Шерлок Холмсоос сурах 10 бизнес хичээл


Шотландын нэрт зохиолч Сир Артур Конан Дойлын “Шерлок Холмс” зохиолыг мэдэхгүй хүн байхгүй билээ. Энэхүү зохиолын гол дүр болох Шерлок Холмсын тагнан мөрдөх гайхалтай ур чадварыг харуулсан маш олон ном, кино, телевизийн цувралууд хийгдсэн байдаг бол энэ удаад та бүхэнд энэхүү зохиолоос гарааны бизнес эрхлэгчдийн сурах 10 бизнес хичээлийг хүргэж байна.

1. Өөрийн гэсэн мастер чадвартай бай

Шерлок Холмс бол дүгнэлтийн мастер. Гэвч тэр өөрийн энэхүү байгалиас заяасан авьяас чадвараа үргэлж хөгжүүлдэг байснаараа шилдэг нь болж чадсан. Учир нь өөрийн авьяасаа үргэлж хөгжүүлж байх нь танд давуу талыг авчрах болно. Та гарааны бизнесээ эхлүүлэхийн өмнө шаардлагатай ур чадваруудаа хангалттай сайн бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь: Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах гэж байгаа бол гадаад болон дотоод орчинд юу болж буй талаар үргэлж мэдэх хэрэгтэй. Энэ нь магадгүй таныг ажиглалтын мастер болгож болох юм.

2. Хийж буй зүйлдээ донтох хэрэгтэй

Шерлок Холмсын нэг мэдэгдэхүйц шинж чанар бол тэрээр аливаа нууцлаг хэрэгт гүн донтдог. Цагдаа та нар түүний зөвлөгөөний хариуд хангалттай мөнгө төлж чадахгүй байсан ч түүний хувьд тэрхүү нууцлаг хэргийг оньсыг тайлна гэдэг бол хамгийн том шагнал нь бөгөөд өөрөө ч үүндээ сэтгэл хангалуун байдаг. Үүнтэй адил та хийж буй зүйлдээ үргэлж дурлах хэрэгтэй. Энтрепренерүүдийн хувьд эрх чөлөөтэй ажиллахыг хүсдэгээс бус мөнгө тэдний хувьд хэзээ ч эцсийн зорилго байдаггүй.

3. Оюун ухаанаа хурц байлга

Доктор Ватсон Шерлок Холмстой анх уулзсан үедээ түүний мэдлэгийг дүгнэхэд толгой нь ямарч эмх замбараагүй мэдээллээр дүүрэн мэт санагддаг. Гэвч эдгээр мэдээллүүд нь түүний хэрэг мөрдөх чадварт зайлшгүй шаардлагатай мэдээллийн сан болохыг удалгүй Доктор Ватсон ойлгож эхэлдэг. Үүнтэй адил та ч гэсэн зөвхөн өөрийн тань бизнесийн зорилгод нөлөөлөх мэдээ мэдээллийг үргэлж оюун ухаандаа хадгалан шаардлагатай үед ашиглаж байх хэрэгтэй.

4. Ажигч бай

Шерлок Холмсыг гайхалтай харагдуулдаг нэг зүйл бол тэр бусдын анхаараагүй орхигдуулсан зүйлсэд анхаарлаа үргэлж хандуулдаг. Ихэнхи тохиолдолд зөв шийдэл үргэлж бидний нүдний өмнө ил байдаг. Та гадаад орчинд болж буй үйл хөдлөлүүдийг болон харилцагчаа анхааралтай ажиглаж хэрэгцээт мэдээлэл, шаардлагатай зүйлсээ урьдчилан тааварлахад суралцаж байх хэрэгтэй. Үүний үр дүнд та бусдаасаа түрүүлж үр дүнг мэдэж чадах болно.

5. Бусдад бахархлыг төрүүл

Шерлок бусдын чаддаггүй зүйлсийг хийж, түүнийгээ маш хялбар мэт харагдуулдаг ч бүгд түүний энэхүү авьяасыг хүлээн зөвшөөрдөг. Хамгийн сайн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход зарим хэсэг нь таныг хүлээн зөвшөөрч, үлдсэн хэсэг нь таныг шууд дагаж эхэлдэг. Тиймээс чиг хандлагыг тодорхойлогч байж бусдын хийж буй зүйлсийг хийхээс зайлс хийх хэрэгтэй.

6. Мэддэг зүйлтэй бай

Шерлок Холмс нэгэн удаа “Бусад хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг мэддэг байх нь миний бизнес” хэмээн хэлсэн байдаг. Үнэ цэнэтэй бизнес гэдэг бол бусдын мэддэггүй зүйлийг мэддэг байх явдал юм. Яг л хурандаа Сандерсын нууц жортой адил.

7. Нууцлаг бай

Шерлок Холмс хийж буй зүйлээ хэзээ ч хэн нэгэнд тайлбарладаггүй байсан бөгөөд эцсийн дүгнэлтээ хэлэхээс нааш хэн ч түүнийг юу хийгээд байгааг мэддэггүй. Үүнтэй адил та зах зээлд тэсрэлт авчрах бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа бол түүнийг бэлэн болтол хэн ч мэдэхгүй байсан нь хамгийн ашигтай. Apple бол сонгодог жишээ.

8. Хамтрагчтай бол

Агуу Шерлок Холмст ч түүний үнэнч хамтрагч Доктор Ватсон үргэлж хэрэг болсоор ирсэн. Хэрэв та нэг салбарт л мэргэшсэн нэгэн бол өөр салбарт ажиллахад шаардлагатай ур чадвар дутагдаж мэдэх юм. Тиймээс хамтрагч тань танд шаардлагатай бусад ур чадварыг нөхнө гэдгийг үргэлж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

9. Зорилгоо хадгал

Шерлок хэрэг мөрдөж байгаа үедээ хэзээ ч сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй бөгөөд үйл явдлыг нууцлан зөвхөн баримт нотолгоо тодорхой болсон үед л бүх зүйлийн учрыг хэлдэг. Ямарваа нэгэн хэлэлцээр, шийдвэр гаргалтын үед сэтгэл хөдлөлөө ил гаргах нь таны бизнесийг унагаж мэдэх юм. Ямар ч үед зорилгоо санаж аливаа шийдвэр гаргалтад сэтгэл хөдлөл тань нөлөөлөхийг бүү хүлээн зөвшөөр.

10. Үргэлж төсөөлөн бодож бай

Эцэст нь Шерлок өөрийн хязгаарлалтгүй төсөөлөн бодох чадварынхаа ачаар цуглуулсан баримт, материалаа гайхалтай нэгтгэн дүгнэж чаддаг байсан. Шерлокын хувьд чухал зүйлийн нэг нь зөв дүгнэлтийг гаргах бол бизнесийн хамгийн чухал зүйлсийн нэг бол байнга шинэчлэлт хийн хөгжүүлж байх явдал юм. Нөхцөл байдалд тааруулан олон талаас нь бодож байх нь танд аливаа шинэ санаа, шинэ орчинг олж харахад туслах юм.

youngreader.mn

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …