-Та сар шинэдээ сайхан шинэлэв үү? Онд мэнд оров уу?
-Сайхан шинэлэлээ. Онд мэнд сайхан орлоо. Та бүхэн сайхан шинэлэв үү?
-Ямар тохиолоор шоуны шүүгчээр ажиллах болсноос яриагаа эхлэе гэж бодож байна. Анх танд энэ саналыг тавихад яаж хүлээж авсан бэ?
-Анх бол мэдээж итгээгүй л дээ. Тэгээд маш хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Бас маш их эмээж байсан. Би оролцогч болгоныг бүгдийг нь тэнцүүлэх юмсан гэж маш их хүсч байсан. Учир нь бүгд л яг надтай адилхан, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр явж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл би өөрөө тэдний нэг байж хүний хүсэл мөрөөдлийг мохоох вий гэсэн айдас хамгийн их байсан.
-Анх танд шоуны шүүгчээр ажиллах санал тавьж байх үед шоуны бусад шүүгчдээ мэдэж байсан уу?
-Ямар ч байсан Д.Болд шүүгчийг орж байгааг мэдэж байсан. Тэр бол миний шоуны шүүгчээр орох бас нэг шалтгаан гэж хэлж болно. Дараа нь С.Ононбат ах байгааг мэдсэн. Харин Д.Отгонбаяр ахыг бол шоу эхлэх хүртэл мэдээгүй. Бусад шүүгч нарынхаа бүрэлдэхүүнд маш их баяртай байгаа. Хамтран ажиллахад сэтгэл хангалуун, бүгдээс нь суралцах юм ихтэй, маш мундаг хүмүүс шүү дээ. Бас би цорын ганц эмэгтэй шүүгч гэдгээ мэдэхэд хамгийн таатай байсан.
-Бусад шүүгчид маань Монголын дуу хөгжмийн салбарт харьцангуй удаан хугацаанд оршин тогтнож, их зүйлийг бүтээсэн хашир туршлагатай хүмүүс шүү дээ. Тантай хамт шоуг шүүх хүмүүсийг тэд болохыг мэдээд эмээх сэтгэгдэл төрж байсан уу?
-Одоохондоо би тэднээс суралцаж байгаа, ах нараасаа маш олон зүйлийг харж, мэдэж авсаар байна. Миний хувьд багаасаа тэднийг харж өссөн, тэднээс үлгэр дуурайлал авч ирсэн маань миний давуу тал гэж бодож байна. Учир нь яг тийм шалтгаанаар тэд миний тактикийг сайн мэдэхгүй.Намайг сайн мэдэхгүй учраас миний юу хийх гэж байгаа, ямар тактик хэрэглэж байгааг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл хүмүүс намайг мэдэхгүй байгаа нь миний давуу тал. Харин ганц айж байгаа хүн бол С.Ононбат ах л байна. Бид өмнө нь хамтарч ажиллаж байсан учраас тэр миний юу хийх гэж байгааг гадарлаж магадгүй байгаа л даа. /Инээв/
-The Voice бол зөвхөн оролцогчдын төдийгүй шүүгчдийн хоорондын өрсөлдөөн. Тийм ч учраас та хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн залууст зөвөлж, дэмжиж тэдний авьяас чадвары улам бүр өнгөлөх үүрэг хүлээхээс гадна бусад гурван шүүгчтэй хэн хамгийн сайн продюсер вэ гэдгээрээ өрсөлдөх шаардлага гарч байгаа шүү дээ.
-Энэ мэдээж өрсөлдөөн. Гэхдээ би энийг өрсөлдөөн гэж харахаасаа илүү чин сэтгэлээсээ л үүнийг хиймээр байна. Би чин сэтгэлээсээ ажилламаар байна. Чин сэтгэл хүнээс давтагдашгүй гардаг. Тийм учраас бусад шүүгч нар маань яг миний гаргаж байгаа шиг сэтгэлийг надтай адилхан гаргаж чадахгүй байх. Тийм учраас чин сэтгэлээсээ ажиллаж байгаа энэ тохиолдолд миний цорын ганц өрсөлдөгч бол би өөрөө.
-“The Voice of Mongolia” нэвтрүүлгийн шүүгчдээс ганцаараа эмэгтэй болоод ч тэр үү таны хувцаслалт, хийж байгаа үйлдэл их содон харагддаг. Дэлхийн хэмжээний нэвтрүүлэг учраас магадгүй та бусдаас өөр байхыг хүссэн үү?
-Мэдээж ганц эмэгтэй шүүгчтэй байна гэдэг бол шоуны продюсерүүд надад маш их итгэл найдвар, маш олон зүйлийг хариуцуулж байгаа хэрэг гэдгийг би гэрээ зурж байхдаа л ухамсарласан. Тийм учраас би бараг гэрээ зурж байх үедээ өөрийнхөө хэв маягийг тодорхойлсон байсан. Дэлхийн хэмжээний шоуны шүүгч болох нэр хүндтэй үүрэг хүлээсэн учраас мэдээж надад том хариуцлага ноогдсон. Би ухаантай, бодлоготой алхах хэрэгтэй гэсэн үг. Түүний зэрэгцээ би гадаад төрхөө орхигдуулж болохгүй. Үргэлж гоё сайхан, шинэлэг харагдахын тулд хичээх ёстой. Би өөрөө ч стиль, имиджээ байнга өөрчлөх дуртай хүн учраас энэ надад тийм хэцүү байгаагүй. Харин ч би маш сайн хувирч өөрчлөгддөг гэдгээ хүмүүст харуулахыг хүсч байсан учраас маш сэтгэл хангалуун байгаа. Би бүх стиль, имиджээ өөрөө бүрдүүлсэн. Тэр бүрт намайг дэмжиж, шаардагдах цаг хугацааг гаргаж өгдөг багийнханд баярладаг.
-Нэвтрүүлэг нэлээд өрсөлдөөнтэй болж байна. Тэр дундаа шүүгчид авьяаслаг оролцогчдыг багтаа авахын тулд давуу талуудаа ашиглахыг хичээж байгаа. Таны бусад шүүгчээс ялгарах онцлог, давуу тал юу вэ?
-Миний бодлоор яг энэ цаг үед хүмүүс юу үзэж байна гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь би. Шоуны 4 шүүгч нарын дундаас хамгийн их зурагт үздэг нь би юм шиг санагдсан. Нөгөө 3 шүүгч маань завгүй учраас үзэж амждаггүй л байх л даа. Миний хувьд одоогоор ихэнх цагийг охинтойгоо өнгөрүүлэхийг хичээж байгаа. Хамгийн гол нь би зурагт үзсэнээрээ хүмүүс яг юу сонирхож байна, энэ цаг үед юу хит болж байна гэдгийг маш сайн мэдэрч, мэдээлэл олж чаддаг. Энэ миний онцлог байх. Шалгаруулалтын үеэр би хамгийн түрүүнд дууны сонголтыг нь хардаг. Хэрвээ тэр хүн миний дуртай, бас сүүлийн үеийн шинэлэг дууг сонгосон байвал би илүү анхаарч сонсдог. Хэрвээ надад тэр хүн үнэхээр таалагдвал би түүнийг өөрийн болгохын тулд хамгийн зөв үг хэллэг, хамгийн зөв үйл хөдлөлийг ашигладаг. /Инээв/ Миний дуртай дууг сонгож дуулж байна гэдэг бол яг надтай ижилхэн мэдэрч байна гэсэн үг. Цаашид ч миний тактик бол оролцогчийг өөрийг нь илүү сонсох.
-Таны багт нэлээд хүчтэй оролцогчид нэгдсэн. Тэдэнтэй хэрхэн ажиллахаа одооноос төлөвлөж байна уу?
-Миний төлөвлөгөө бол илүү өөрсөд дээр нь ажиллаж, илүү сонсож, хэрвээ дутагдал байвал түүнийг нөхөх тал дээр илүү ажиллах юм. Нэн түрүүнд би тухайн хүн өөрөө яг юу мэдэрч, юу хүсч байгааг илүү сонсоно. Би сонсогчийн нүдээр, үзэгчийн нүдээр тэднийг харж энэ байдлаа гарга, энийгээ сайжруулж гэдгээ илэн далангүй хэлж, ойр дотно байхыг илүүд үзнэ.
-Дуучин Д.Болд “Никитон”-ы Батчулуун, С.Ононбат шүүгч поп дива Наранг зэрэг хүнтэй хамтран ажиллах боломжтой талаараа нэвтрүүлгийн үеэр ам алдсан. Танд ч гэсэн тэдний нэгэн адил нууц хөзөр бий юү?
-Яахав нууц хөзөрсөөд байх юм байхгүй л байх. Миний хувьд бол мэдээж багийнхнтайгаа уулзуулж цаашид явах замаа сонгох, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах хүмүүс байгаа. Би дуучидтай уулзуулахаас илүү тэр сайхан хөгмжийг зохиодог, шүлэг найргийг бичдэг хүмүүстэй уулзуулна гэж бодож байна. Тэр хүмүүс тухайн бүтээлээ яг ямар сэтгэлээр бүтээсэн бэ гэдгийг дуучин хүн хамгийн түрүүнд мэдэж, мэдрэх хэрэгтэй. Би үндэс рүү нь хандахыг илүүд үзнэ гэж бодож байна. Би өөрөө ч гэсэн дуу авахдаа хөгжмийн зохиолчтойгоо уулзаад тэдний мэдрэмжийг мэдэрч, өөрийгөө ойлгуулж байж дуугаа бүтээдэг. Дууны сүнслэг, амьдлаг чанарыг гаргахын гол утга нь тэр байх. Анх зохиосон хүний мэдрэмжийг би өөртөө дамжуулж авах, өөрөөсөө мэдрэмж гаргаад нийлүүлж, ойлголцох маягаар зохиолчтой илүү ойрхон байж ажиллах дуртай. Энэ утгаараа оролцогчдоо ч гэсэн энэ чиг шугамаар явуулна гэж бодож байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу