P.Эмүжин:Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр нүүдэлчдийн түүхэн дэх хамгийн урт замыг туулсан аялагч 

Өөрийн нэрээр биш Монгол бадарчин хэмээх нэрээр нэрлэгдэх болсон Амай буюу Ж.Золбаяр ид хийж бүтээх насандаа бөөрний дутагдалд оржээ.

Монгол Бадарчин Амай буюу Золбаяр дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аялсан. Тэрээр Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орж гемодиализийн аппаратад орж эмчилгээ хийлгэж байгаа юм.

Амай буюу Ж.Золбаярын тухай яруу найрагч Р. Эмүжин цахим хуудастаа ийн бичжээ. Тэрбээр “Энэ залууг би хайрлаад байдаг юм. Дэлхийг танихаар мордсон монгол зүрх болохоор нь хайрладаг юм. Аав ээжийг нь ч бас хүндлээд байдаг юм. Хайртай хүүгээ үүргэвчнээс өөр өмчгүй, үрэлгэн мөрөөдлөөс өөр зэвсэггүй үдсэн болохоор нь хүндэлдэг юм. Үнсүүлээд гэрээсээ гарсан үр нь үнэндээ эргэж ирэх, үгүйг хэн ч таашгүй тэр он жилүүдийн төлөө хайрлаж хүндэлдэг юм. Цэнхэр гаригийг цээжиндээ багтаахаар явсан хүүгээ эх орноо гээд эргэхэд нь сүү, нулимс хоёроо дэвсэж угтсан тэр мөчүүдийг нь ойлгодог юм. Энэ оюунлаг, зоримог гэр бүлийг харахаар гудамжны булангийн дэлгүүр рүү хүүхдээ гүйлгэхээс айдаг аав ээжүүдийн өмнөөс айх, бахархах зэрэгцдэг юм. Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр…нүүдэлчдийн түүхэн дэх хамгийн урт замыг туулсан аялагч. Түүнд илд бамбай, ирт зэвсэг, есөн өрлөг жанжин, есөн түмэн цэрэг үгүй ч шинэ цагийн монгол довтолгооныг дэлхийн зүг хийж чадсан шинэ цагийн нүүдэлчин. Амай их сонин зантай. Ашиг хөөхгүй, алт цуглуулахгүй, эд хөрөнгөнд шунахгүй, элбэг хангалуунд дурлахгүй…тэр байгаа бүхнээ Монголын нийгмийн зүг хайр найргүй цацаж, сэтгэлээ уудлан барьдаг. Бөөрний дутагдал хэмээх оноштойгоор эмчилгээ хийлгэж, гурав хоног тутам аппаратнаас амь гуйн буй энэ хүнд өдрүүдээ ч Амай гуниг нь үгүй туулж, бөхийх нь үгүй нугалж явна. Хандив гуйж хаа сайгүй гүйсэнгүй. Мөнгө цуглуулж донор хайсангүй. Хамгийн өөдрөг өвчтөн, бас хамгийн гал цогтой шинэ цагийн монгол. Түүний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйлс юу вэ? Өөрөөрөө баян, өөрөөрөө зэвүүн, өөрөөрөө үнэн оршихуй…албан тушаалтны цүнх барьж гүйсэнгүй, ашиг хонжоо албан тушаал харсан ганц ч үйл эхлүүлсэнгүй. Түүний оронд Увсад мал хариулж, улс амьтанд монгол гэрийн онцлогийг таниулан өргөө урлаж… тийм болохоор нь би энэ залууг хайрлаад байдаг юм. Хэдийгээр Амай тусламж хүсээгүй ч яг одоо түүнд дэмжлэг хэрэгтэй байгаа. Амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж атгахан зүрх, анирхан оюундаа өвөрлөн ирсэн мэдлэг мэдээллээ нэгтгэн бүтээсэн аяллын тэмдэглэл болох Амайгийн таван боть номыг 99170097 утсаар захиалж 100 мянган төгрөгөөр аваарай. Номоо зараад ээмэг бөгж, энгүй үнэтэй гоёл авдаг хүмүүс байдаг. Амай бол харин эргүүлээд монгол залууст ямар нэгэн тустай, ээлтэй хувилбараар хүргэдэг. Учир нь тэр нүүдэлчдийн түүхэн дэх хамгийн залуу, хамгийн орчин үеийн, хамгийн хол замыг туулсан аялагч…бас олон улс судлаач энэ залуу донорын тухай ярианд “Хэн нэгний амьдралаас эмтлэн өөрөө амьд яваад яах билээ” гэж хэлж чадсан магадгүй анхны бөгөөд сүүлчийн, халуун бөгөөд хатуу сэтгэлтэн”гэж бичжээ. 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …