Өнөөдөр “Урчуудын эвлэл”-ийн үзэсгэлэнгийн танхимд Өвөр Монголын гэрэл зурагчдын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг үзэсгэлэнд нийт 30 мэргэжлийн гэрэл зурагчны 60 гаруй бүтээл дэлгэгдлээ. Эдгээр нь бүгд Өвөр Монголын Хянган аймгийн үзэсгэлэнт газруудын зураг бөгөөд байгаль дээрх зүйлсийн өнгийг тод, нарийн ялгалтайгаар харуулж өгснөөрөө онцлогтой үзэсгэлэн болж байна.
Үзэсгэлэнг Өвөр Монголын Хөх хотод суугаа Монголын Консул, Өвөр Монголын аялал жуулчлалын газар, Өвөр Монголын Найртай кино соёл урлагийн компани хамтран зохион байгуулж байна. Голдуу Хянган аймгийн Рашаан хотын байгалийн үзэмжийг онцолсон байна. Уг хотод Монголын ард түмэн амарч, зугаалах бүрэн боломжтой юм.
Энэхүү үзэсгэлэнг энэ сарын сүүлээр Дорнод аймагт гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Үзэсгэлэнд мэргэжлийн гэрэл зурагчдын төлөөллүүдээс гадна Өвөр Монголын Хөх хотод суугаа Монголын Консул Д.Мөнхэрдэнэ, Хянган аймгийн гэрэл зургийн холбооны тэргүүлэгч Жу Хао Юү зэрэг албаны хүмүүс иржээ.
Үзэсгэлэнг үзэж сонирхсон хүмүүсийн сэтгэгдлээс асуухад Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Г.Аким гуай “Би өөрөө гэрэл зураг сонирхдог. Хянган аймгийн байгалийн өнгийг харуулсан сайхан гэрэл зургууд байна.” гэсийм.
Б.Халиун