“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбат “Asia’s got talent”-д оролцож алтан баззерын эзэн болсон. Тус нэвтрүүлгийн “Гранд финал” буюу сүүлийн шатны үзүүлбэр уржигдар цацагдлаа. Уг үзүүлбэрийн дараа хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Asia’s got talent-ийн финалын шатны үзүүлбэрүүд болж өнгөрлөө. Бараг 10 жилийн өмнө би нэгэн гайхалтай гэрлэх санал тавьж байгаа бичлэг үзэж байсан юм. Түүнээс хойш хэрвээ хайртай хүнтэйгээ ирээдүйд учрах юм бол хамгийн гайхалтай гэрлэх санал тавих юмсан гэж олон жил мөрөөдөж явсан. Хагас шигшээ дээр та бүхэн надад саналаа өгсний хүчинд би тэрхүү мөрөөдөлдөө өнөөдөр хүрч, хайртай хүндээ финалын шатан дээр гэрлэх санал тавьж чадлаа хэмээн бичсэн юм.
Тэгвэл түүний найз охин Б.Оюун-Эрдэнэ энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Гэрлэх санал, үзүүлбэрийн талаар( гол санаа) юу ч мэдээгүй нэг хүн сууж байгаа нь. Энэ бүгдийг энэ болтол нуух гэж бүгд тохирцгоочихсон, төөрүүлэх үедээ төөрүүлж, хамт байхдаа сандарцгаагаад их юм болжээ. Тухайн үед анзаараагүй ч эргээд бодоход ямар их хичээл зүтгэл гаргаж энэ бүгдийг зохицуулсан байна вэ ямар их сэтгэл вэ ? гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс урсаад байх юм. Яг мэдрэмж баяр хөөрөө үгээр илэрхийлж чадахгүй нь ээ. Мөн Монгол улсын тань нэр мандахад таны санал, сэтгэл их бага гэлтгүй чухал шүү. Хүн бүр чухал “хэмээн хайртай залуугаа дэмжихийг олон нийтэд уриалжээ.
САНАЛ ӨГӨХ ЗААВАР:
Саналаа өгөх хүсэлтэй хүмүүс ганц л хаштаг # буюу чагт ашигласан пост эсвэл сэтгэгдэл бичнэ. Жишээ нь #AGTVote8 гэж бичих юм байна.
Б.Шижирбатын хувийн дугаар 8 тул та саналаа өгөхдөө #AGTVote8 гэж бичнэ үү. Хэрвээ таны пост эсвэл сэтгэгдэл нэгээс илүү хаштагтай /нэг ижил эсвэл өөр хаштаг эсэх нь хамаагүй/ байвал саналд тооцохгүй гэдгийг анхаараарай.
Та нэг эсвэл түүнээс олон үзүүлбэрт дээд тал нь өдөрт 10 удаа саналаа өгөх эрхтэй.