Цус нь зүрхээр шахагдан цусны судсаар дамжин бие махбодын бүхий л эрхтэн эд эсэд хүчилтөрөгч тэжээлийн бодисыг хүргэж байдаг. Цусны даралт гэдэг нь судасны хананд үзүүлж буй цусны урсгалын хүч юм. Судасны ханын бүтэц хэвийн, уян хатан чанар сайн байвал цусны даралт хэвийн байна. Насанд хүрсэн хүний хэвийн дундаж даралт 120/80 байдаг. Даралт ихсэх нь бидний хооллолтын байдал, таргалалт , хөдөлгөөн дутагдлын улмаас үүсэх нь түгээмэл. Тухайлбал хэт их өөх тостой хоол удаан хугацаанд хэрэглэснээс, цусан дахь өөх тосны хэмжээ байнга их байснаар өөх тос нь судасны хананд очиж суун, цусны урсгалд саад учруулж улмаар судасны уян хатан чанар алдагдан даралт ихсэж эхэлдэг. Та цусны даралтаа байнга хянаж байх хэрэгтэй учир нь энэ өвчин нь ихэнх тохиолдолд ямар ч шинж тэмдэггүйгээр удаан хугацаанд үргэлжилж хүндэрдэг тул /чимээгүй алуурчин/ ч гэж нэрлэдэг.
Хэрвээ танд: доорх шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид заавал очиж үзүүлээрэй
Нүдний угаар хатгаж өвдөх, толгой дүүрэх, шилэн хүзүүгээр хөших, дотор эвгүйрхэн огиудас хүрэх, нүд эрээлжлэх зэрэг шинжүүд нь таны даралт ихсэж тогтворгүй байгаа нь шинж юм.
Цусны даралтаа тогтвортой барьж байхын тулд:
-Сэтгэл санаагаар тайван байх, бухимдлаас гарах арга барилыг эзэмших
-Ажил амралтаа зохицуулж , хэт ачаалалд орохгүй байх
-Хоногт хэрэглэх давсны хэмжээг 2,4-6 граммаас хэтрүүлэхгүй байх, хоолны давсыг маш бага болгох, давсгүй цай ууж хэвших, халуун ногоог багаар хэрэглэх
-Өөх тос ихтэй болон хуурч хайрсан , шарсан хоол идэхээс зайлсхийх, хоолондоо жимс хүнсний ногоо өргөн хэрэглэх хэрэгтэй
-Долоо хоногт 2-3 удаа 30-60 минутаас багагүй хугацаагаар алхах, гүйх, усанд сэлэх зэргээр идэвхтэй хөдөлгөөнтэй байх
-Явган явах онц сайн бөгөөд өдөр бүр 30 минут явган явах хэрэгтэй. Хэрвээ гүйлтээр хичээллэх бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. Ачаалал гэнэт ихсэх нь ачаалалгүй явснаас илүү аюултайг санаарай
-Архи тамхи хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй.
Хэрвээ та амьдралын хэв маягаа өөрчилсөн ч таны цусны даралт хэвийн хэмжээнд байхгүй бол нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.
Доорх зөвлөмжүүдийг аль болох амьдралдаа хэрэгжүүлж байгаарай
-Биеийн жингээ хэвийн хэмжээнд барь. Хэрэв илүүдэл жинтэй бол турах хэрэгтэй, гэхдээ аажим долоо хоногт 1-2 кг аар бууруулсаар хэвийн жиндээ хүргэ
-Хоолондоо хэт тарган биш хонь, үхэр, адууны махыг сонгон хэрэглэ.
-Лаазалсан консерв, жигнэсэн мах, хиам зайдасны оронд шинэ мах, загас, тахианы махыг түлхүү хэрэглээрэй
-Архи спиртийн төрлийн ундаа, хийжүүлсэн ундааг бага хэрэглэх. Эрэгтэй хүн хоногт 100 г, эмэгтэй хүн хоногт 50 г спиртээс хэтрүүлж болохгүй. Хэрэглэхгүй бол бүр сайн.
-Давс болон натри багатай хоол хэрэглэх нь даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу таны даралтыг бууруулна. Натри нь давсны бүтцийн гол хэсэг бөгөөд төрөл бүрийн хоол амтлагч халуун ногооны найрлаганд их хэмжээгээр агуулагддаг. Та дэлгүүрт очоод давсалсан төмс, дарсан өргөст хэмхний оронд төрөл бүрийн жимс, ногоо худалдаж аваарай. Хүнсний бүтээгдэхүүний шошгийг заавал унш: давс багатай, давсыг нь багасгасан, давсгуй гэсэн шошготойг нь сонгон авч хүнсэндээ хэрэглэж байгаарай
-Та хоолоо бэлтгэхдээ: хоног хоногоор хоолонд хийдэг давсныхаа хэмжээг багасга. Удалгүй та маш бага давс хэрэглэдэг болсон байна. Давсныхаа оронд төрөл бүрийн амтлагчуудыг хэрэглэ . үүнд:/ сармис, сонгино, чинжүү, лаврын навч, гоньд, гаа, перц /
Эмчид очиж даралтаа үзүүл: эмч таны даралт их байна гэж хэлж болох юм. Энэ нь таны даралт 140/90 буюу түүнээс их байна гэсэн үг. Хэрэв таны даралт хэвийн байвал та ядаж хагас жилдээ нэг удаа даралтаа үзүүлж байгаарай.
Цусны даралт ихсэх өвчинд эмийг зөв хэрэглэхэд анхаарах зүйлс:
-Та эмчид үзүүлээд, даралт их байна гэж оношлогдсон тохиолдолд эмчийн бичиж өгсөн эмийг зааврын дагуу бүрэн уух хэрэгтэй.
-Хэрвээ эмчийн бичиж өгсөн даралтын эм танд таарахгүй ямар нэг таагүй шинж тэмдэг /дотор эвгүйрэх, нойргүй болох гм/ илэрвэл эмчид заавал очиж үзүүлж, эмээ сольж уух нь зүйтэй.
-Цусны даралт буулгах эмээ ууж байхдаа та өдөр бүр өөрийн даралтаа хэмжиж, тусгай дэвтэрт тэмдэглэн өөрийн даралтаа тогтмол хянаж байх хэрэгтэй шүү.
-Цусны даралт чинь хэвийн болсон ч гэсэн эмчийн зааваргүйгээр эмээ уухаа зогсоож болохгүй. Эмээ нэг уугаад нэг уухаа болиод байвал эцэст нь тохирох эмгүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
Дээрх зөвлөлгөөнүүдийг дагаж чадвал та даралт ихсэлтээс урьдчилан сэргийлж доорх хүндрэлүүдээс сэргийлж чадна
-Тархинд цус харвах
-Бөөр гэмтэх
-Нүдний хараа өөрчлөгдөж муудах
-Зүрхний төрөл бүрийн эмгэг, зүрх зогсох
-Гэнэт нас барах зэргээс сэргийлэн явж чадна.