Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үйл ажиллагаа энэ сарын 18-24-нд болох гэж байна.
Шинэ ургацын ногоог нийслэлийн иргэдэд хямд үнээр хүргэх, нөгөө талаасаа ногоочдын бүтээгдэхүүнийг зах зээлд өргөнөөр нийлүүлэх зорилго бүхий уг үйл ажиллагаа энэ жил арай өвөрмөц байдлаар зохион байгуулагдах гэнэ.
Тодруулбал “Алтан намар-2013” шинэ ургацын баяр, “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Шилмэл мал-2013” зэрэг үндсэн гурван хэсгээс бүрдэх аж. Ургацын баяр, үзэсгэлэн худалдаа “Дүнжингарав” худалдааны төвд болох бол “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаа Хүй долоон худагт болох юм байна.
“Шилмэл мал” үзэсгэлэн худалдаагаар шилмэл малыг дуудлага худалдаанд оруулж, үнэ хаялцуулах, малын тэжээл, эм, ном товхимлын худалдаа болж, төгсгөлд нь оролцогч, аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн шилдгийг шалгаруулах ёслол болохоор товлогджээ.