Марго Робби: Текстээ муу уншиж байгаа охиныг хараад “Би түүнээс илүү сайн хийж чадна” гэж бодсон


“Suicide Squad”, “The Legend of Tarzan”, “The Wolf of Wall Street” гэх киногоороо олонд танигдаад байгаа Марго Робби 1990 оны долдугаар сарын 2-нд Австралид төржээ. Зэлүүд газрын фермд төрж өссөн Марго Самерсет коллежийн драмын ангийг төгссөн байна. Өдгөө 28 настай тэрээр кино ертөнцийн шинэ од болон гялалзаж байгаа.

Анх Warner Bros кино компани Маргод “Тарзан”-ы шинэ хувилбарт гол дүрд тоглох санал тавихад тэр шууд татгалзсан гэдэг. Учир нь Марго “Зүгээр л аюулд орсон гоо бүсгүйн дүрийг хэзээ ч бүтээхгүй” гэжээ. Тэгэхдээ дараа нь кино зохиолыг дахин уншиж, Жейнд ямар нэг гүн гүнзгий зүйл байгааг олж харснаар бодлоо өөрчилсөн аж. Марго зөвхөн гаднах төрхийг нь ашигласан дүрийг хэзээ ч бүтээхгүй гэдэг.

Түүнийг алдартай болгосон “The Wolf of Wall Street” кинонд хүртэл Леонардо ДиКаприогийн хажууд тэр сул харагддаггүй. Марго Роббиг сайн таньдаг хүмүүс түүнийг зарчимч, хатуу, заримдаа маягтай хэрнээ маш энгийн ааш зантай гэж тодорхойлдог. Яагаад гэвэл тэр Австралийн жижиг хотын энгийн л нэг гэр бүлээс гаралтай. Лондон хотод “The Legend of Tarzan” киноны зураг авалтын үеэр тэр нэг бол Амстердам руу нисч, жижиг жуулчны баазад Канад жуулчидтай хамт байрладаг байсан. Эсвэл Умард Ирландын наадамд оролцохоор галт тэргээр аялж, тэндээ очоод майханд хонодог байжээ. Марго ийм амьдралын хэв маягт бүр хүүхэд байхаасаа л дасан зохицсон байна. Тэрээр багадаа Австралийн зэрлэг байгальд өссөн бөгөөд ээж нь түүнийг циркийн сургуульд өгсөн юм.

Ингээд ирээдүйн жүжигчин бүсгүй найман нас хүрэхдээ мэргэжлийн акробатчин болсон байв. Марго Робби 17 настай байхдаа Мельбурн руу нүүсэн бөгөөд ирсэн даруйдаа “Neighbours” нэртэй Австралийн телевизийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн савангийн дуурьт дүр бүтээжээ. Тэрээр тус цувралд гурван жилийн турш тоглосон бөгөөд дараа нь хэлний багшаар америк аялга заалгаж аваад Лос-Анжелес хот руу нүүсэн байна.

Марго Холливудад ирсэн даруйдаа л шууд од болсон гэж хэлж болно. Эхлээд тэр “Pan Am” гэдэг цувралд тоглож байсан ч төд удалгүй цувралын зураг авалтыг зогсоосон байна. Гэвч үүний дараа алдарт “The Wolf of Wall Street”-д тоглоод л түүний алдар нэр цуурайтаж эхэлсэн.

Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа анх хэрхэн жүжигчин болохоор шийдсэнээ ярихдаа “15 настай байхдаа зурагтаа асаагаад өөртэйгөө ойролцоо насны охин текстээ их муу уншиж байхыг харсан. Тэгээд л би түүнээс хамаагүй дээр хийж чадна, хараал ид, яагаад би энэ охины оронд байгаагүй юм бэ? гэж бодсон” хэмээжээ. Одоо Марго Робби тэр охиныг ардаа хол орхисон. Энэ бол түүний амжилтын зөвхөн эхлэл гэдэгт итгэж болно.

Тэрээр Том Акерлейтэй 2016 онд гэрлэсэн.

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …