“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д оролцох Монгол Улсын шигшээ багийнхан өнөөдөр /2017.08.22/ Унгар улсыг зорино. “Говь” спорт цогцолборт үндсэн бэлтгэлээ базаасан жүдочдын түрүүч болон албаны хүмүүс энэ долоо хоногт багтан тэмцээн болох газарт тус тусын ээлжит нислэгээр очино.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотод болно.
Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас 19 жүдоч хүч үзнэ. Эрэгтэй 7 жинд манай улс есөн тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн есөн тамирчнаа сойж байгаа.
Дэлхийн аваргад оролцох бүрэлдэхүүнийг зарласнаас хойш эмэгтэйчүүдийн нэг жинд өөрчлөлт орсон байна. 70 кг-д өрсөлдөхөөр тодруулаад байсан Б.Хулан бэртсэн тул түүний оронд холимог багийн төрөлд оролцохоор бэлтгэлд хамрагдаад байсан Ц.Наранжаргалыг барилдуулахаар шийджээ.
“Женко” клубийн тамирчин Б.Хулангийн хувьд 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 70 жинд анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн юм.
“Рио-2016” олимпийн наадмаас хойш зохион байгуулагдаж байгаа хамгийн том, чухал тэмцээн болох дэлхийн аваргад өрсөлдөх жүдочдыг Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням удирдаж, дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нар ажиллана. Шүүгчдээс Олон улсын шүүгч Т.Энхцэцэг дэлхийн аваргыг дэнсэлнэ.
ДАШТ-д өрсөлдөх багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй
60 кг: Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин
66 кг: Ганболдын Хэрлэн
73 кг: Ганбаатарын Одбаяр
81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
90 кг: Гантулгын Алтанбагана
-100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
+100 кг: Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр
Эмэгтэй
48 кг: Мөнхбатын Уранцэцэг
52 кг: Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой
57 кг: Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн
63 кг: Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг
70 кг: Цэнд-Аюушийн Наранжаргал
+78 кг: Баттулгын Мөнхтуяа