Тэнгэр , газар шиг ялгаатай сурталчилгааны эхлэл

images (2) Монгол Улсын тав дахь Ерөн­хийлөгчийг сонгох сон­гуулийн сурталчилгаа ал­бан ёсоор эхлээд хоёрхон хонож байна. Өчигдрөөс эх­лээд сонгууль хүртэлх 34 хо­ногийн дотор нам бо­­лон нэр дэвшигчдийн зү­гээс нийт 24.3, улсын төсвөөс сонгуулийг зохион байгуулахад 15.8 тэрбум, нийтдээ Монгол Улсын хэм­жээнд 40.1 тэрбум төг­рөгийг Ерөнхийлөгчийн сон­гуульд зарцуулаад дуус­гана. Энэ нь өдөрт нэг тэрбум, 800 сая төгрөгөөр “цэнгэн хөг­жил­дөцгөөнө” гэсэн үг юм. Ийм их мөнгөөр шоудсаны хэргийг ганцхан өдөр буюу зур­гаадугаар сарын 26-ны өдөр гаргахаар АН, МАН, МАХН-ын гурван нэр дэв­шигч Дорнод, Хэнтий аймаг, “АСА” циркээс сур­тал­чил­гааныхаа ажлыг эх­лүүлээд байгаа.
Монгол орон даяар са­нал өгөх эрхтэй 1.900. 487 иргэн бүртгэгджээ.

Ц.Элбэг­доржийн сонгуу­лийн штабыг Ерөнхий сайд Н.Алтан­хуяг толгойлж байгаа бол, Б.Бат-Эрдэнэ авар­­­гын сон­гуулийн ерөнхий ме­­неже­рээр “Шаварт унасан ша­рын эзэн” МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Н.Удвалын ар талыг МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва нар хариуцан зохицуулж байгаа.
Нэр дэвшигчийн батламжаа гардаж авсны дараагаас шуудхан эхэлсэн гурван өрсөлдөгчийн сонгуулийн сурталчилгаа эхнээсээ л “Тэнгэр, газар” шиг ялгаатай өрнөж эхэллээ.

СЕХ-ноос батламжаа гардангуут арваад хар тэрэгний цуваа үүсгэн давхисан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Яармаг дахь “Шунх­лай” шатахуун түгээх станцын “Монгол-93” шатахууны нээлтэд очиж, “Миний хувьд ярьснаа хийдэг, хийснээ ярьдаг” гэж мэдэгдчихээд, аян замынхаа бин­зенийг дүүргэж авснаар Дорнод тийш салхи татуулан давхин одсон юм.

Тэрээр энэ удаа “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн уриалж, аргагүй л хааны бэл бэнчинг хаа явсан газраа үзүүлж яваа. Энэ нь ч аргагүй. Яагаад гэвэл түүний сонгуулийн штабыг Монгол Улсын мөнгөний авдар дээр сууж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг толгойлж байгаа болохоор ёстой л “мөнгөөр бороо оруулах” шахахаас ч яах билээ. Ц.Элбэгдоржийн Монгол улсыг нар зөв тойрох сонгуулийн сурталчилгааны эхлэл болсон Дорнод аймгийн иргэд­тэй хийх уулзалтыг аймгийн Засаг дарга Ц.Жанлав нээж үг хэлэхдээ “Чойбалсан хотыг баатар хотын хэмжээнд үнэлж, улаан тугийн одонгоор шагнасан анхны Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж юм” хэмээн зулгуйдсан бол Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж “Дорнодод энэ жил 40 тэрбум төгрөгийн хө­рөнгө оруулалт ирнэ. Үүний 10 тэрбумыг нь ард иргэд та бүхэн мэдэж, шийдэх болсон. Ийм эрх мэдлийг та бүхэнд олгохын төлөө Ерөнхийлөгч миний бие өнгөрсөн дөрвөн жил ажиллалаа.

Би одоо хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байж Монгол орноо авлигачдаас цэвэрлэх болно. Энэ ажил ид эхэлж, хүчээ авч байна. Дунд нь хаяж болохгүй. Миний зүтгэж байж батлуулсан эвлэрүүлэн зуучлах хууль хэ­рэг­­жиж эхэлсэнээр шоронд яваг­садын тоо 40 хувиар буурах тоо­цоо гарсан” хэмээн мэдэгдсэн нь танхимд цугларагсадын ёстой л загатнасан газар нь маажих шиг болжээ.

Учир нь Дорнод аймаг, Чой­балсан хотын хувьд ОХУ-тай хил залгаа, төмөр замаар Чит, Забайкалск хоттой холбогддог учир бусад аймгийг бодвол хэрэг зөрчил ихтэй, тэр хэрээр “нарсанд” суугчдын тоо ч чамгүй өндөр байдаг нь нууц биш.

Ц.Элбэгдоржийг Чойбалсан хотод дагалдан очсон ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Р.Гончиг­дорж нарыг харсан сонгогчид “Олон даргыг ойроос харах чинь сүртэй гэдэг нь жигтэйхэн юм аа” хэмээн магтах, гайхахыг хослуулцгаажээ. Одоогийн “хаан” буюу Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн сонгуулийн сүрт суртал­чилгаа ийнхүү эхэлж бай­гаа бол хоёр өрсөлдөгчийнх нь хувьд бай­дал нэлээн өөрөөр хөврөх бололтой.

МАН-аас нэр дэвшигч Дархан аварга Б.Бат-Эрдэнэ эзэн Чин­­гисийн хөшөөнд хүндэт­гэл үзүүлж, СТӨ-нд иргэд, дэмжиг­чид­тэй уулзалт хийснээр суртал­чилгааныхаа ажлыг эхлүүлсэн. МАН-ын удирдлагууд, эхнэр, хоёр охин нь хүрэлцэн ирсэн сур­­талчилгааны нээлтэд чин сэт­гэлээсээ дэмжигчид нь хүрэлцэн ирсэн ч аргагүй л нэг жаахан сүр хүч, зэрэг зиндаа дутагдаж байгаа нь анзаарагдаад байна лээ.

Тайзны голд зассан хүндэт­гэлийн суудалд хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, БНМАУ-ын баатар, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа тэргүүтэй цагаан толгойтой хэ­дэн өвгөд, эмгэд сууцгаачихсан байдаг чадлаараа л дэмжиж ха­рагдсан. “Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” хэмээн баргил хоолойгоор хүнгэнүүлэх Б.Бат-Эрдэнэ аварга уран илтгэгчийн хувьд ч 20 жил мэргэшиж яваа Ц.Элбэгдоржийн хажууд арай л түүхий байгаа нь анзаарагдаж байсан.

Ядаж л танхимд цугларагсдад тарааж өгсөн уриа лоозон, дэмжигчийн плакат зэргээс нь ихээхэн ялгаа харагдаж байсан юм.

Харин МАХН-аас нэр дэвшигч Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хувьд байдал бүр л хүндхэн байгаа бололтой. Нэр дэвшигчийн батламжаа гардаж авахад нь хамт байлцсан УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарт нүүр дүүрэн мишээлээс өөр олигтойхон тусалчих бэл мөнгө, хөрөнгө санхүүгийн захиран зарцуулах эрх байхгүй. Арга нь барагдсан Н.Удвал сайд үнэмлэхээ гардсаны дараа II эмнэлэгт байгаа намын дарга Н.Энхбаяр дээр очсон нь үймэрсэн сэтгэлээ бага ч болтугай тайвшруулах гэсэн арга байснаас зайлахгүй.

“Таван бодлого-таван зорилт” хэмээн сонгуулийн зорилгоо то­дорхойлсон эрүүл мэндийн сайд “Хоёр аваргатай өрсөлдөж байгаа миний хувьд аваргыг давж аварга болно гэдгээ ойлгож байна” гэж хэлэхдээ хоолой нь сааралтаж байна лээ.

Өчигдөр “АСА” циркэд бол­сон МАХН-ын ард түмний Их хуралдайд намынх нь идэвхтэй гишүүд дэмжигчид болох настайчуул голдуу цөөхөн хүмүүс цугларсан байсан. Их хуралдайн байдлыг ажиглавал Н.Удвал сайдад хүчтэй дэмжлэг илэрхий ду­тагдаж байгаа нь хэний ч нүдэнд анзаарагдахаар байна лээ.

Аргагүй л хоёр аваргатай халз тулж байгаа ганц бүсгүйд зэрэг зиндаа, танил тал, ар өврийн хүрээлэл гээд ихээхэн зүйлээр дутагдаж, гачигдахын зовлон байгаа нь тодорхой. Ийнхүү ёстой л “Тэнгэр, газар, өдөр, шөнө” шиг хөрөнгө санхүү, хүч чадал, эрэмбэ дугаарын ялгаатай гурван өрсөлдөгчийн хүч тэнцвэргүй тулаан эхлээд байна.

“Хаан, албат” нарын хүч тэнцвэргүй тулаан хэрхэн өрнөхийг сар гаруйн хугацаанд ажиглан харах монголчууд ярих юмтай, дуулгах сонинтой хоцрох нь дамжиггүй. Одоо тэгэхээр ажиглах, хүлээх л үлдэж байна.
Д.Түвшин

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …