Өөрт тохирохгүй нүүр цэвэрлэгч хэрэглэж буйг тань илтгэх 6 шинж


Серум, чийгшүүлэгч хэрэглээд, маск тавиад л байхад нүүрний тань арьс таны хүссэнээр гэрэлтсэн, гоё болохгүй байна уу? Та нүүр цэвэрлэгчээ буруу сонгочихсон юм биш биз?

Арьс судлалаар мэргэшсэн Адам Шеридан эмчийн зөвлөж байгаагаар арьсныхаа төрөлд таарч тохирохгүй найрлагатай нүүр цэвэрлэгч хэрэглэснээр арьсанд тань хэмжээлшгүй их хохирол учрахаас гадна дараах үе шатны бусад арьс арчилгааг ямар ч үр дүнгүй болгодог байна.

Тэгвэл та нүүр цэвэрлэгчээ буруу сонгосноо яаж мэдэх вэ? Адам Шеридан эмч нүүр цэвэрлэгчээ буруу сонгосны шинж тэмдэг болон хэрхэн өөртөө тохирсон нүүр цэвэрлэгч сонгох талаар зөвлөж байна.


Хуурайшилт/ арьс татагдах мэдрэмж

Бид бүгд л нүүр цэвэрлэгч хэрэглэсний дараа арьс хуурайшиж, таталдах тэр мэдрэмжийг амьдралдаа нэг удаа ч болов мэдэрч үзсэн байх. Адам Шеридан эмчийн хэлж байгаагаар энэ нь тухайн нүүр цэвэрлэгч арьсны хамгаалалтыг нурааж, арьсанд байх ёстой тослогийг үгүй хийж, арьсны pH тэнцвэрийг алдагдуулдаг гэнэ. Үүнээс дор зүйл байх гэж байх уу?

Тэгвэл арьс тань урьд өмнөхөөсөө илүү хуурайшиж, чийгшүүлэгчийг урьдын адил шингээж чадахаа больдог байна. Тиймээс таны арьсны хуурайшилт амархан архагших хандлагатай болно гэсэн үг юм.

Адам Шеридан эмчийн хэлснээр зөв нүүр цэвэрлэгч нь арьсыг дараагийн үе шат болох чийгшүүлэгчийг хүлээн авч, шингээхэд бэлдэж өгдөг ба үүний үр дүнд арьс зөөлөн булбарай болдог байна.
Хатуу ширүүн мэдрэмж

Буруу нүүр цэвэрлэгчээ үргэлжлүүлэн хэрэглэснээр арьс сүүлдээ хатуу ширүүн болно. Түүгээр ч зогсохгүй Адам эмчийн хэлж байгаагаар арьс нь үрэвсэх хандлагатай, хайрст үлд зэрэгтэй хүмүүсийн арьсны асуудал улам хүндэрч, арьс өөгүй жигд байдлаа алдах гэнэ. Нэг үгээр хэлбэл “зөөлөн булбарай арьс минь, баяртай”, зүлгүүр шиг арьс тавтай морил!

Улайлт болон эмзэг мэдрэмж

Улайлт амархан өгдөг, эмзэг арьстай хүмүүсийн хувьд нүүр цэвэрлэгчээ буруу сонгох нь хамгийн аюултай. Арьсанд тань тохироогүй нүүр цэвэрлэгч арьсны нарийн бүтэц бүхий микро орчинг нурааж, арьсыг цочроож үрэвсүүлдэг. Өвлийн улиралд эмзэг арьстай хүмүүс тосон суурьтай нүүр цэвэрлэгч хэрэглэж байх нь зохистой хэмээн Адам Шеридан эмч зөвлөж байна.
Батга

Нүүр цэвэрлэгч нь арьсыг цэвэрлэж, алдагдсан чийгшлийг нөхөж, арьсны pH тэнцвэр болон хамгаалалтыг хэвийнээр нь хадгалж үлдсэнээрээ арьсанд ямар нэг асуудал үүсгэдэггүй байна. Харин дотроо шаардлагагүй хөөсрүүлэгч, идэвхтэй, химийн олон төрлийн бодис агуулсан нүүр цэвэрлэгч нь хэтэрхий хүчтэй үйлчилгээ үзүүлж, арьсны хамгаалалтыг эвдснээрээ арьс хэт их тос ялгаруулж эхэлдэг байна. Үүний үр дүнд батга гардаг.

Арьс өнгөгүй харагдах

Нүүр цэвэрлэгчээ буруу сонгосны улмаас арьс өнгөгүй, жигд бус харагдах нь элбэг. Энэ нь таныг бусдад эрүүл мэндийн асуудалтай мэт харагдуулах болно хэмээн Адам Шеридан эмч онцоллоо. Хэн ч бусдад тэгж харагдахыг хүсэхгүй шүү дээ. Ийм асуудалтай тулгарсан хүмүүст тэрээр чийгшүүлэгчтэй сальфеткан нүүр цэвэрлэгчийг санал болгож байна. Энэ нь нэг талаараа нүүрийг цэвэрлэхээс гадна давхар арьсанд чийгшил өгөн, арьсны өнгийг сэргээж өгдөг гэнэ.

Хөгшрөлтийн шинж тэмдгүүд илрэх

Хэрэглэсний дараа арьсыг хуурайшуулдаг нүүр цэвэрлэгчийг хэрэглэснээр арьс гадны хүчин зүйлд амархан өртөж, хөгшрөлтийн шинж тэмдгүүд илэрч эхэлдэг байна. Адам Шеридан эмчийн тайлбарласнаар арьсны хамгаалалт нурснаар арьс гадны бохирдуулагчид болон нян зэрэгт амархан өртдөг. Үүнээс болж хөгшрөлтөөс үүсдэг үрчлээс зэрэг шинж тэмдгүүд цагаасаа эрт илэрдэг.

Нүүр цэвэрлэгчийг хэрхэн зөв сонгох вэ?

Таны нас, арьсны тань онцлог, арьсанд тань ямар нэг үрэвсэл байгаа эсэх нь бүгд нүүр цэвэрлэгч зөв сонгоход чухал ач холбогдолтой. Ингээд Адам Шеридан эмчийн зөвлөснөөр нүүр цэвэрлэгчид байх ёстой хэд хэдэн чухал шинж чанаруудыг мэдэж авцгаая:

– Арьсыг зөөлөн цэвэрлэдэг
– Арьсны чийгшлийг хэвийн түвшинд нь барьж, алдагдсан чийгшлийг нөхөж, дотроо чийгшүүлэгч, зөөлрүүлэгч зэргийг агуулсан
– Арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулдаггүй, арьсны хамгаалалтыг үгүй хийдэггүй байх
– Арьсыг чийгшүүлэгчийг хүлээн авч, шингээхэд бэлэн болгоно.

 

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …