“Victoria’s Secret” шоу энэ жил БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 28-ны өдөр бүс нутгийн цагаар оройн 22:00 цагт CBS сувгаар цацагдах болно. Өнгөрсөн онд тус шоуг 190 орны 3.4 тэрбум хүн үзэж сонирхсон бөгөөд загварын салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогдох шоу юм. Энэ удаад “Victoria’s Secret” брендийн дэлгүүрийг Шанхай хотноо нээж байгаа.
Харамсалтай нь олны хайртай загвар өмсөгч Жижи Хадид болон дуучин Кэти Перри нарын визийг Хятадын тал гаргаж өгөөгүй тул тэд энэ удаагийн шоунд оролцох боломжгүй болсон. Жижи Хадидын хувьд Буддагийн хэлбэртэй жигнэмэг барьсан зураг авахуулсан нь шашин болон мэдээллийн хэрэгслийг хатуу хянадаг Хятадын талд таалагдаагүй.
Цаашлаад шоуны сурвалжлагчид болон зарим телевизийн найруулагч хүртэл Шанхайд очиход хүндрэл гарсан аж. “New York Post”-д Хятадын Засгийн газар “Victoria’s Secret”-ийн багийнхны мэдээллийг шалгаж буй тул олон зүйл ярихгүй гэсэн эх сурвалжийн мэдээлэл нийтлэгдсэн.