУ”, “Бодь”, “Моннис”, “Таван богд”, “Макс”, “Но­мин”, “Женко”, “МАК” зэрэг компаниудад зориулсан Хөрөнгө оруу­лал­тын тухай хууль батлуулахаар зэхэж байна. Эл хууль батлагдснаар тэдний эзэмшилд байдаг охин ком­паниуд нь улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй гэсэн үг юм.

Дотоодын хөрөнгө оруулалтын ту­хай хуулийн төсөл нь одоогоор Эдийн засгийн хөгжлийн яаманд боловс­­­руу­лагдаж Засгийн газрын зү­гээс санаа­чилсан гэх нэрээр УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болсон.Тиймээс л нөхдүүд дээрх хуулийг яаралтай батлуулахын тулд удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар оруулж, нэн яаралтай батлах хэрэгтэй хэмээн дээр дооргүй лоббидож явна.

Энэхүү хуулийн төсөл өдгөө зарим гишүүний гарт аль хэдийн хүрсэн гэнэ. Хамгийн гол нь уг хуулийн томьёолол нь “Монгол Улсад урт хугацааны хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралын нөхцөлд гадагш чиглэх хөрөнгийн урсгалыг хязгаарлах давуу талтай” гэсэн таницуулгатай.

Товчхондоо өнөөдөр УИХ болон Засгийн газарт хэчнээн компанийн захирал “Ард түмний төлөөлөл” гэх нэрээр халхавч хийн сууж өөрсөддөө ашигтай хууль баталсаар байгааг санах хэрэгтэй. Хэдийгээр өдгөө эдийн засгийн хямрал үүсээд байгаа ч дээрх хуулийн гаргалгаа нь яав ч ард түмнээ бодсон хуулийн төсөл биш бололтой.

Нөхдийн үзэж буйгаар “Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой. Тиймээс экспортын бүтээгдэхүүний үнэ хоёр дахин унаж, мөн хэмжээ нь багассан” учраас дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг яаралтай хамгаалах хэрэгтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл энэ хуулийн төслийн цаана хэн нэгэн эрх мэдэлтний өмч хөрөнгийг арвижуулах гэсэн “Захилагат хууль” явж байна гэсэн үг. Хэрвээ УИХ-ын ээлжит бус чуулганаар эл хуулийн төсөл батлагдвал “Дотоодын хөрөнгө оруулагч” гэх нэртэй шинэ эздийн эрх ашиг бүрэн утгаараа хамгаалагдах юм. Гэхдээ энэ хууль нь ямар хүмүүст зориулагдсан бэ гэдгийг сонирхож үзье.

“Дотоодын хөрөнгө оруулагч” нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийж буй Монгол Улсын иргэн, эсхүл хувьцааных нь 50-иас дээш хувийн жинхэнэ өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх. Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх ёстой.

Мөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж дотоодын хөрөнгө оруулагчийн үүсгэн байгуулсан, эсхүл саналын эрх бүхий хувьцааных нь 75 хувийг эзэмших ба түүнээс дээш хувийг дотоодын хөрөнгө оруулагч эзэмшдэг, Монгол Улсын татвар төлөгч аж ахуйн нэгжийг хэлнэ.

Харин уг хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд хөрөнгө оруулсан “гадаад, дотоод”, гэхгүй бүхий л хөрөнгө оруулалтад хамаарна” гэж тусгасан байна.

Эндээс харахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан компанийн эрх ашиг хуулиар хамгаалагдаж, харин бор зүрхээрээ явж буй зарим нэг компани бизнесийн салбараас арчигдахаар байгаа юм.
Ямартай ч эрх мэдэлтэй нөхдөд үйлчлэх таатай хууль батлагдах нь гэсэн үг. Түүнчлэн тогтвортой эрхийг эдлэх “Тогтворжуулах гэрчилгээ”-г авахын тулд маш их хөрөнгө мөнгө хаяж байж авах юм билээ. Тодруулбал “Хувийн салбарын хөрөнгө оруулалтын урсгалыг худалдааны салбараас бүтээн байгуулалтын буюу эдийн засгийн суурь салбар руу түлхүү оруулах эрх зүйн үндсэн хөшүүрэг болох ба ингэснээр дунд болон урт хугацаанд эдийн засгийн багтаамжийг нэмэгдүүлэх, экспорт, гадаад худалдааны хэмжээг эрс нэмэх боломж бүрдүүлэх өндөр ач холбогдолтой хууль” юм байна.

Тэгэхээр эл хуульд заасан тодорхой шалгуур нь 10 нэр төрлийн татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээнээс хамааран 8-18 жилийн хугацаанд тогтвортой эдлэх эрхээр хангагдана гэсэн үг. Тэгэхээр ард түмний дундын өмч болох газрын баялаг болон бусад олон баялгийг эзэмшиж буй томоохон компаниуд боловсруулах үйлдвэр байгуулж ихээхэн хэмжээний ашиг олсныхоо төлөө татварын ялгаа болон хөнгөлөлтөд хамрагдах нь зөв үү гэх асуулт гарч ирнэ.

Тухайлбал хуулийн төслийн 16.2.2 дугаар заалтад “хөрөнгө оруулагч этгээдээс Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13-т заасан компанийн нэгдэлд оруулсан хөрөнгө оруулалт нь нийлбэр дүнгээрээ энэ хуулийн тодорхой шалгуурыг хангах тохиолдолд тогтворжуулах гэр­чилгээг тухайн нэгдлийн толгой компанид олгож, уг толгой компани болон түүний 50 буюу түүнээс дээш хувь оролцоо бүхий компанийн татварын орчинг хамтад нь тогтворжуулна” гэжээ.

Харин дараах заалт нь /16.2.3/ “Хөрөнгө оруулагч этгээдээс уг хуулийн 16.2.2-т заасан компанийн нэгдэлд үл хамаарах бусад хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалтын нийлбэр дүн хуулийн шалгуурыг хангах тохиолдолд тухайн хөрөнгө оруулагчид тогтвор­жуулах гэрчилгээг олгож, уг хөрөнгө оруулагч болон түүний 50 буюу түүнээс дээш хувь оролцоо бүхий компанийн орчинг хамтад нь тогтворжуулна” гэж заажээ.

Мэдээж энэ бүхэн нэр бүхий томоохон компаниудад олгож буй хамгийн том боломж. Монгол Улсад өөрсдийгөө “Үндэсний үйлдвэрлэгч компани” гэж цээжээ дэлддэг гарын арван хуруунд багтах төдий компани бий. Өнөөдөр монголын толгой баячуудын гэгдэх компаниуд хэзээ ч ард түмэнд хувьцаагаа нээлттэйгээр арилжаалж байгаа­гүй. Уг нь хүн ам цөөтэй манай улс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлье гэвэл ажлын байр олноор бий болгож, “томчуудын” хөрөнгө оруулалтыг хязгаарлан, зах зээлээс нь жижиг аж ахуйн нэгжүүдэд хувааж өгөх ёстой.

Гэтэл эсрэгээрээ жиж­гүүдийг шахаж “томчуудыг” дэмжсэн хуулийн төсөл батлагдах гэж байгаа нь харамсалтай.

ugluunii_sonin

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …