Амьдралын хүлээснээс ангижрахуй

 

Чиний бодлын 99% нь дандаа бусдын тухай бодол байдаг. Өөр хэн нэгний тухай л өдөржин бодож, шөнөжин зүүдэлнэ. Одоо больж үз. Хүний амьдрал богино шүү дээ. Хэдий болтол чи бусдыг анхаарч явах юм? Энэ хооронд эгшин хором бүрээр элсэн цаг урсч байна. Чи улам бүр амьдлаг чанараа алдаж, үхмэл дүрэндээ орж яваа. Төрсөн өдөр болгон чинь амьдралаас нэг жил алдсан өдөр, үхэл рүү нэг жилээр дөтөлсөн өдөр шүү. Үлдсэн хоногууддаа жаахан ухаан сэхээтэй байж үз.

Өөрийн гол дутагдлыг
Хамгийн түрүүнд анхаар.

Сэтгэл бусдын бурууг шүүн хэлэлцэх дуртай… “Эргэн тойрон эрээ цээргүй нүгэлтнүүд байхад би ч бас гайгүй ээ” гэж өөрийгөө ариун хутагт аятай санадаг. Хэдий чинээ ахиу алдаа бусдаас олж харна, төдий чинээ бах тав нь ханаж, биеэ тоох нь ихэсдэг. Тийм хойно бусдын туулайн чинээ харыг ч уулын дайтай болгож ярихаас сийхгүй. Хүмүүс хов живэнд үнэхээр дуртай. Хов жив амнаас аманд дамжихдаа хачир чимгээр баяжаад байдаг. Өглөө нь ярьсан ховоо орой нь сонсвол чи гайхах болно. Хүмүүс энэ тал дээр уйгагүй уран бүтээлч, шинийг санаачлагч авьяас билигтнүүд.

Тэд яагаад хов живэнд ингэтлээ их дурладаг юм бэ? Яагаад бусдын бурууг шүүж, нүглийг илчлэх гээд байдаг юм бэ? Яагаад нэг нэгнээ цоожны нүхээр хараад байдаг юм бэ? Ганцхан шалтгаантай: өөрсдийн давуу байдлыг мэдрэх гэсэн хүсэл тачаал. Өөрийгөө бусдаас давуу гэдгийг мэдэрч байж л нүхээр шагайдаг том жаалууд таашаал авдаг юм. Хичнээн өрөвч царай, уран үгээр халхлавч өөрийнх нь мухарт өнөөх тачаал нуугдаастай. Харанхуйн дунд од гялалзана. Муухайн дунд сайхан гэрэлтэнэ. Эргэн тойронд чинь царай муутнууд байх тусам чи хөөрхөн харагдана…


Хүмүүс байнга ухамсаргүй үйлдэл хийдэг. Хэрэв ухамсарлачих юм бол тэр бүх үйлдэл нь зогч таараа. Бусдын бурууг шүүмжлэх хэрэггүй. Бусдын амьдралд оролцох хэрэггүй. Энэ чиний ажил биш… Бусдын дутагдлыг илрүүлэхэд хамаг амьдралаа зориулдаг ёс зүйч нар хаа сайгүй. Тэд яг л цагдаагийн ноход шиг алхам бүртээ үнэр шиншилж явдаг. Энэ бол хамгийн балиар агаад мулгуу зан. Цаг хугацаа, эрч хүчээ үрэн таран хийж, үнэний замаас улам бүр төөрөх тавилан… Нэг зүйлийг сануулахад, өрөөл бусдыг байтугай өөрөө өөрийгөө ч бүү гоочил. Алдаа дутагдлаа ажигла, ухамсарла. Харин түүнийг хэт дөвийлгөж, хэрэг болгоод бусдад зарлаад яах вэ. Ингэж аягладаг хүмүүс мэр сэр бий.

Гэгээн Августины наманчлалыг судалсан сэтгэлзүйчид түүнд бичигдсэн юмс үнэн эсэхэд эргэлзжээ. Учир нь өөрийгөө буруутгах сэтгэлд хэт автсан хүн элдэв юм санаасаа зохиодог гэнэ. Тэрбээр муу хүн байгаагүй. Бас жирийн сайн хүн байгаагүй. Жирийн сайн хүн тэгтлээ өөрийгөө буруутгаж, гэм нүглээ бусдын өмнө илчилж чадахгүй шүү дээ. Аль ч ангилалд багтахгүй болохоор нийгэм түүнийг ариун гэгээн гэж өргөмжилсөн. Тамын нүх өөртөө ухаж суусныхаа шанд энхжингийн орны элч болж алдаршжээ.

Махатма Гандид мөн ийм юм тохиолдсон. Тэрбээр өөрийн гэм нүглийг илэн далангүй ярьж, бичиж байлаа. Хэдий чинээ өөрийгөө доош нь хийнэ, төдий чинээ өндрөө авч Махатма буюу Аугаа их гэгээнтэн гэгдэх болсон юм. Өрөөл бусдыг гоочлох, өөрөө өөрийгөө гоочлох аль аль нь туйлшрал. Хоёр салаа замын уулзах цэг нь нэг… Тийм учраас өрөөлийн алдааг ч шүүмжлэх хэрэггүй, өөрийн гэмийг ч өөчлөх хэрэггүй… Бүрэн дүүрэн ухамсарлах аваас ухамсрын галд уруу дорой бүхэн шатах болно. Өөр элдэв арга засал илүүц ажгуу.

Буруу зөрүүг бүү гоочил.
Бусдын тухай бүү бод.

Чиний бодлын 99% нь дандаа бусдын тухай бодол байдаг. Өөр хэн нэгний тухай л өдөржин бодож, шөнөжин зүүдэлнэ. Одоо больж үз. Хүний амьдрал богино шүү дээ. Хэдий болтол чи бусдыг анхаарч явах юм? Энэ хооронд эгшин хором бүрээр элсэн цаг урсч байна. Чи улам бүр амьдлаг чанараа алдаж, үхмэл дүрэндээ орж яваа. Төрсөн өдөр болгон чинь амьдралаас нэг жил алдсан өдөр, үхэл рүү нэг жилээр дөтөлсөн өдөр шүү. Үлдсэн хоногууддаа жаахан ухаан сэхээтэй байж үз.

Өөрийн гол дутагдлыг
Хамгийн түрүүнд анхаар.

 

Агнистын гэгээ” цуврал. “Билгүүн ухааны шастир”, хуудас 88-92

 

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …