Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаан болж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүллээ. Хакүхо аварга Эндог давсанаар тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө түрүүлэх болзолоо хангав. Ингэснээр Хакүхо М.Даваажаргал 13 даваа, нэг унаатайгаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаад 40 дэх түрүүгээ хүртэж байна. Тэрээр 1138 дахь барилдаандаа 969 дэх даваагаа авсан юм. Тэрбээр эзэн хааны цомыг гардаж авсныхаа дараа NK телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Миний аав 1964 онд Токиогийн зуны олимпийн наадамд оролцож байсан. Би 2020 оны Токиогийн олимпийн наадамд аварга цолтойгоор оролцохыг хүссэн. Тиймээс би биеэ бэлтгэж байгаа” гэжээ.