Гэтэл Монголчууд хүнсний хэрэглээнд тэргүүлэх байр суурь эзэлсээр байна. Уг нь бид гаднаас орж ирсэн химийн найрлага, өөрчлөлттэй тос хэрэглээд эрүүл мэндээрээ хохироод суух ард түмэн биш юм. Мал сүргийнхээ буянаар экологийн цэвэр тос хэрэглэх бүрэн боломжтой. Гэвч манай төр засагт иргэдийнхээ эрүүл мэндийг бодох сийрэг толгойтон алга гэж бодогдож байна. Транс тос бол импортын бүтээгдэхүүн. Дийлэнх нь ОХУ-аас орж ирдэг талаар албаны хүн мэдээлж байсан. Тэгэхээр импорт дээр л хязгаарлалт хийчихвэл асуудал шийдэгдэнэ. Гэвч тийм хүсэл сонирхол манай түшээдэд алга. Тэгээд л зүрх судасны өвчлөлөөр дэлхийд тэргүүлж, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг нь мэдсээр байж лангуун дээрээ транс тос худалдаж, хэдхэн бизнес эрхлэгчийн халаасыг дүүргэж байна. Одоо яах вэ. Бид ямар арга хэмжээ авбал транс тосны хэрэглээг хязгаарлаж чадах вэ.
Энэ асуудлыг анх Эрүүл мэндийн сайд асан Ж.Амарсанаа дэвшүүлж байсан юм. Тиймээс түүнтэй уулзаж, ямар гарц, гаргалгаа байгаа талаар ярилцлаа.
-Таны хувьд транс тос эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн анх дуугарч байсан хүн. Гэвч хэрэглээг хязгаарлаж, хориглосон зүйл алга. Энэ ямар учиртай вэ?
-Эрүүл мэндийн яам “Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр”-ийг баталж байсан. Тухайн үед би дэд сайдаар ажиллаж байхдаа энэ хөтөлбөрийн боловсруулалцсан. Тус хөтөлбөрт транс тосны хэрэглээг үе шаттайгаар бууруулах, импортыг таслан зогсоох утга агуулгатай заалтууд орсон байдаг.
Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөр учраас бүх яам, агентлагууд хэрэгжүүлэх ёстой ч хангалтгүй байна. Уг нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас транс тосыг хязгаарлахтай холбоотой журам боловсруулах учиртай байсан. Гэвч энэ журам хэзээ боловсруулагдаж, дагаж мөрдөх нь одоогоор тодорхойгүй байна. Миний мэдэхийн боловсруулж байна гээд хоёр жил орчим хугацаа өнгөрчихлөө. Ж.Эрдэнэбатын Засгийн газар транс тосны хэрэглээг хязгаарлаж иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах тал дээр ямар ч ажил хийсэнгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулна гэж найдаж байна. Бидэнд цаг хугацаа бага үлдсэн гэдгийг бүгд анхаарах ёстой.
-Транс тосыг хүний эрүүл мэндэд шальтай нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн юм болов уу?
-Транс тосыг эрүүл мэндэд хортой гэдгийг шинжлэх ухаанаар тогтоочихсон ч бид идсээр л байна. Химийн урвалд орсон энэхүү тосны хамгийн гол хэрэглэгч нь гурилан бүтээгдэхүүн боов, боорцог үйлдвэрлэгчид байна. Мөн бэлнээр худалдаж аваад масло, цөцгийн тостой хольж, бидэнд мэдэгдэхгүй болгож зардаг болжээ. Тэгэхээр бид л хүнснийхээ хэрэглээнд хяналт тавьж сурах хэрэгтэй. Ялгаж, салгахад бэрх л дээ. Зарим нь транс тосыг шууд талхан дээр түрхээд идэж байна. Зарим нь нүдэнд харагдахгүй байдлаар хэрэглэж байгаа. Үйлдвэрт боловсруулсан, шинжилгээ судалгаанд харагдахгүй болгочихсон бүтээгдэхүүнүүдийг ялгаж хэрэглээнээс хасна гэдэг үнэхээр бэрх юм.
Сэтгэл эмзэглүүлмээр нэг зүйл саяхан болсон. Миний таньдаг хүн нарийн боовны цех ажиллуулдаг юм. Тэгээд би түүнээс “транс тос хэрэглэж байна уу” гэтэл “Хэрэглэхээс өөр яах юм бэ. Нарийн боовны бүх газар тэр тосыг л хэрэглэж байна” гэлээ. Би их эмзэглэсэн. Транс тосны хэрэглээ ямар өргөн хүрээнд чимээгүй бидний ходоод руу орж байгаа нэг жишээ энэ.
Иргэд үйлдвэрт очоод бүтээгдэхүүний орц найрлагад юу орсныг шалгах эрх, үүрэг байхгүй
-Бүтээгдэхүүний хаяг, шошго дээр транс тос хэрэглэсэн гээд тэмдэглэчихвэл иргэд ялгаж, салгахад амархан болох байх л даа?
-Шошго дээр тэмдэглэгээ хийдэг болсон байна лээ. Гэхдээ хийхгүй нөхөд бас бий. Цөцгийн тос гэсэн тэмдэглэгээтэй ч харагддаг болсон байсан. Гэвч үнэхээр цөцгийн тос хэрэглээд байна уу үгүй юу гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага л тогтоох юм. Иргэд хүнсний үйлдвэрт очоод бүтээгдэхүүний орц, найрлагад юу орсон бэ гээд шалгах эрх, үүрэг байхгүй шүү дээ. Тэгэхээр хяналтын байгууллага ажлаа сайн хийж цөцгийн тос гэсэн тэмдэглэгээ нь цэвэр цөцгийн тосыг хэлээд байна уу, эсвэл ямар нэгэн химийн найрлагатай тос уу гэдгийг нь ялгаж зааглах хэрэгтэй байна. Тэр тохиолдолд хэрэглэгч худалдан авалтдаа анхаарах боломжтой. Түүнээс одоо бол ямар хүнсний бүтээгдэхүүнд хэр хэмжээний транс тос хэрэглээд байгаа тухай ямар ч мэдээлэл, түүхгүй хүнсний бүтээгдэхүүнүүд шууд худалдаанд гарч байна.
-Одоо яах ёстой вэ?
-Салбар яамнаас журмаа эхний ээлжинд хурдан боловсруулж гаргах шаардлагатай. Журам гарчихвал мэргэжлийн хяналтынхан түүний дагуу ажлаа хийнэ. Уг нь “Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр”-ийн дагуу ажиллах боломжтой л доо. Гэвч зарим нөхөд эрх, үүрэг яриад хяналт шалгалтын ажлаас хойш суугаад байх шиг харагддаг.
-Яг ямар бүтээгдэхүүнд транс тос их хэрэглэж байна гэсэн мэдээлэл, судалгаа бий юу?
-Нүдэнд харагдахгүй транс тосны хэрэглээ их байна. Боов, боорцогт ихэвчлэн хэрэглэж байгаа. Мөн зөөлөн чихэрлэг вафли, наполеон тоорт гээд тэр чигтээ транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Нарийн боовны газрууд бялуу, өрмөнцөр хийхдээ транс тосыг шууд л ашигладаг. Зайрмагны цехүүд ч ашигладаг болохыг тогтоосон. Ингээд нүдэнд ил харагдахгүй байдлаар транс тос хэрэглээнд орчихоод байна л даа. Тийм учраас шууд хязгаарлалт хийхэд амаргүй байгаа байх.
Транс тос импортлодог, үйлдвэрлэдэг компаниудын лобби байна уу
-Та Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа транс тосны хэрэглээг хязгаарлах чиглэлд ямар ажил хийсэн бэ?
-Транс тосыг хязгаарлах, таслан зогсоох, энэ чиглэлээр ажил хийх нь Эрүүл мэндийн яамны ажил биш. Энгийнээр тайлбарлахад бид “эрүүл мэндэд хортой юм байна” гэсэн асуудлыг дэвшүүлээд Засгийн газарт танилцуулж, хөтөлбөрөө батлуулсан. Эрүүл мэндийн яамнаас ажлаа хийсэн.Одоо Эрүүл мэндийн яамнаас хүсэх зүйл байхгүй. Хортойг нь баталж, хэрэглээг таслан зогсоогооч ээ гэдэг анхааруулгыг үндэсний хөтөлбөртөө тусгачихсан. Одоо гол хийх ажил мэргэжлийн хяналт, хүнс хөдөө аж ахуйн яам дээр л байна. Ялангуяа ХХААХҮЯ транс тосны хэрэглээг хязгаарлах тал дээр голлож ажиллаж үүрэгтэй. Энд транс тос импортлодог, үйлдвэрлэдэг компаниудын лобби байна уу гэж би хувьдаа хардаж байгаа. Хөтөлбөр батлагдчихаад байхад журам одоо хүртэл таг чиг. Шинэ сайд Б.Батзоригийн хамгийн эхэнд барьж ажиллах ёстой ажил бол ард түмнээ эрүүл аюулгүй хүнсээр хангах юм. Яаж ажиллахыг нь харж байя. Болохгүй бол шаардлагаа өргөн барина даа.
-Дэлхийн улс орнууд дуу нэгтэйгээр транс тосноос татгалзаж байна. Монгол яагаад татгалзаж болохгүй байгаа юм бэ. Транс тосыг орлох эрүүл хүнс манайд байхгүй гэж үү?
-Бид транс тосноос татгалзах бүрэн боломжтой. Монгол Улс чинь уламжлалт эрүүл хоол, хүнсээр бүрэн хангагдсан. Дан экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн улс, үндэстэн. Тос л гэхэд цэвэр цөцгийн тос, зөөхий, шар тос, цагаан тос зэргийг хэрэглэдэг байсан. Мөн экологийн цэвэр бүтээгдэхүүний их нөөцтэй орон. Тийм ч учраас химийн найрлага бүхий транс тосыг хэрэглэх ямар ч шаардлагагүй. Малчдаа дэмжээд экологийн цэвэр бүтээгдэхүүнээ хэрэглэх бүрэн боломжтой. Яах вэ, их хэмжээгээр үйлдвэрлэхэд муудах, хадгалалтын шаардлага хангахгүй байх гэсэн асуудлууд бий. Мөн транс тосыг бодвол цэвэр бүтээгдэхүүн арай үнэтэй байгаа. Энэ шалтгаанууд транс тосны хэрэглээ буюу зах зээлийг бий болгоод байна л даа.
“Та бүхэн ард түмнийхээ эрүүл мэндийг бодож, иргэнийхээ үүргийг ухамсарлаад транс тосноос татгалзчихаач ээ” гэж Хүнс үйлдвэрлэгчдэд уриалмаар санагдаад байдаг юм.
Надад нөлөө үзүүлэх ямар ч эрх мэдэл байгаагүй
-Транс тосны хэрэглээ дунд сургуулийн галт тогоонд их байна гэсэн дүгнэлтийг та танилцуулж байсан. Энэ талаар тайлбарлаач?
-Дэд сайдаар ажиллаж байхдаа транс тосны хэрэглээ ямар түвшинд байна вэ гэдгийг шалгахаар хэд, хэдэн дунд сургуулийн галт тогоогоор орсон юм. Гэвч тун таагүй үр дүн гаргасан л даа. Бүгд транс тос хэрэглэж байсан. Бидний хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хоол, хүнсний хэрэглээ гэдэг чинь бүр цэцэрлэг, сургуулиас эхэлдэг байх нь. Ийм байхад бид яаж зүрх, судасны өвчлөлөө багасгах юм бэ.
Монгол Улс цус харвалтын нас баралтаараа дэлхийд хоёр дугаарт бичигдэж байна. Даралт ихсэх, зүрх судасны гаралтай өвчлөлөөрөө бүс нутагтаа нэлээд дээгүүр орж байна. Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь зүрх судасны өвчин шүү дээ. Тэгсэн хэрнээ бид зүрх судасны өвчлөлтэй хамгийн их холбоотой гэж яригдаад байгаа транс тосыг хязгаарлаж, хориглож чадахгүй байгааг үнэхээр гайхаад барахгүй нь.
-Таныг уг асуудлыг дэвшүүлсэн шигээ хэрэглээнд нь хязгаарлалт тавих хэмжээний эрх мэдэлтэй гэж ойлгоод байх юм. Дэд сайдаар ажиллаж байхдаа хэрэглээг хязгаарлах чиглэлд юу хийсэн бэ?
-Надад нөлөө үзүүлэх ямар ч эрх мэдэл байгаагүй. Би тухайн үед дэд сайдаас гадна Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байсан. Иргэдийн хурлын төлөөлөгч зөвлөмж л гаргадаг. Зөвлөмжийг хотын дарга, Нийслэлийн Боловсролын газрын дарга нар хүргүүлж байсан.
Тухайн үед Нийслэлийн Боловсролын газрын дарга “Бид транс тосны хэрэглээг цэцэрлэгийн хэмжээнд хязгаарлаж чадлаа. Харин дунд сургуулийн асуудал үлдээд байна. Үүн дээр санхүүгийн бага зэрэг асуудал байгаа” гэсэн тайлбарыг өгч байсан юм. “Та нар санхүүгийн асуудал гэж юу яриад байгаа юм бэ. Эрүүл мэндийн асуудлаа нэгдүгээрт тавих ёстой байтал мөнгөний асуудал яриад байх юм” гэж хэлж байсан л даа. 2016 оны эхэн үеийн асуудал юм. Хэдхэн сарын дараа засаг солигдоод явчихсан. Одоо энэ асуудал ямар шатанд яваа вэ, дунд сургуулиудын галт тогоо, эргэн тойронд транс тостой бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаж чадсан уу гэдгийг шалгах цаг болсон. Үүнийг манай мэргэжлийн хяналтынхан л хийх учиртай.
–Мэргэжлийн хяналтынханд таслан зогсоох эрх мэдэл байдаггүй юм биш үү?
-Мэргэжлийн хяналтаас шалгаад, акт тавьж, сануулга өгөөд байвал шал өөр болдог шүү дээ. Засаг даргад өгсөн миний зөвлөмж бий. Түүнийг бариад хяналт шалгалт хйигээд явсан ч болохоор. Ор хоосон биш гарт нь барих бодлогын бичиг баримт байна. Хүнс тэжээлийн үндэсний хөтөлбөр бас байна. Түүнийг бариад хэрэгжүүлээд явахад хэн ч хориг саад хийхгүй.Гэвч нэг л хойрго хандаад байх шиг.
Хэдхэн бизнес эрхлэгчдийг дэмжиж салбарын яам журмаа боловсруулахгүй цаг хугацаа алдсаар байна уу. Транс том хүний биед хортой, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрчихөөд байхад хил давж орж ирсээр байгаа шалтгааныг “лобби байна” гэж хардахаас аргагүйд хүргэж байна. Дунд сургуулийн галт тогоонд, сургууль тойрсон хүнсний дэлгүүрүүдэд зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан болж буй транс тосыг ихээр агуулсан бүтээгдэхүүнүүд худалдаалагдсаар байх уу. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хэзээ журмаа боловсруулж, хэзээ транс тосны хэрэглээг хязгаарлах вэ. Тэр мэдээж иргнэдээ эрүүл хүнсээр хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэйгээ мартахгүй байх. Шинэ сайдууд асуудлыг соргогоор мэдэрч, ямархуу хурдтай ажиллахыг цаг хугацаа харуулах биз ээ.