“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.
Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзэх талаар Монголын Жүдо Бөхийн Холбоо мэдээлжээ.
Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа сойно.
Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтснаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар боллоо.
Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ.
ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг:
Эмэгтэй
- 48 кг: Мөнхбатын Уранцэцэг
- 52 кг: Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой
- 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн
- 63 кг: Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг
- 70 кг: Батбаатарын Хулан
- +78 кг: Баттулгын Мөнхтуяа
Эрэгтэй
- 60 кг: Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин
- 66 кг: Ганболдын Хэрлэн
- 73 кг: Ганбаатарын Одбаяр
- 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
- 90 кг: Гантулгын Алтанбагана
- -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
- +100 кг: Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр