Ихэнх залуу эцэг эхчүүдийн хувьд энэ сэдэв мэдэхгүй асуудлуудынх нь нэг байдаг. Хүүхдийн баас бүтэц, шинж байдлын хувьд олон янз байдаг тул зарим үед туршлагатай эцэг эхчүүдэд ч мэдэхгүй зүйл тохиолдох нь бий.
Энэхүү хүүхдийн баасын тухай зурагт мэдээлэл нь хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо хэвийн байгаа эсэх, хоол тэжээлийн байдал болон түүнийг хэрхэн шингээж байгаа талаар танд чухал мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ талаар та зохих мэдлэгтэй болсноор хэдийд анхаарал тавих ёстой, хэдийд санаа зовохгүй байж болох вэ гэдэг нь илүү тодорхой болох болно. Хүүхдийн баасны өнгө хар, улаан, цагаан өнгөтэй байвал шууд эмчтэй холбоо барих шаардлагатай. Ялангуяа нярай хүүхдийн баасын өнгө, тоо өөрчлөгдвөл эмчид хандахаас хэзээ ч битгий татгалзаарай.
Нярайн зунгаг
Хүүхэд төрсний дараах эхний хэд хоногт хар ногоон өнгөтэй, наалдамхай чанартай, нялцгай баас гаргадаг бөгөөд үүнийг зунгаг гэж нэрлэдэг. Энэ нь эхийн хэвлий дэх ургийн хөгжлийн явцад ураг орчмын шингэн, салс, арьсны эсүүд болон бусад залгигдсан зүйлсээс бүрдсэн байдаг. Зунгаг нь үнэргүй тул ихэвчлэн хүүхдийг хуурайлах үед л өтгөнөөр бие зассан болохыг мэддэг.
Төрсний дараах 2-4 дэх хоногт зунгагны өнгө нь өөрчлөгдөж цайвар ногоон, шаргал болохын зэрэгцээ наалдамхай чанар нь багасдаг. Ийнхүү баасны өнгө өөрчлөгдөж байгаа нь ангир уургаа шингээж эхлэж байгаагийн шинж бөгөөд тухайн нярайн хоол боловсруулах тогтолцоо хэвийн байгааг илтгэнэ.
Хөхний сүүний баас
Xэрэв таны хүүхэд хөхөөр хооллож байгаа бол түүний баас бага зэрэг ногоовтор өнгө нь аажим өөрлөгдөж шаргал өнгөтэй цөцгий шиг болно. Мөн суулгалттай төстэй усархаг байдалтай болж магадгүй. Хөхний сүүний баас нь шаргал өнгөтэй жигд бүтэцтэй байдаг. Сонирхолтой нь үнэр нь өвөрмөц, тийм ч эвгүй биш байдаг байна.
Хөхөөр хооллож байгаа үед хүүхдийн баасны байдал өөрчлөгдөж болно. Тухайлбал өнгө нь ногоовтор язмагтай болж хэвийн байдлаасаа өөр болж болох боловч ямар нэг өөр шинж тэмдэг илрэхгүй бол санаа зовохгүй байж болно. Хэрэв таны хөхөнд сүү гүйцэт ороогүй уураг гарч байгаа бол хүүхдийн баас цайвар ногоон өнгөтэй хөөсөрхөг, замаг шиг гарч магадгүй.
Эрүүл хооллолтын баас
Эрүүл хооллолтын баас нухаш шиг жигд бүтэцтэй, бор шаргал өнгөтэй байдаг. Харин үнэр нь хөхний сүүгээр хооллож байгаа үеийнхээс илүү хурц үнэртэй болно.
Төмрийн бэлдмэл хэрэглэсэн үеийн баас
Хэрэв та хүүхэддээ төмрийн нэмэлт бэлдмэл өгч байгаа бол баас нь хар ногоон эсвэл бүр хар өнгөтэй гарч болно. Заавал ийм байх албагүй ч энэ нь хэвийн зүйл гэдгийг санаарай.
Харин төмрийн бэлмдэл өгөөгүй байхад баас нь хар өнгөтэй гарвал заавал эмчид хандаж энэ нь мелена буюу боловсорч байгаа цус биш болохыг батлах шаардлагатай. Цус нь ходоодны хүчлийн нөлөөгөө хар өнгөтэй болж өтгөнөөр гардаг.
Бор хоолын баас
Бор хоолонд орж байгаа үед хүүдийн баасны байдал өөрлөгдөж эхлэдэг. Бор хоол идэж байгаа хүүхдийн баас бор эсвэл бор хүрэн өнгөтэй өтгөндүү бүтэцтэй болж үнэр нь том хүнийхтэй илүү төстэй болж ирдэг.
Дутуу боловсорсон хүнсийн зүйлстэй баас
Заримдаа таны хүүхдийн баасанд дутуу боловсорсон хүнсний зүйлийн хэсэг, эсвэл улаан цэнхэр, хар хөх өнгийн жижиг хэсгүүд илэрч магадгүй. Улаан хүрэн өнгө нь улаан манжин, улаан шар өнгө нь лууван, хар хөх өнгө нь нэрс зэргийн өнгө байж болно. Үүнд та санаа зовсны хэрэггүй. Энэ нь хүүхдийн идсэн хоол нарийн гэдсэнд бүрэн задарч боловсорч амжилгүй гарсантай холбоотой. Хүүхэд хоолоо идэх үедээ дутуу зажилж бүхлээр нь залгих, нэг төрлийн зүйлийг хэт их идэх үед ийм байдал ажиглагдаж болно.
Суулгалт
Энэ нь илүү усархаг байх бөгөөд шингэн хэсэг нь бүхэл хэсгээсээ хавьгүй илүү байдагаараа ялгаатай. Өнгөний хувьд шаргал, ногоо, бордуу өнгөтэй байхын зэрэгцээ хэмжээ ихтэй байдаг тул өлгийний даавуу болон живхийг нэвтлэж магадгүй. Суулгалт нь халдвар болон харшлын шинж тэмдэг байж болох тул цаг алдалгүй эмчилгээ хийхгүй бол хүүхдийг усгүйжилд амархан хүргэх аюултай. Хэрэв суулгалт олон тоотой, хэмжээ ихтэй эсвэл нэг өдрөөс удаан үргэлжлэх хандлагатай бол эмчид даруй хандаарай. Мөн суулгалт нь цусны судал, салс агуулсан байвал эмчид заавал үзүүлээрэй.
Өтгөн хатах
Хэрэв таны хүүхдийн баас хатуу, хэлбэржсэн байдалтай байвал өтгөн хаталт гэж нэрлэнэ. Энэ үед хүүхэд баахдаа мэдэгдэхүйц тавгүйтэхээс гадна бага зэргийн цустай баас гарч магадгүй. Хатуу баас гарахдаа хүүхдийн шулуун гэдсийг гэмтээснээс бага зэрэг цус гарч болно. Өтгөн хаталт ихэвчлэн бор хоолонд орсон хүүхдэд илрэхээс гадна сүү болон шар буурцгийн уурагт мэдрэг хүмүүст тохиолдоно. Хэрэв өтгөн хаталт илэрвэл эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч таны хүүхдэд ус, хар чавганы болон лийрийн шүүс өгөхийг зөвлөж магадгүй. Эдгээр нь хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хаталтыг багасгах болно.
Залхагтай баас
Зарим тохиолдолд хүүхдийн баас залхагтай гарч болно. Хүүхдийн баасны хажуугаар ногоовтор болон гялалзсан тунгалаг өнгөтэй өтгөвтөр зүйл гарч болох бөгөөд үүнийг залхаг гэж нэрлэдэг. Зарим үед шүлс болон салс шингээгүйн улмаас залхаг үүсч болно. Гэвч залхаг нь ихэвчлэн халдвар болон харшлын далд шинж тэмдэг болдог. Хэрэв энэ нь бусад шинж тэмдэгтэй хавсрах эсвэл хоёр хоногоос илүү удаан хугацаагаар гарвал эмчид үзүүлэх шаардлагатай.
Цустай баас
Зарим үед хүүхдийн баас тод улаан цустай эсвэл хар өнгөтэй боловсруулагдаж байгаа цустай гарч болно. Тод улаан цустай баас хэд хэдэн шалтгааны улмаас гарч болно. Хэрэв хүүхэд цустай баас гаргасан байвал эмчид заавал үзүүлээрэй.
- Бага зэрэг цусны судалтай хэвийн баас ихэвчлэн сүүний уурагт харшил өгсний улмаас үүсдэг.
- Хүүхдийн баас хатсан үед баас цустай гарч болох бөгөөд энэ нь баах үед хүүхдийн анус гэмтсэнээс шалтгаалдаг.
- Цусны хольцтой суулгах нь нянгийн халдвар авсныг илтгэнэ.
Хэрэв хөхний толгой хагарсан, цус гарч байгаа үед хүүхдээ хөхүүлсэнээс болж хүүхдийн баас хар өнгийн цусны хольтой гарч болзошгүй. Хөхний толгой хагаран цус гарч байгаа үед хүүхдээ хөхүүлэхээс татгалзаарай.
Эх сурвалж:eruuludam.mn