Үнэртэй усыг хэрхэн түрхэх вэ?

Найзуудаа би ѳнѳѳдѳр үнэртэй усыг хэрхэн түрхэх тухай зѳвлѳгѳѳ ѳгьё. Заримдаа хүмүүс яагаад үнэртнийг арьсан дээрээ эсвэл хувцасан дээрээ түрхдэг вэ? гэж асуудаг. Хамгийн түрүүнд хэлэхэд ихэнхдээ сүрчгийг яг заавал арьсан дээр эсвэл хувцсан дээр түрхэхээр тусгайлан зориулан гаргасан албан ёсны ангилал байдаггүй. Гэхдээ маш цѳѳн тохиолдолд зарим сүрчгийг ѳѳр зориулалтаар түрхэхээр бүтээж болно. Жишээ Chanel – ийн “COCO MADEMOISELLE – PARFUM POUR LES CHEVEUX” гэсэн сүрчиг нь зѳвхѳн үсэнд цацахаар бүтээгдсэн байна. (“PARFUM POUR LES CHEVEUX” гэдэг нь “үсэнд зориулсан” гэсэн Франц үг)

Тиймээс үнэртэй усны бортого дээр ингэж тусгайлан тэмдэглээгүй бол ерѳнхийдѳѳ тухайн сүрчгийг нийтлэг маягаар хэрэглэнэ. Гэхдээ үнэртнийг арьсан дээр, эсвэл хувьцсан дээр эсвэл аль алин дээр зэрэг түрхэхийн хамгийн гол шалгуур бол тухайн сүрчигний нягтрал юм. За ингээд үнэртний нягтралуудыг бүлгээр нь авч үзье. Багачуудаа ойртон суугаарай.

1. Eau fraîche/Body splash/Eau de Cologne/Cologne/Eau de Toilette. Энэ бүлэгт үнэртэй усны байж болох хамгийн бага нягтралаас хамгийн нийтлэг нягтрал (дунджаар 1 – 10% үнэт тос орсон) – тай сүрчиг орно. Ихэвчлэн эдгээр сүрчигнүүд нь тунгалаг ѳнгѳтэй бѳгѳѳд илүү ѳндѳр нягтралтай үнэртнүүдтэй харьцуулбал илүү хурдан ууршина. Тиймээс энэ ангиллын сүрчгийг арьс болон хувцасан дээр аль алинд нь түрхэж болно. Гэхдээ мэдээж энэ бүлэгт хамрагдах ч гэсэн тод ѳтгѳн ѳнгѳтэй сүрчиг бол хувцсанд толбо үлдээх, хувьцасны ѳнгѳ хувиргах эрсдэлтэй.

2. Eau de Parfum/Extrême/Concentreé/Intense. Энэ бүлэгт үнэртэй усны хоёрдахь хамгийн нийтлэг нягтрал (дунджаар 10-15% үнэт тос орсон) – тай сүрчигнүүд орно. Энэ ангиллын сүрчгийг ерѳнхийдѳѳ арьс болон хувцасан дээр аль алин дээр нь түрхэж болох боловч арьсан дээр түрхсэн нь илүү дээр. Учир нь энэ бүлгийн үнэртнүүд нь (а) тунгалагаас гадна тод ѳтгѳн ѳнгѳтэй байдаг тул дээрхтэй ижил эрсдэлтэй (б) мѳн энэ бүлгийн сүрчгийг хүний арьсны дулаанд аажмаар ууршихаар бүтээсэн байдаг тул арьсан дээр түрхвэл ѳѳрийн үнэрээ илүү тод ялгаруулах боломж нь нээгдэнэ.

3. Parfum/Perfume/Pure Perfume/Extrait de Parfum/Perfume Extract/Attar/Solid Perfume. Энэ бүлэгт үнэртэй усны ѳндѳр нягтралаас, үнэртэй усны хүрч болох хамгийн ѳндѳр нягтрал ба цэвэр үнэт тос хэлбэрээр бүтээгдсэн (дунджаар 25-25% хүртэл ба түүнээс дээш хувийн үнэт тос орсон) сүрчигнүүд орох тул ихэвчлэн арьсан дээр түрхэнэ. Ялангуяа “Solid perfume” буюу тосон сүрчиг нь яг ѳтгѳн тос хэлбэрээр бүтээгддэг. Шалтгаан нь ѳмнѳх бүлэгтэй ижил. Эдгээр үнэртнийг арьсан дээрээ түрхэх бол яг хаанаа түрхэх вэ? Дээр дурдсан бүлгүүдээс эхний 1 ба 2 – д дурдсан бүлгийн сүрчгийг арьсан дээр түрхэх бол ерѳнхийдѳѳ хаанаа ч түрхэж болно. Хүзүү, шилэн хүзүү, гар, шуу, цээж, хүйс, гэдэс зэрэг.

Зарим хүмүүс сүрчигээ агаарт цацаад тэгээд доор нь зогсох, нэвтэлж алхах мэтээр түрхдэг юм билээ. Энд буруу зүйл байхгүй ч миний хувьд бол гарз мэт санагдах юм. Харин 3 дугаар бүлэгт хамрагдах сүрчгийг мэдрэмтгий нимгэн арьстай, судас илүү ойр байдаг буюу хүний биеийн дулаан хамгийн их мэдрэгддэг хэсгүүд болох хүзүү, чихны ард хонхорхой, бугалганы судас, тохойны эсрэг тал эсвэл зун юбка ѳмсдѳг бүсгүйчүүд бол ѳвдѳгний ард гэх мэт газруудад түрхэнэ. Мѳн зарим бүсгүйчүүд (…. …….. …) – д түрхдэг. (Энэ хэсгийг таны уран сэтгэмжид үлдээхээс, жаахан хүүхдүүд нүд, чихээ таглаарай)

Арьсан дээр түрхсэний дараа хуруугаараа зѳѳлхѳн тарааж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд хурдан үрэх хэрэггүй. Учир нь үрэлтийн улмаас таны арьс бас сүрчиг халж тухайн үнэртэнд агуулагдсан үнэт тоснууд цагаасаа ѳмнѳ ууршиж орхино.

Анхаарал тавьсанд баярлалаа!

ҮНЭРТЭЙ УСАНД ДУРЛАГСДЫН КЛУБ – Mongolian Fragrance Lovers

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …