ДАШТ :Манай эмэгтэй тамирчид багийн дүнгээр IV байр эзэллээ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парист үргэлжилж байгаа бөгөөд дөрөв дэх өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан болж, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөлөө.Эмэгтэйчүүдийн барилдааны хоёр дахь өдөр Монголын шигшээ багийн тамирчдаас 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл, Польшийн нээлттэй тэмцээн ОУТ-ий нэг алт, хошой мөнгө, Сассаригийн ОУТ-ий алт, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт, улсын гурван удаагийн аварга ОУХМ Баатаржавын Шоовдор шагналт тавдугаар байрт оров.


Гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглосон Б.Шоовдор Парисын дэвжээнд хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхлээд гоц мөргөсөн. Харин 1/8 шигшээ барилдаанд “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавайд 2:6-гаар ялагдсан ч өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан хийсэн юм. Дагах барилдаанд эхлээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Любовь Овчароватай барилдах байсан ч орос бүсгүй эхний тойрогт Японы бөхтэй барилдах үеэр бэртэл авснаар дэвжээн дээр гарч ирээгүй. Улмаар өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга Канадын Линда Мораисыг цэвэр дарж, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Шведийн Йоханна Матссонд 3:8-аар ялагдлаа.


Энэ өдөр барилдсан манай бусад бөхчүүдээс 48 кг-д ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл 18, 53 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 12, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа долдугаар байр эзэллээ.Нэг алт, дөрвөн шагналт байртай Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 25 оноогоор дөрөвдүгээр байрт орж, ирэх жилийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авлаа. Японы эмэгтэй бөхчүүд 60 оноогоор тасархай тэргүүлж, Беларусь, АНУ тус бүр 32 оноогоор удаалсан юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Японы Юү Сүсаки, 53 кг-д Беларусийн Ванесса Калазинская, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавай, 69 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга Сара Дошо нар түрүүллээ. Беларусь бүсгүй Калазинская таван жилийн дараа цолоо хамгаалсан бол япон бүсгүйчүүд анх удаа дэлхийн аварга болсон байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …