Озоны давхарга нь бидний амьдарч буй дэлхийн амьд биетийг нарны хэт ягаан B туяаны хортой хөнөөлөөс шүхэр шиг хамгаалж байдаг нимгэн бүрхүүл юм. Озоны давхаргын молекулууд нь дэлхийн гадаргаас 20-40 км-т давхраат мандалд оршдог.
2. ОЗОНЫ ДАВХАРГАД ЮУ ТОХИОЛДООД БАЙНА ВЭ?
Озоны давхарга цоорсон буюу нимгэрээд байна. Озоны давхаргад цоорхой үүссэнээр нарнаас ирж буй хэт ягаан B туяа дэлхийн гадарга дээр шууд тусна гэсэн үг. Энэ тохиолдолд дэлхийн амьд биет (хүн, амьтан, ургамал гм)-д аюул учирч байгаа юм.
3. ОЗОНЫ ДАВХАРГА ЦООРСОНООР ЯМАР ХОР УРШИГТАЙ ВЭ?
Озоны давхарга цоорч нарны хэт ягаан B туяа шууд нэвтрэх нь ургамал, амьтан болон хүний амьдралд аюултай, сөрөг үр дагавар учруулна.
Хүний эрүүл мэндэд:
Нарнаас ирж буй хэт ягаан B туяа нь хүний биед ихээхэн хортой. Хэт ягаан B туяа их байх нь хүний дархлааны системд аюул учруулж, энэ нь цааш өвчин үүсгэх нэг шалтгаан болдог. Хэт ягаан B туяаны нөлөө нь арьсны хавдар, нүдний болор цайх өвчний эрсдэлийг нэмэгдүүлнэ. Нүдний болорын цайх нь цаашлаад хараагүй болгоход хүргэнэ. Мөн хэт ягаан B туяа нь хөгшрөлтийг хурдасгах бас нэг шалтгаан болдог.
Мод ургамалд:
Хэт ягаан B туяа нь ой мод болон ургамлын ургалтанд сөргөөр нөлөөлдөг. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох төмс, улаан лооль, шар буурцаг зэрэг ургамлын ургацын чанарыг бууруулдаг.
Усны амьтдад:
Хэт ягаан B туяа нь далайн гүн рүү нэвтэрч далайн амьдралын хоол тэжээлийн үндсэн эх үүсвэр болох далайн бичил организмын үржлийн явцад сөргөөр нөлөөлнө. Ингэсэнээр хүмүүсийн хүнсний хэрэгцээнд зохилон хэрэглэгддэг далайн амьтдад ын хүнс хоолонд сөргөөр нөлөөлснөөр хүн төрөлхтөний хүнсний аюулгүй байдалд аюул учруулдаг. Загасны түрс, бичил ургамлууд хэт ягаан B туяаны хөр хөнөөлд өртөх магадлал их байдаг.
Барилгын материалд:
Хэт ягаан B туяа нь барилгад ашигладаг полимер, будаг, сав баглаа боодол, бусад олон төрлийн бодисуудад муугаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл эдгээр хуванцар бүтээгдэхүүн хэврэгшиж, хэрэглээний хугацаа багасаж байна.
4.ОЗОНЫ ЦООРЛЫН ШАЛТГААН НЬ ЮУ ВЭ?
Озоны давхаргын цоорлын үндсэн шалтгаан нь хүний гараар бүтээгдсэн химийн элементүүд буюу озон задалдаг бодисууд юм. Озон задалдаг бодис гэдэг нь озоны молекултай урвалд орох чадвартай хлор эсвэл бром агуулсан HCFC химийн нэгдлүүдийг хэлнэ.
5. HCFC БОДИСЫН ХЭРЭГЛЭЭГ ҮЕ ШАТТАЙ БУУРУУЛАХАД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?
– HCFC төрлийн бодисыг хаана хэрэглэдэг вэ?
HCFC бодис бүхий үлээлгэн хөөсрүүлэгч (blowing agent) –ийг сэндвич хавтанд ашигладаг шахмал полиуретан /PUR/, дулааны хоолой болон дулаан тусгаарлах, шахмал шүршдэг полиуретан /PUR/ хөөсөнцөр болон XPS- шахмал полистрол хавтан үйлдвэрлэхэд голчлон ашиглана.
– Яагаад HCFC төрлийн бодисуудыг солих хэрэгтэй вэ?
Гидрохлортфторт нүүрстөрөгч нь озон задлах бодис тул олон улсын хэмжээнд Монреалийн протоколыг хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэрлэл болон хэрэглээг үе шаттайгаар бууруулахаар шийдвэрлэсэн. Гидрохлортфторт нүүртөрөгч нь дэлхийг хэт ягаан туяанаас хамгаалж буй озоны давхаргыг цоолж мөн уур амьсгалын өөрчлөлтийг бий болгодог хүлэмжийн хийн нэг төрөл болдог.
6. ОЗОН ЗАДАЛДАГ ЗАРИМ БОДИС БА ТЭДГЭЭРИЙН ХЭРЭГЛЭЭ
– Озон задалдаг бодис(ОЗБ) буюу хлортфторт нүүрстөрөгч(CFC) бодисыг хөргөгч, агааржуулагч, машины агаар сэлгүүр, XPS– шахмал полистрол хавтан үйлдвэрлэлийн үлээлгэн хөөсрүүлэгч, шүршигч үнэртэн, цахилгаан барааны цэвэрлэгээнд уусгагчаар хэрэглэх зэрэг олон салбарт ашигладаг.
– Харин гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC) бодисыг сүүлийн үед хлортфторт нүүрстөрөгч (CFC) шиг түгээмэл хэрэглэх болов. Озон задлах чадвар багатай ч HCFC бодис нь дэлхийн дулаарлын шалтгаан болох хүлэмжийн хийн нэг төрөл.
– Галлоныг галын хоронд ашигладаг
– HCFC бодисыг ч мөн галын хоронд хэрэглэж байна
– Бромт метилийг ургамлыг хортон шавьжаас хамгаалах шүршлэг болон
хөрсийг утах, модон материалын тээвэрлэхийн өмнөх ариутгал, барилгын тоног төхөөрөмж, барилгын материал, гольфийн талбай болон бараа бүтээгдэхүүн хадгалахад ашигладаг.
Озон задладаг бодис, дэлхийн дулааралд нөлөөтэй бодисыг аль алиныг солих, өөр бодисоор орлуулах шийдвэр:
2007 онд Монреаль хотноо хуралдсан олон улсын бага хурлаас озон задладаг болон дэлхийн дулааралд нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC) бодисыг үе шаттайгаар бууруулах шийдвэр гарсан. Үүнд:
– 2015 онд 10%
– 2020 онд 30%
– 2025 онд 67,5%
– 2030 – 2040 оны үед жилд дунджаар засвар үйлчилгээнд зөвхөн 2,5 % – ийн хэрэглээг зөвшөөрөх зэрэг болно.
7. ОЗОНЫ ДАВХАРГАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ТАЛААР ТА ЮУ ХИЙХ ВЭ?
- Дээр дурьдагдсан бараа бүтээгдэхүүнээс байгальд ээлтэйг нь сонгодог байвал зохино. Үүний тулд барааныхаа шошгыг сайн харж, озон задалдаг бодистой бол худалдан авахгүй байх.
- Байгальд ээлтэй үйлчилгээ хийлгээрэй. Баталгаатай засварын газар, дэлгүүрээр үйлчлүүлж бай.
- Таны автомашины агаар сэлгүүр одоо хүртэл CFC-12 оор ажилладаг бол та озон задалдаггүй бодисоор ажилладаг агаар сэлгүүрээр солиорой. Бүх машинууд 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс CFC бодисгүй хөргөх системтэй болсон.
- Хуурамч шошготой хөргөх бодис, хууль бус хөргөх бодисын худалдаачдаас сэрэмжил, таны хэтэвчинд хэмнэлттэй. Бүх хөргөлтийн төхөөрөмжүүд, хөргөх бодисууд импортоор орж ирж буй тул шошгыг нь сайн харах хэрэгтэй. Хэтэрхий хямд хөргөх бодисууд хууль бус эсвэл хуурамч байх магадлалтай.
- Озон задалдаг бодис(ОЗБ), тэдгээрийг агуулсан бараа бүтээгдэхүүн хэрэглэхдээ маш болгоомжтой хандан, тэдгээрийг орлуулах бодистой бараа бүтээгдэхүүнийг сонгож эх дэлхийгээ хайрла.
- Энэ тухай өөрийн мэдлэгээ гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо хуваалц.
Озоны давхарга болон дэлхийн дулааралд сөрөг нөлөө багатай дараахи бодис бүхий тоног төхөөрөмжийг ЗГ-ын тогтоолоор ААН-ын орлогын албан татвараас чөлөөллөө. |
R-290 (Propane)
R-32 (Difluoromethane)
R-152a (Difluoroethane)
R-744 (Carbon dioxide) бүхий хөргөлтийн тоног төхөөрөмжүүд
БОНХЯ-ны Озоны үндэсний алба