М.Мягмар: “Guys”-ийн 20 жил тэр чигээрээ гоё дурсамж

Аавын хүү байсан би

Хүүгийн аав боллоо
Хан тэнгэр шиг
Хангайн уулс шиг түшигтэй таныхаа
Хайраас үсэрсэн оч нь би болохоор удмынхаа галыг бадраана аа, Аав аа…

Аавын дуугаар “цангасан” бидний сэтгэл зүрхэнд өнгөрсөн наймдугаар сараас хойш эгшиглүүлсэн “Guys” хамтлагийн ахлагч М.Мягмарын ярилцлагыг танд хүргэж байна.

-Яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Европын орнуудад ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа монголчуудын дунд жил бүр уламжлал болгон спортын наадам, өдөрлөг болдог юм байна.

Европын аль ч улсад байсан, зохион байгуулж буй хотод нь монголчууд цуглаж, сагс болон хөл бөмбөгийн тэмцээнд оролцдог. Маш удаан уулзаагүй хүмүүс уулзацгааж, хэсэг хугацааг зугаатай өнгөрүүлээд буцдаг юм байна. Тэр арга хэмжээнд оролцож буй монголчууддаа ая дуугаа хүргэх урлагийн бригад явж байгаа. Түүнд оролцох бэлтгэл ажил хийж байна.

-Хамтлагаараа явах уу?

-Үгүй, хувиараа. Удахгүй явна.

-“Guys” хамтлагаар сонин сайхан юу байна вэ?

-Энэ жил манай хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа. Хамтлагийнхаа ойг угтаж, тус тусдаа бие даасан уран бүтээл хийхээр, бэлтгэлдээ орцгоосон. Манай гурав кино хийж байгаа. Би өөрөө ганцаараа дуулсан дуугаараа, илүү уран бүтээл гаргая гэж бодсон. Миний хувьд явдал, суудал их байгаа учир кино руу орох бодолгүй байна.

-Танай хамтлагийнхны түүхийг өгүүлсэн кино зохиол байдаг гэсэн. Түүнийгээ 10 жил хадгалж байгаа гэж сонсож байлаа. Тэр зохиол мөн үү?

-Тэр бол бидний өөрсдийн хамтын хүчээр хийх кино. Зохиолч Соргодогийн Жаргалсайхан агсны хамгийн сүүлд бичсэн “Ганцхан зүрхний хайр” гэдэг кино зохиол байдаг юм. Түүнийгээ бид одоо болтол дараад л байж байна.

-Уг нь 20 жилийн ойгоо тохиолдуулж гаргана гэж байсан. Цаг хугацааны хувьд амжихааргүй болж байна уу?

-Тийм. Гэхдээ уран бүтээл гэдэг заавал цаг хугацаанд шахагдаж гардаг зүйл биш. Уран бүтээл гэдэг төрөх цагаа ирэхээр бүх тохироо нь бүрдсэн үед гардаг. Янз бүрийн ажил, үүргийн нийлэмжээс бүрдэж гардаг учир тэр тохироог бүрдүүлнэ гэдэг асуудалтай.

-Хамгийн сүүлд аавууддаа зориулан “Захиа” дууг гаргасан. Энэ дууныхаа санааг яаж олсон бэ?

-Тэр ургамал санаа гэх юм уу даа. “Байна уу, ээжээ” дуу гарснаас ургасан юм. “Байна уу, ээжээ” дууг гарсны дараа маш олон залуучууд “Байна уу, ааваа” гэдэг дуу, гаргаач гэдэг санал, хүсэлтийг ирүүлсэн. Тэр хүсэлтүүд энэ бүтээлийг төрүүлсэн. “Байна уу, ээжээ” дууг гаргасан юм чинь яагаад ‘‘Байна уу, ааваа” ч юм уу тийм дуу гаргаж болохгүй гэж гэдэг бодлыг тэр цагаас хойш тээх болсон.

Үүнээс хойш өнгөрсөн дөрөвдүгээр сарыг хүртэлх хугацаанд тархинд байсан бодлоо ажил болгосон юм. Наймдугаар сарын 8-нд “Аавуудын өдөр” болдог юм байна лээ. Энэ өдөр дуугаа албан ёсоор клиптэй нь цацсан. Ийм л учиртай уран бүтээл.

-Өөрийн тань аав болсон мэдрэмжтэй бас холбоотой болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Хүн аав, ээжийн хүүхэд байж байгаад өөрөө үр хүүхэдтэй болно гэдэг миний өмнө нь үзэж байсан төрсөн өдрүүдээс илүү, өөр мэдрэмж байсан. Тэгээд хүүхдээ төрөхөд “Аавын хүү байсан би хүүгийн аав боллоо” гэдэг үгийг фэйсбүүктээ хуваалцаж байсан юм. Энэ үг дуу үүсэх гол шалтгаан болж, явсаар дуу болж бүтсэн. Тиймээс яалт ч үгүй энэ дуу аав болох мэдрэмжтэй шууд холбоотой.

-Танай хамтлагийн хувьд байгуулагдаад 20 жил боллоо. Мартагдахааргүй хамгийн нандин дурсамжаасаа хуваалцаач?

-Эндээс онцлоод байхаар юм байхгүй. Хамтлаг нь өөрөө хамгийн нь байгаа юм. Хамтлаг байгаагүй бол бидний дотоод бүх мэдрэмж байхгүй байх байсан. Бид 1997 онд СУИС-ийн кино драмын ангийн нэг ангид орж, хамтлаг байгуулах хүсэл мөрөөдлөө нэгтгэж, хамтлагаа байгуулан, өдийг хүрсэн. Энэ нь өөрөө хамгийн том дурсамж. 20 жилийн дурсамжаас хамгийн гэвэл маш их юм бий.

-Жүжигчний ангийн дөрвөн залуу анх дуу дуулж байхад ямар байсан бэ. Хүндрэлтэй зүйл гарч байсан уу?

-Хүндрэлтэй нь ч юу байх вэ. Дуртай зүйлээ хийж байгаа юм чинь 17, 18 настай дөрвөн хүүхэд анх хамтлаг байгуулна гэж эхлээд тэр “хар” зоригоороо гурван дуу гаргаж эфирт өгсөн. Гурвуулаа хит болчихсон. Тэгээд л буцах замгүй болсон доо. Түүндээ урамшиж, хийсэн уран бүтээл болгон нь хүмүүст хүрч, нэг мэдсэн 20 жил өнгөрчихсөн байна.

-Таны хувьд нэлээд содон дуу хоолойтой. Тийм болохоороо ч эмэгтэйчүүдийг өөртөө татаж чаддаг…

-Хаана татчихсан байна. Баримттай ярина шүү. (инээв)

-Би “Мартагдашгүй” тоглолтыг маш сайн санаж байна. Таныг дуулах мөчид бүсгүйчүүдийн орилох тэр чимээ одоо ч тод сонсогдож байна?

-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Би үүнтэй санал нийлдэггүй. Яагаад гэвэл дуу нь өөрөө их гоё. Хүмүүсийн сонсохыг хүссэн, дуулаасай гэж хүссэн тэр хэсгийг дуулахаар хүн баясдаг. Дуу эхлэхэд хүмүүс баярласнаа гаргаж буй илэрхийлэл нь тэр юм. Түүнээс намайг дуулахаар тэгж байгаа юм биш.

 

үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …