Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчийн нэр тодорлоо.
Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан Шатрын Өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин боллоо.
ФИДЕ мастер Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн дэх анхны эрэгтэй шатарчин болсон юм. 1974 оноос эхтэй энэхүү тэмцээнд домогт шатарчид болох Г.Каспаров, В.Крамник, Ю.Полгар нар түрүүлж, агуу карьерынхаа эхлэлийг тавьж байсан түүхтэй. Сонирхуулахад, Монголын эмэгтэй шатарчдаас уг тэмцээнд Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар 10 болон 8 насны ангилалд тус бүр түрүүлж байсан ажээ.
Шалгаруулалтын 2-р байрт 3×3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аваргаар тодорсон баг орсон бол 3-р байрт өнгөрсөн сарын шилдэг тамирчин, чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга болсон П.Орхон нэрлэгджээ.
“Сарын шилдэг тамирчин” шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм.
Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Сарын Шилдэг Тамирчин” шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.
Сарын шилдэг тамирчнаар тодорсон Д.Батсүрэнд шагнал олгох ёслолын ажиллагаа МҮОХ-ны төв байранд 10-р сарын 27-ны өдөр явагдахаар төлөвлөгдөж байна.
ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАЛГАРУУЛАЛТАНД НЭР ДЭВШИГЧИД
- М.Анхцэцэг – хүндийг өргөлт, “Ашгабат 2017” алтан медаль Д.Батсүрэн – шатар, Өсвөрийн ДАШТ, алтан медаль
- Ц.Батцэцэг – жюү жицү бөх, “Ашгабат 2017” алтан медаль Д.Бямбадорж – Сумо бөх, Нацү башёд түрүүлсэн
- О.Мөнхцэцэг – бүстэй барилдаан, “Ашгабат 2017” гурван алтан медаль П.Орхон – чөлөөт бөх, Армийн ДАШТ, алтан медаль
- Г.Отгонжаргал – чөлөөт бөх, Армийн ДАШТ, алтан медаль Эрчим – хөлбөмбөг, Үндэсний лигийн аварга
- 3×3 сагсан бөмбөгийн баг – Оюутны дэлхийн аварга
ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН
- Д.Батсүрэн – 17.5%
- 3×3 – 17.4%
- П.Орхон – 14.1%
- М.Анхцэцэг – 10.7%
- Ц.Батцэцэг – 10.3%
- Эрчим – 8.7%
- Д.Бямбадорж – 8.6%
- О.Мөнхцэцэг – 6.4%
- Г.Отгонжаргал – 6.3%
ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАЛГАРУУЛАЛТЫН ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ҮР ДҮН
- О.Мөнхцэцэг – 5%
- Г.Отгонжаргал – 8%
- 3×3 – 12%
- П.Орхон – 21%
- М.Анхцэцэг – 10%
- Д.Батсүрэн – 20%
- Ц.Батцэцэг – 16%
- Эрчим – 5%
- Д.Бямбадорж – 3%
ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАЛГАРУУЛАЛТЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН САНАЛ АСУУЛГЫН ҮР ДҮН
- О.Мөнхцэцэг – 7%
- П.Орхон – 7%
- Г.Отгонжаргал – 5%
- Ц.Батцэцэг – 5%
- 3×3 – 23%
- Эрчим – 13%
- Д.Бямбадорж – 14%
- Д.Батсүрэн – 15%
- М.Анхцэцэг – 11%
САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
Сарын шилдэг тамирчинг шалгаруулахдаа дараах дүрмийг баримтална.
- Олон нийтийн санал асуулга – 50 хувь
- Спортын сэтгүүлчдийн санал – 50 хувь
Санал асуулгад оролцогчид гурван тамирчинд санал өгөх бөгөөд эхний санал 3 оноо, дараагийн санал 2 оноо, сүүлийн санал 1 оноогоор үнэлэгдэн тооцогдох болно.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо