ДАШТ: Боксчдын сугалаа тодорчээ

Германы Хамбург хотноо өнөөдөр эхлэх насанд хүрэгчдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа тодорчээ.

Дэлхийн аваргад Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор хилийн дээс алхсан. Тодруулбал, 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар тус тус тулалдана. Тэдний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан билээ.

Манай тамирчдаас Б.Түвшинбат 69 кг-ын жинд Монголын багийн салхийг хагалж, 26-ны үдэш рингэнд гарах хуваарьтай байна.

Риогийн олимпийн хүрэл медальт Д.ОТГОНДАЛАЙ 60 кг-ын жинд тэмцээний чансаанд гуравт эрэмбэлэгдсэн тул дүрэм ёсоор урьдчилсан шатны эхний тулааныг өнжиж байна. Тэрбээр удаахь тойрогт Израилийн боксчин Павел Ищенко, Хятадын Шань Жунь нарын ялсантай нь тоглоно.

49 кг-д өрсөлдөх ГАН-ЭРДЭНЭ мөн эхний тойргийн тоглолтыг өнжих бөгөөд хоёрдугаар тойрогт Гондурасын Байрон Молина, Туркийн Мухаммед Унлу нарын ялсантай өрсөлдөхөөр болжээ.

64 кг-ын жинд Б.ЧИНЗОРИГ эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт шууд тулалдана. Дэлхийн аваргын рингэн дэх түүний эхний өрсөлдөгч нь Науру улсын тамирчин Колан Калеб, Унгарын Ричард Ковакс нарын ялагч байх болно.

Харин 69 кг-д эх орноо төлөөлж буй Б.ТҮВШИНБАТ эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиортой тулалдана. Тэдний тулаан бямба гаригийн орой /Монголын цагаар 27-ны шөнө/ болох хуваарьтай байна.

Монголын тамирчдаас Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар Монголын цагаар наймдугаар сарын 27-28-нд шилжих шөнө, харин Гавьяат тамирчин Д.Отгондалай 29-нд шилжих шөнө дэлхийн аваргын рингэнд эхний тулаанаа хийх юм байна.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …