Энэ их энгийн бөгөөд ойлгомжтой мэт сонсогдож байгаа байх. Танд одоо байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун жаргалтай байх эсвэл сэтгэл хангалуун бус байх гэсэн сонголт байна. Харин та хоёр дахь сонголтыг сонгосон байгаа бол санаа зовох хэрэггүй. Хүн бүрд өөрийгөө аз жаргалтай болгох боломж үргэлж нээлттэй байдаг. Танаас шаардагдах зүйл гэвэл бага зэрэг хичээл зүтгэл гарган сайн үйлдлүүдээ аль болох олон удаа давтаж зуршил болгох явдал юм.
Уулзах бүрд баяр хөөрөөр дүүрэн байдаг хүмүүст дараах 21 эерэг зуршлууд байдаг байна. Магадгүй та тэдгээр зуршлуудаас амьдралдаа хэрэгжүүлснээр аз жаргалтай болж өөрчлөгдөх мэдэх юм.
ТЭД ӨӨРСДИЙГӨӨ АМЬДРАЛДАА АЗ ЖАРГАЛТАЙ ХҮМҮҮСЭЭР ХҮРЭЭЛДЭГ
Баяр хөөр бол халдвартай зүйл юм. “Аз жаргалын тархалт” гэх үзэгдлийг 20 гаруй жил судалж буй судлаачид баяр хөөр дүүрэн хүмүүсээр өөрийн орчноо бүрдүүлсэн хүмүүст ирээдүйд аз жаргалтай байх магадлал маш их байдаг гэсэн үр дүн гарчээ. Энэ бол та өөрийн гунигтай, уйтгартай найз нараасаа зайгаа барих шалтгааны нэг юм. Зарим нөхөд чинь гуниглаж, уйтгарлахыг илүүд үздэг бол тэднийг өөртэй нь тайван орхиход тэд төдийлөн эмзэглэхгүй.
ТЭД ИНЭЭМСЭГЛЭДЭГ
Танд баярлах шалтгаан байхгүй байлаа ч ямар нэг сайхан зүйлийн тухай бодож инээмсэглэхийг оролдоод үзээрэй. Энэ танд бага ч болов туслах болно. Муу зүйлийн тухай бодож инээмсэглэх бус эерэг зүйл бодоорой.
ТЭД ЭДГЭРЭХ ЧАДВАРТАЙ
Сэтгэл судлаачдын хэлж байгаагаар “эдгэрэх чадвар” гэдэг нь сэтгэлээр унахын эсрэг үзэгдэл юм. Хүмүүс ямар нэг муу зүйлээс болж шоконд орж тэрхүү асуудлаа шийдвэрлэж чадалгүйгээсээ болж тухайн асуудлаас зайлсхийдэг бол жаргалтай байдаг хүмүүс тийм гэнэтийн цочролоос хэрхэн эдгэрэхээ мэддэг. Энэ нь амьдралд зайлшгүй тохиолддог азгүй явдлуудын эсрэг нэгэн төрлийн зэвсэг юм. Япон ардын цэцэн үгээр 7 удаа унаж, 8 удаа бос гэдэг дээ.
ТЭД БАЯСГАЛАНТАЙ БАЙХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ
Энэ сонсогдож байгаа шигээ хялбархан. Баяртай байх гэсэн оролдлого таны дотоод сэтгэлийн байдлыг сайжруулна.
ТЭД БОЛЖ БУЙ САЙН ҮЙЛ ЯВДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛДАГ
Урт, хүндхэн өдрийн дараа өөрийнхөө амжилт ололтыг тэмдэглэх нь чухал юм шүү. Баясгалантай хүмүүс жижиг амжилтуудад ч ач холбогдол өгдөг. Ингэх нь бидэнд маш том сэтгэлийн дэмийг өгдөг ба өдрийн турш эерэг байхад тусалдаг.
ТЭД ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ТААШААЛ АВДАГ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дуртай дуугаа сонсонгоо алхах, хүүхэд эсвэл дүү нараа салхилуулах, гудамжаар алхахдаа бусдын ямар бүдүүлэг байгааг жигшиж байхын оронд зөөлөн бударч буй цасан ширхэгийг ажиглах зэрэг мөнгө шаардагдахгүйгээр өөрөө л гараад ирдэг зүйлсийг тэдгээр бясгалантай хүмүүс талархан хүлээн авдаг. Жижиг зүйлээс аз жаргал мэдэрдэг ба өөртөө байгаа зүйлсээ үнэлэн талархах нь таны аз жаргалтай шууд холбоотой.
ТЭД БУСДАД ЦАГ ГАРГАДАГ
Нэг өдөр 24 цагтай ч жаргалтай хүмүүс энэхүү хугацааныхаа зарим хэсгийг бусдын төлөө золиосолж чаддаг ба энэ нь эргээд тэдэнд сайхан зүйлсийг авчирдаг. Сайн дурын ажил эсвэл зүгээр л нэгэнд сайн үйлс хийх нь таны биеийн болон оюунд тааламжтай нөлөө үзүүлнэ. Бусдын төлөө сайн үйлс хийдэг ч дотроо сэтгэл гутралтай явдаг хүмүүс их ховор. Сэтгэл судлаачдийн баталж байгаагаар гутралд орсон хүн бусдад тусалсны дараах сэтгэл ханамж нэг шил архи уухаас илүү сэтгэл санааг тайвшруулдаг байна.
ТЭД ЦАГИЙН БАРИМЖААГАА АЛДДАГ
Та ямар нэг шийдвэрлэхэд ярвигтай асуудал эсвэл таныг зоригжуулсан утга төгөлдөр бүхий шалгууртай тулгарахад сэтгэлийн түгшүүр хирнээ баясал мэт “сэтгэлийн урсгал” гэдэг зүйлийг мэдэрдэг. Баяртай хүмүүс өөрийн мэдэлгүй өөрсдийнх авьяас чадварыг шаардсан зүйлсийг хайдаг ба энэ нь тэдэнд нэгэн сорил болж тэднийг зоригжуулж тодорхой зорилготой байхад тусалдаг. Энэхүү урсгалаар явахад тэд амжилттай яваа мэт санагддаг ба энэ нь тэдэнд аз жаргал авчирдаг.
ТЭД УТГА УЧИРТАЙ ЯРИАГ ИЛҮҮД ҮЗДЭГ
Жижиг сажиг, энгийн яриа өдөхөд буруу зүйл байхгүй ч урт хугацааны турш чухал зүйлсийн тухай ярихад л хүн өөрийгөө амьд байгаагаа мэдэрдэг болов уу. Нас барах гэж буй хүмүүсийн хэлдэг хамгийн харамсаж явдаг 5 зүйлсийн нэг бол би өөрийнхөө сэтгэлийн тухай ярих илүү зоригтой байсан ч болоосой гэсэн байна. Цаг агаар, өдрийн хэрэгтэй хэрэггүй тохиолдлуудаа ярихаас илүү сэтгэлд хүрсэн зүйл ярих нь таныг аз жаргалтай болгоно.
ТЭД БУСДЫН ТӨЛӨӨ МӨНГӨ ЗАРЦУУЛДАГ
Мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадна. Сонин сонсогдож байгаа биз. Гэхдээ энэ нь зөвхөн өөртөө болон бусдад зориулах үед л үнэн байж чадна. Бусдад өгөх нь бусдаас авахаас хамаагүй илүү билээ.
ТЭД СОНСОЖ ЧАДНА
Та сонсох үед өөрийн оюун ухаанаа шинэ мэдлэг, туршлага авахад нээлттэй болгож байгаа юм. Та ярих үед харин тэрхүү хаалгаа хаадаг. Та хүмүүсийг сонссоноор тэднийг хүндэлж байгаагийн илэрхийлэл болно. Бусад хүмүүс үүнийг тань анзаарч танд талархан, та өөрөө ч бага зэрэг өөртөө баяртай байх болно. Сонсох чадвартай байх нь таны бусадтай харилцах харилцааг сайжруулдаг.
ТЭД ХАРИЛЦААГАА ХАДГАЛСААР БАЙДАГ
Мэссеж бичих, ярих, цахим сүлжээнд пост бичих нь найзууд, танилуудтайгаа харилцах энгийн бас хурдан арга мөн боловч нүүр нүүрээ харан уулзах нь хамаагүй сонирхолтой бас хөгжилтэй юм. Хүн бүр өөрсдийгөө хэн нэгний амьдралынх нь нэг хэсэг болсон ба ямар нэг зүйл илэрхийлдэг гэсэн бодолтой байдаг. Тэр бодол нь цаашлаад найзууд хоорондоо харилцахыг шаарддаг. Амьд харилцаа хүнийг аз жаргалтай ман амьд байлгана.
ТЭД БҮХ ЗҮЙЛИЙН ЭЕРЭГ ТАЛЫГ НЬ ОЛЖ ХАРДАГ
Бүх зүйл сайн болон муу талтай. Тэдгээрийг эерэгээр хардаг байх нь таны эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Үүнээс үүдэн та стрессыг бага хэмжээгээр мэдэрч цаашлан зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл буурна. Мөн өвдөлт тэсвэрлэх чадвар өндөр болдог. Хэрвээ та эргэн тойронд болж буй бүх зүйлсийнхээ эерэг талуудыг олж харвал та эрүүл мэнд болон аз жаргалаа сонгож байна л гэсэн үг. Сөргөөр боддог хүмүүст байдаг гол зан чанар бол тэд муу зүйлс үргэлж байдаг гэж үздэг ба энэ нь тэдний эхлүүлсэн ажил бүрийг нурааж, амьдралд нь саад болж байгаа мэт санагдаж байдагтай холбоотой. Харин эерэгээр сэтгэдэг хүмүүст бидэнд тохиолдож буй асуудлууд мөн адил тохиолддог ч тэд азгүйдлийг ч сайнаар харж чаддаг. Тэд алдагдлыг түр зуурынх гэж мэддэг ба энэ бүгд тэдний буруу биш гэдгийг ч ойлгодог. Бүтэлгүйтэл тэднийг зовоодоггүй. Асуудал дунд дарагдсан байгаа ч үүнийг шалгуур гэж үзэн илүү улам хичээдэг.
ТЭД САЙН ХӨГЖМИЙГ ҮНЭЛДЭГ
Хөгжимд хүч бий. Зөв хөгжмийг сонгож сонсох нь баяртай байхад чухал нөлөөтэй. Жаргалтай ч бай, гунигтай ч бай хөгжим нь бидний амьдралд багагүй нөлөө үзүүлдэг. Хүмүүсийн зургийг нь хараад л жаргалтай эсвэл гунигтай байгааг нь таах судалгаа хийгджээ. Үр дүнд нь жаргалтай эсвэл гутралтай хэмээн сонгогдож буй хүмүүсийн сонсож байсан дуу нь ямар өнгө аястай байгаагаас ихээхэн хамааралтай байжээ. Иймээс та илүү баяр хөөртэй дуу сонсох нь илүү баяр хөөртэй болоход нөлөөлдөг байна.
ТЭД ТЕХНОЛОГИОС ХОЛДОЖ ЧАДДАГ
Та ухаалаг компьютер болон утаснаасаа түр холдоход л эргэн тойрон дахь технологи, мэдээ мэдээлэл ид шидээр ор мөргүй алга болчихгүй. Дижитал хоруудаас салах нь таны тархинд хэт ачааллаас амрах боломж өгдөг. Бас нэгэн өөртөө талархаж, баярлах шалтгаан болдог юм л даа.
ТЭД ӨӨРСДИЙН ГЭСЭН СҮСЭГ БИШРЭЛТЭЙ
Бидний итгэл үнэмшихийн чухал хэсэг нь баяр баясгалан, хайр энэрэл, хүнлэг сэтгэл зэрэг ордог. Тэдгээр нь амьдралыг утга учиртай болгох ‘чухал асуултууд’-ийг асуудаг. 2009 онд хийгдсэн судалгаагаар өөртөө тодорхой зорилго тавьсан хүүхдүүд бусад үе тэнгийнхнээсээ илүү аз жаргалтай байсан. Гэвч энэ нь зөвхөн шашин шүтлэгийн тухай биш ба энэ нь ямар ч төрлийн сүсэг бишрэл байж болно. Бясалгал, залбирал эсвэл өдрийнхөө хэдхэн цагийг өөрийн тухай бодоход эсвэл юу ч бодохгүй байхад зарцуулах хэрэгтэй. Өдөр бүр, долоо хоног тутам эсвэл сар бүр хэдийд ч байж болно. Гол зорилго бол өөрийнхөө амьдралыг чиглүүлэх зүйлтэй байхад оршино.
ТЭД ДАСГАЛ ХИЙДЭГ
Дасгал нь бидний биеийг эндорфинээр дүүргэдэг. Эндорфин нь хүмүүсийг аз жаргалтай болгодог эс юм. Тархинд явагдах урвалаас нь шалтгаалж дасгал нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон уур уцаар зэргээс ангижруулдаг. Мөн дасгал хөдөлгөөн нь бидэнд өөрсдийн биеэ тордох боломж олгодог. Аливаа хүн дасгал хийгээд илүүдэл жингээсээ салж чадаагүй, тавьсан зорилгодоо хүрээгүй байлаа ч тэд өөрсдийн биеэ илүү хайрладаг болдог байна.
ТЭД АЛХДАГ
Байгаль бол бидний амьдралын эх үүсвэр. Ердөө 20 минут агаарт алхахад л бидний оюун санааны байдал мэдэгдэхүйц сайжирдаг. Зарим хүмүүс гутрах, ядрах үедээ аяга кофе ууж, тамхи татдаг. Гэвч ингэж энергиэ нөхөхийн оронд бид байгалиас алхах аргаар энергиэ авах нь хамаагүй илүү үр дүнтэй байдаг байна.
ТЭД ОРОНДОО УДААН ХЭВТДЭГ
Буруу хөл дээрээ босно гэдэг нь зүгээр ч нэг үг биш юм. Хангалттай хэмжээний нойр аван сэрэх нь тэр өдрийг эерэгээр өнгөрүүлэхэд тусалдаг. Эмч нар өглөө орноосоо хурдан босоод гүйх хэрэггүй харин удаанаар босож, орондоо хэвтэхийг нь зөвлөж байна.
ТЭД ИНЭЭДЭГ
Инээд бол хамгийн сайн эм юм. Та үүний талаар хэдэн зуун удаа сонссон байж болно. Энэ нь таны тархинд таныг илүү жаргалтай болгон, өвдөлт болон стресст мэдрэг байдлыг багасгадаг гормоныг ялгаруулах явцыг өдөөж өгдөг байна. Аль болох олон удаа инээ. Хүнийг инээхэд тархи дасгал хийхэд үзүүлдэгтэй ижил хариу үйлдлийг үзүүлдэг байна.
ТЭД ТОМ АЛХДАГ
Энэ бол ямар нэг зүйрлэл биш шүү. Аз жаргалтай хүмүүс нь илүү чөлөөтэй тайван алхаатай байдаг ба тэд илүү том том алхаж явдаг байна. Ийм явдал тархинд дараалалсан хариу урвалуудыг идэвхжүүлдэг. Энэ сонин сонсогдож болох хэдий ч бидний алхам том байх тусам бид илүү баяр хөөртэй байдаг байна. Зүгээр л бодоход ч тэр жижиг жижиг алхмаар, газар ширтээд алхах нь баяр хөөртэй юм шиг санагдаж байна уу? Үгүй шүү.
erhvn.mn