Ууланд осгох, одой байх, аянганд ниргүүлэх, хүйсээ солиулах, саран дээр очих, сансарт нисэх, мөсөн туйлд хүрэх, үхээд сэхэх… Ийм онцгой тохиолдлуудад хүн ер нь яадаг бол?
Мэдээж сайхан зүйлтэй учирсан нэгний сэтгэл хөдлөл туйлдаа хүрч, баярлана. Харин бусдаас гаж байгаадаа гутарсан нэг нь магадгүй хааяахан үхэлтэй “ярьдгийг” үгүйсгэхгүй. Үхэлтэй тулж үзсэн нэг нь амьдрал руу тэчъяадан тэмүүлж, шунан дурласан байгаа.
Энэ мэтээр ургуулан бодвол янз бүрийн л дүрслэл гарах биз. Гэхдээ өөрийн биеэр туулж мэдээгүй л бол яаж ч таамаглаад тухайн зүйлийг мэдэрсэн хүнийх шиг сэтгэгдэл, мэдрэмж төрөхгүй нь гарцаагүй. Тэгвэл тийм ховор зүйлтэй учирч, эерэг, эсвэл эсрэг шокийн туйлд хүрч үзсэн хүмүүсээс тэр үед ямар байсан, юу мэдэрснийг нь асуувал илүү бодитой, сонирхолтой байх нь мэдээж.
Хачирхалтай, сонин, бахархам, бас аймаар гээд янз бүрийн үйл явдлыг биеэрээ туулж, мэдэрсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн ертөнцийг тольдуулах зорилготой “Мэдрэмжийн шок” энэ удаа амьд явах хэчнээн сайхныг улам мэдэрсэн нэгэн бүсгүйтэй холбогдлоо. Тэр бол монголчуудын нэгэн бахархал болсон хийлч Ч.Дэлгэрцэцэг. Энэ сарын дундуур Австралийн Сидней хотод зохион байгуулсан буяны тоглолтод оролцоод тэрбээр Индонезийн Бали арал руу “AirAsia” компанийн онгоцоор нисчээ. Түүний сууж явсан онгоц хөөрснөөсөө нэг цаг орчмын дараа буюу тодорхой хэмжээнд өндрөө авснаас хойш техникийн саатлын улмаас ослын буулт хийхээс өөр аргагүйд хүрчээ.
Хүн айхаараа үйл хөдлөлөө хянах чадвараа алдаж, сэтгэл хөдлөлөөр хандсанаас байдлыг улам дордуулдаг болохыг судлаачид онцолдог. Тэгвэл Дээгий амь дүйсэн эгзэгтэй мөчид айж сандрахаас илүүтэй нөхцөл байдлыг зөв хүлээн авч, самбаачлан гар утсаараа зураг авч, баримтжуулж амжжээ. Энэ нь түүний бас нэгэн мөн чанарыг харуулсан явдал. Үхэл ойрхон байгааг мэдрэх ямар байдгийг, тэгээд бүр хайртай ээж, эгч, ханьтаыйгаа хамт явж байгаад ийм зүйлтэй учрахад хүний сэтгэл юу мэдэрч, яадгийг түүнээс асуулаа.
-Та фэйсбүүк хуудсандаа “Онгоцны үйлчлэгч чанга дуугаар хашгирч, зорчигчдыг айлгаж, шоконд оруулсан” гэж бичсэн байсан. Дотоод дүрмээрээ бол онгоцны бүхээгт ажил үүрэг гүйцэтгэж буй нисгэгч, үйлчлэгч нар орилж хашгирах нь хориотой. Гэнэт л үйлчлэгч бүсгүй чанга яригчгүйгээр зүгээр л хашгираад унахаар та чухам юу бодсон бэ?
-Би ээж, эгч, нөхөртэйгөө онгоцны сүүл хэсэгт сууж таарсан юм. Үйлчлэгч учиргүй орилж, хашгираад эхлэхээр гайхаад, хүмүүс хоорондоо хэрэлдэж, муудалцаж байгаа юм болов уу гэж бодож байтал “Бүгдээрээ тонгой, толгойгоо доошлуул” гэсэн үг их тод сонсогдсон. Тэгэхээр нь л “За, буутай нөхдүүд ороод ирж” гэж бодлоо. Ер нь гэнэтийн зүйл гэдэг их сонин байдаг юм билээ. Ёстой л шоконд орно гэдэг нь тэр байх. Ээж ч гэсэн “Нөгөө террорист гэдэг нь ороод ирсэн юм болов уу” гэж бодсон гэсэн.
-Хүмүүс сандарч, юу болж буйг ухаарах сөхөөгүй шахуу байхад хүчилтөрөгчийн баг автоматаар задрахад та нөхцөл байдлыг зөв ойлгож эхэлсэн үү?
-Зорчигчид шуугиад, онгоц дайвалзаж эхлэхэд суудлын дээрээс хүчилтөрөгчийн баг буугаад ирсэн. Тэгэхэд л “Юу билээ” гэж сэрхийсэн. Онгоц далай дээгүүр нисэж явсан болохоор хүмүүс суудлынхаа доороос ослын хантааз гаргаж өмсөөд, бүсээ бэхлээд, багаа зүүцгээсэн.
-За, ямар ч байсан амь дүйсэн мөч ирлээ гэдгийг бүгд ойлгожээ. Тийм байдалд орохоороо хүн яадаг бол. Зарим хүн туулсан амьдралаа кино үзэж байгаа мэт харсан гэдэг. Эсвэл хэнийг гомдоосон билээ гэж бодсон гэж ярьсан нь бий. Та тэр мөчид юу бодсон бэ?
-Тэрүүхэн зуурт янз бүрийн сонин бодол толгойд зурсхийдэг юм билээ. Манай нэг дуучин Австралид дуулчихаад надаас түрүүлээд ниссэн юм. Тэр хүртэл санаанд ороод “Ямар азтай юм бэ” гэж бодогдсон шүү. Би хамгийн хайртай, дотнын хүмүүстэйгээ хамт ингэж үхэх тавилантай байж дээ гэж ч бодсон. Үйлчлэгч англиар юу ярьж байгааг би ойлгож байсан учраас яг юу болж буйг ойлголгүй, сандарсан шинжгүй байгаа 80 гарсан ээжийнхээ төлөө илүү айсан. Ээж онгоцноос буусныхаа дараа “Террористууд орж ирээд, буудвал Дээгий дээрээ хэвтчихнэ дээ” гэж бодлоо” гэсэн. (Түүний хоолой зангирав). Эх хүн ийм л сэтгэлтэй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу