Нью-Йоркт болсон халдлагын улмаас дөрвөн хүн шархаджээ

Өнгөрөгч даваа гаригт Нью-Йоркийн Манхэттен дүүргийн зүүн хэсэгт орон нутгийн цагаар өглөөний 07:30 минутад амиа золиослогч гар хийцийн тэсрэх бөмбөг тэслэхийг оролдсон ч бүтэлгүйтжээ. Сэжигтэн 27 настай Бангладеш гаралтай цагаач иргэн Акайед Улла гэгч бөгөөд цагдаагийн комиссар Жемьс О’Нил  түүний үйлдлийг алан хядах ажиллагаа гэж хэлсэн.

Бруклинд амьдардаг Акайед Улла долоон жилийн өмнө F43 ангиллын визээр АНУ-д ирсэн. Бангладешийн цагдаагийн газрын ерөнхий байцаагч Шахидул Хокаг сэжигтэн өнгөрсөн есдүгээр сард нутагтаа очсон талаар мэдээлсэн.

Сэжигтэн Лалын улс бүлэглэлийн зэвсэгт дайчдын өшөөг АНУ-аас авна хэмээн ярьдаг байсан тухай мэдээлэл тарж байна. Биедээ хэд хэдэн шарх авсан түүнийг Манхэттены Бельвюгийн эмнэлэгт хүргэсэн ба өөр дөрвөн хүн шархадсан.

Шархадсан хүмүүсийн нэгийнх нь бие хүнд байдалтай, бусад гурван хүний чих нь дүнгэнэж, толгой нь хүчтэй доргисон байна. Уг хэрэг Broadway гудамжийн ойролцоо болсон. Энэ хэсгээр өдөрт хэдэн 100 жуулчин явдаг.

Мөрдөгчид сэжигтнийг хувийн зорилгоор уг халдлагыг хийсэн үү, эсвэл хамсаатнуудын төлөөлөл байсан аль нь болохыг тогтоохоор ажиллаж байна.

Өнгөрсөн 10-р сард Узбек гаралтай Сайфулло Саипов Манхэттенд хөлсний машинаар хэдэн 10 хүнийг дайрч гэмтээсэн хэрэг гарсан юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаачлалын тухай хуульдаа яаралтай шинэчлэл хийх хэрэгтэйг Конгресст сануулсан.

 


Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …