Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Оюутолгой” компанийн талаар мэдэгдэл хийлээ.
УУХҮЯ-ны дэд сайд Д.Загджав”Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын өмнөөс”Рио Тинто” компанийг Монголын ард түмний нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үргээ биелүүлэхгүй манай орны эрх ашгийг хохироосоор өдийг хүрлээ. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр болгосноос өөр зүйл хийхгүй байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ. Манай баялгаар томоохон арилжаа хийж, хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хирнээ манайд улсад оруулахгүй байгаа нь бидний тэвчээр алдрах нэг шалтгаан болоод байгаа юм. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочхоод 1 тэрбум ам.долларыг нь л Оюу толгой руу оруулж бусдыг нь гадагш гаргасан. Бидний сайн мэдэх Дубайн гэрээ манайд ашиггүй гэрээ болж, гаднынхан хожсон. Зэсийн үнэ өсөж, 2018 онд 8,000 ам.доллар хүрэх төлөв ажиглагдаж байна.Тиймээс бид “Оюу толгой” компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна” гэж мэдэгдлээ.
Г.Нараа