“Пёнчан – 2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг тамирчид өчигдөр Олимпийн тосгондоо очлоо.
Баг тамирчдыг Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид Инчён хотын нисэх онгоцны буудлаас угтан авч хүндэтгэл үзүүлэн, Олимпийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөв.
Баг тамирчид Инчён хотын нисэх онгоцны буудлаас “Пёнчан – 2018” Олимпийн шинэ хурдны галт тэргээр тамирчдын тосгонд очин байрлав.
Мөн манай баг тамирчдын Олимпийн тосгон дахь анхны хурал явагдаж, дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ “Зохион байгуулах хорооноос гаргасан хуваарийн дагуу тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа базааж, өмнөх олимпийн наадмуудад оролцсон амжилтаа ахиулах зорилт тавин ажиллана” хэмээн мэдээлэв.
“Пёнчан – 2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцож буй бүх тамирчдад Самсунг компаниас “Note8” гар утсыг үнэ төлбөргүй бэлэглэж байгаа бөгөөд манай тамирчид өнөөдөр Олимпийн тосгонд байрлах тус компаний салбараас гар утсаа хүлээн авлаа.
Энэхүү гар утсанд Олимпийн наадамтай холбоотой бүхий л мэдээ, мэдээлэл болон Олон улсын олимпийн хорооны тамирчдын комиссоос явуулж буй сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааны тухай мэдээллийг урьдчилан суулгасан аж. Мөн ОУОХ-ны тамирчдын комисст нэр дэвшигчдэд санал өгөх боломжтой ажээ.
ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүнд Монгол улсаа төлөөлөн 2008 онд Х.Эрдэнэт-Од, 2010 онд Х.Хаш-Эрдэнэ нар нэр дэвшин өрсөлдөж байсан билээ.
Монголын Үндэсний Олимпийн Хороо