БНМАУ. 1946 оны намар олзны япон цэрэг өлсөж өлбөрөхийн эрхэнд байцааны навч сэм халаасалж байсныг Монгол дарга мэдчихжээ. “Нааш ир” гэж тушаалаа. Тууж явсаар хүн амьтнаас хол хадны өвөрт ирлээ. 17 настай Тамура Хироши өлсөх даарахын зовлонг нэг мөр эцэслэх үхлээ хүлээн, нүдээ аниад сөхрөн суув. Буу дуугарсангүй, мөрөн дээрээс нь зөөлхөн угзарлаа. Монгол эрийн шөрмөслөг гар огт биш. Ухаан санаа нь балартсан хөвгүүн чадан ядан хөл дээрээ тэнцээд эргэж харлаа. Өдөн малгай духдуулсан, өндөр нуруутай залуухан Монгол бүсгүй зогсож байв. Бүсгүй өврөөсөө гамбир гарган “ид ид” гэж хэллээ. Бурхан мутраа дэлгэн ирсэн юм шиг Сүхээ, Лхамаа хэмээх хоёр ачтантай анхлан учирсан тухайгаа сэтгэл хөдлөн хүүрнэж буй Тамура Хироши “Монголын хөх тэнгэрийн доорх санаанд багтамгүй хувь тавилан” дурсамжийн ном бичсэн хүн юм. 87 нас сүүдэр зооглосон энэ буурал Иватэ мужийн Мориока хот дахь Ахмадын асрамжийн газрынхаа өрөөнд бидэнтэй энэ оны хавар тухлан ярилцсан билээ.
Тамура Хироши сан бол 1945-1947 онд БНМАУ-д олзонд байсан 12381 цэргийн нэг юм. Рейхстагийн оройд алх хадуураа “зоосон” Зөвлөлтүүд жадны үзүүрээ дорно зүгт эргүүлэн, Квантуны армийг үндсэндээ хоёр долоо хоногт бут ниргэж, 700 орчим мянган цэрэг, офицер олзлон авсаны 20 мянгыг нь БНМАУ-д шилжүүлэхээр болжээ. Үүнээс 12 мянга гаруйг нь Монголд 6 хэсэг цуваа болгон хувааж авчирсан байна. Тамура бол Квантуны армийн жинхэнэ дайчин, эцсээ хүртэл тэмцэлдэх самурай ч биш “Манж-Монголыг хөгжүүлэх өсвөрийн бяцхан цэрэг” байлаа. Эх газарт тариа ногоо хурааж гэдсээ тэжээхийн хамт эзэн хааны армид туслахаар 1942 оны хавар Манжуурт, Харбин хотын орчимд ирж байрлахдаа Тамура 14 настай байлаа. Хүүхдүүд тариа ногоо ургуулсан ч юм байхгүй, цэргийн сувилагч, холбоочин зэрэг мэргэжлээр суралцах, Квантуны ар талын ажилд дайчлагдсаар 1945 онтой золгожээ. Дайны хэнээрхэлд автсан оронд төрсөн хөвгүүдэд өөр зам байгаагүй юм. Суртал ухуулгаас гадна гэдсээ тэжээх, ар гэртээ нэмэр тус болох амин зуулгын хэрэгцээ ч байсан юм. Японы заншлаар ууган хүү голомтоо сахиж, бусад нь үүрнээсээ сугарч, өөр өөрсдийн зам мөрөөр бэдрэн явах ёстой. “Нэгэнт л насанд хүрч дайнд явахаас хойш усан цэрэг л битгий болоорой. Амь гардаггүй юм. Хуурай замын цэрэгт өрсөөд явчих” гэж багш нь зөвлөсөн гэнэ. Тамура ч ээжээсээ нуун эрэлхэг өсвөрийн цэрэгт элсэх хүсэлт гаргаж, аавынхаа хувийн тамгыг сэм авч даржээ. Аав, ах хоёр нь уурхайд ажиллахаар явсан тул Тамура ээж, эгч, бэргэн эгч, ахынхаа хүүтэй цуг тосгондоо зүдрүүхэн аж төрж байсан юм. “Үгэнд орохгүй бол чамайг Моокоо ирж авна даа” гэх нь тэр үед Японд түгээмэл хэллэг байж. Моокоо гэдэг нь Монгол. Хубилайн цэргийн хоёр удаагийн довтолгоо далайн их шуурганд сүйрсэн ч хэдэн зууны тэртээх догшин түүхийн ул мөр Японы ахмад үеийнхний ой тойнд аман дамжлагаар уламжлагдсаар иржээ.
Томчууд нь оросуудыг тосон байлдахаар явж, туслах цэргийн хөвгүүд ар талд үлджээ. 1945 оны 8 дугаар сарын 15-ны үүрээр оросууд гэнэт дайран орж ирэв. Үгэнд ороогүй хүүг үнэхээр моокоо нь аваад явсжээ. Үхэл амьдралын дээсэн дээрх олзны хоёр жил хагасын хүнд өдрүүд ингэж эхэлсэн юм. Тэднийг чармай шалдлаад шалгаж нэгжин, тавагт автоматныхаа бөгсөөр хайр найргүй нүдэх орос цэрэг ялсан армийн сүр хүчтэй. Амар мөрөн хөлдөхийг хүлээн хоёр сар эрэг дээр нь байж, Владивосток хүртэл явган алхаж, ачааны галт тэргээр Сибирийг хүйтнийг нэвт туулах замд тэд осгож өлбөрч гээгдэн үлдсээр байлаа. Япон цэргийн өвлийн хувцас хасах 40, 50 хэмд нэмэргүй эд. Нэг хотоос хамт гарсан нөхөр нь яг хажууд нь суугаа чигээрээ осгочихсоныг Тамура сан мартдаггүй. Тэднийг галт тэрэгнээс буулган, эгзүй хүйтэн уулын энгэр дэх ханхайсан том модон байшинд туун авчирлаа. Мод түлэн дулаацан хоёр хонож байтал тэднийг үл мэдэх зүгт зөөх ачааны хуучин тэргүүд аахилсаар хүрч иржээ. Тэд ингэж Монголд ирсэн юм. Монголчууд Олзны хэрэг эрхлэх газар байгуулан, Япончуудыг 13 лагерьт хуваан суулгажээ. Оготор нэхий дээл, эсгийн гутал, хөвөнтэй бээлий зэргийг тавьж олгон, хэр чадлаараа л хоол хүнс, ажлын норм тогтоон мөрдүүлсэн боловч Зөвлөлтөөс өөр худалдааны түншгүй, дайны дараах Монголчууд өөрсдөө ч өлөн зэлмүүхэн байв. Монголчууд хашаан дээгүүр нь ааруул хурууд, боорцог гамбир давуулж шидэх, ширхэг тамхи сэм унагах, харуул цэрэг нь үзээгүй мэт дүр эсгэх, зөөлөн эергүү хандлагатай байсныг Япончууд хожим өөрсдөө гэрчлэн ярьцгаасан билээ. Тэднийг эхлээд асар том нүхэн гэрт оруулжээ. Зургаан зуун хүн нэг том нүхэнд байсаар амьсгалд нь газрын хонхор гэсч бүлээссэн гэнэ. Хээрийн гал тогоонд хонины дотор гэдэс хаялсан будаатай шөл өгсөн нь Япон залуучууд гурван сарын дараа идсэн анхны махтай хоол байжээ. Тэр сайхан амт одоо аманд мэдрэгдэх шиг болдог гэж Тамура гуай бидэнд хуучилсан юм. Одоогийн Амгаланд байсан тоосго цохидог бааюунд хуваарилагдаж, халуун туйпууны хүчээр 45 оны өвлийг бараад, олзныхонд зориулсан ногоо тарих ажилд дайчлагдаж чадсан. Дэг журам сахиулж байсан Япон офицерт “Ногооны ажилд хуваарилахгүй бол таныг алаад, дараа нь өөрийгөө хорооно” гэж тэмцэж байгаад явсан нь амандаа хийчих юм арай ахиу олдох болов уу гэж бодсонд байжээ. Ногоо тарихаар очсон газар нь Үхэр чулуутын аж ахуй, өнөөгийн Борнуур. Тамурагийн гэдэс гүйлгэсээр сульдаж доройтжээ. Арван хоёр мянган гаруй олзныхноос 1613 хүн Монголд нас барсаны дийлэнх нь гэдэсний өвч хижиг, бөөсөнд баригдах, сүрьеэ зэрэг өвчнөөр амьсгал хураажээ. Японы уламжлалаар чандарыг нь нутагт нь буцаан авчирч, сүнс нь үүрд амирлах хүртэл жар шахам жил өнгөрсөн билээ.
Тэр өдрөөс хойш Сүхээ, Лхамаа хоёр нас бага, нуруу намхан япон хөвгүүнийг гэртээ ажил хийлгэх нэрээр авч явж, хооллож ундалдаг, эм тан өгдөг болжээ. Буу шагайлцсан дайсандаа бүү хэл хадаг дэлгэсэн зочноо ч тэр бүр дайлж чаддаггүй бууз хийж өгнө. Өлссөн хүү бууз үмхлэхийг эхнэр, нөхөр хоёр харах дуртай. Хүү ч бууз идсээр, өнгө зүс нэмжээ. Харин олзны Японд хэт найрсаг хандсан тухай мэдээ дээд газарт хүрч, Сүхээ байцаалтад хүртэл орсон байна. Хэдийгээр их хэлмэгдлийн шуурга намжсан үе боловч самурайд туслахыг гэмт явдалд тооцдог байсан цаг. 1937 оны их хэлмэгдлийн үндсэн зохиол нь Японы тагнуул хэмээх гурван бүлгийн хэрэг байсан тул хүн ёсоор хандсаныхаа төлөө хүний данснаас хасагдах эрсдэлтэй байсан гэсэн үг. Хожим нь эзэн Чингис хаан Төрийн ордны өмнө залран харж суух төв талбайд ажиллаж байсан олзны залууг өрөвдөөд талх өгчихсөн цэрэг 10 жилийн ял сонсож байсан тухай ч баримт байна. Өөрт нь аюултай байхад ч саяханы өстөн дайснаа өрөвдөж чадсан түүх юм. Дайсан байх амархан, хүнээрээ үлдэх нь осолтой хэцүү байсан цаг.
Эхнэр, нөхөр хоёр заримдаа ногоон талбайд ирж Тамураг дуудан холхон аваачна. Өнгөт пяраанаг, гамбир, бууз сэм өгнө. Нөхөр нь огт инээхгүй, Тамураг халхлан зогсоно. “Одоо бодоход, надад хоол унд өгч буйгаа нууж байсан нь тэр юм билээ” гэж Тамура гуай хэлээд нулимс нь гарсан. Эхнэр нь Монгол хэл заана. Харин Тамураг Тамара гэж Оросчлон дуудна. “Тамара” нь ч “Шүки гуай, Тамаа гуай” гэж дуудна. Нэгэн удаа бүсгүй хөтөлгөө морьтой ирээд Тамураг авч явсан нь Япон офицерынх нь уур хардлагыг төрүүлж, Монголчуудад хов зөөдөг туршуул хэмээн сэрдэж талх, ёотон, тамхи, архи авчрахыг тушаан зодож дэглэж байжээ. Өөрсдөд нь аюултай байсан ч, үзэл суртлын хатуу хяналтын цаг дор ч Монголоо алдалгүй, хүнээрээ байж чадсаны олон тохиолын нэгэн түүхийн эзэн Д.Сүхээ нь цэргийн анхны нисгэгчдийн нэг, Бөмбөгөр ногоон теарт найруулагч, маршал Х.Чойбалсангийн бидний үед ирсэн гэрэл зургийг татсан зэрэг сонин содон ажил эрхэлсэн, орос хэлтэй, цэвэрхэн цэмцгэр эр явжээ. Эхнэр Т.Лхамсүрэн нь урлаг, уран сайханд явдаг, одоогийн Борнуурт агентаар ажиллаж байсан эмэгтэй.
Хоёр жил хагасын дараа олзлогдогсдыг гэрт нь буцаах болоход Тамура Хироши ачтай хоёр хүнийхээ гэрийн зүг харуулдсаар байтал алаг морь ижилсүүлэн уначихсан хүрээд иржээ. Барагтай бол инээдэггүй Сүхээ “Тамара аа, чи хүрээд ир” гэж цогтой, хөгжилтэй дуудсан байна. “Чи гэртээ харина аа, ээжтэйгээ заавал уулзана аа” гэж хэлээд мөрөн дээр нь алгаджээ. “Тэгэхэд би Монгол хэл гадарлаж эхэлсэн, яг тэгж хэлж байна гэж ойлгосон” тухайгаа Тамура гуай хуучилсан юм. Японруу буцах замд нь цөөн бус хүн эндсэн бөгөөд Сүхээгийн энэ үг идэр хөвгүүнд хүч нэмжээ. Өглөө бүхэн ус авахаар явахдаа голын эрэг дээр зогсоод нар мандахыг хардаг ээж нь хүүгээ хүрээд ирэхэд цочирдсондоо хоёр хоног огт дуугарч чадаагүй аж. Тамура гуай геологч болж, эхнэр авч, хүүтэй болж сайхан амьдарч, өнөөгийн Японыг үнс нурман дундаас өндийлгөсөн үеийн хүн. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг эрэлд зарцуулсан энэ хүн өглөө бүхэн бурхандаа залбирахдаа Сүхээ гуай, Лхамаа гуай хоёртоо талархаж, эргэн золгохыг хүссээр, ачтай Монгол хосыг оюун ухаандаа хайсаар хагас зуун илүүг өнгөрүүлжээ. Монголоос Зөвлөлтийн цэрэг гарлаа, Монгол нээлттэй орон боллоо гэсэн мэдээ гарсан нь Тамура гуайн олон жилийн хүслийг улам ихээр төрүүлэх болов. Монголруу жуулчнаар явж, сураг ажиг тавьж эхэллээ. Эрлийн үзүүр дэх эрдэнэ олдохгүй байсаар хэдэн жил өнгөрлөө. Харин Орос, Монголд олзонд байсан ахмадуудын ээлжит уулзалт 1998 онд болоход Иватэ муж, Мориока хотод суралцаж байсан М.Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй ирж оролцсонд Тамура гуай ач санах нэгэн насны хүслээ ярьжээ. Монголын оюутан аавдаа захидал бичиж, Япон хөгшинд туслахыг хүсчээ. Түүхч, доктор Магсаржав гуай архивт сууж, Борнуурлуу явсаар байсан боловч Сүхээ, Лхамаа хоёр их тал нутгийнхаа хаа нэгтээ уусан шингэсэн мэт сураг ажиг гарч өгөхгүй байлаа. Тамура гуайн хүслийг хувь заяа нь ивээж, санаандгүй нэгэн учралаар дараа жил нь анхны мэдээ ирэв. Баярласан хөгшин ч хүлгийн жолоо заллаа.
Б.Цэндсүрэн Борнуурт айлын бэр болж ирээд, мэргэжлийнхээ дагуу багшаар ажиллаж байв. Хичээлээ таслаад байх болсон ангийнхаа сурагчийг эмээ өвөөд нь хэлэхээр очтол баахан өвгөчүүл даалуу наадчихсан, эмгэн нь тогоо нэрчихсэн хөл хөгжөөн дээр яваад оржээ. Хэний, хаанахын хүүхэд вэ? гэж эхэлсэн хөдөөх ярианаас эрлийн үзээр эхлэн хөвөрчээ. Д.Сүхээ, Т.Лхамсүрэн нарын ач охин Б.Цэндсүрэн өвөө, эмээ хоёрынхоо ажиллаж амьдарч байсан Борнуурт бэр болж очсон нь Тамура гуайн эрэл бүтэхийн эхлэл байлаа. Тамура гуай хуучин зурагнаас эхлээд “Тамаа гуай”-гаа таньжээ. Харин тэд аль хэдийнэ тэнгэрийн оронд морилчихсон, ганц хүү нь ч гэнэтийн ослоор нас барчихсан байв. Ачтай хүмүүсийнхээ ганц бэрийг, ач хүү, ач охидтой нь олж учран золгосон нь тэр юм. Аавгүй, өвөөгүй хүүхдүүд Япон өвөөтэй болсон. Япон өвөө нь ч жил бүр шахам ирнэ. Хаа байсан Япон хүнээс өвөө, эмээгийнхээ тухай сонсож мэдсэн нь их. Сүхээ, Лхамаа гэдэг хоёр хүн “Хүүхэд хооллоо л биз” гэсэн шиг энэ тухайгаа хэнд ч хэлж ярьж байсангүй. Харин Тамура гуайд тэр ач нь амь амьдралыг нь аварсан, ээжтэй нь уулзуулсан энэрэл байлаа. Тэд Япон өвөөтэй болсоноор нэг ач охин Б.Солонго нь япон хэл сурчээ. Тамура гуайн эрлийг бүтээж өгсөн М.Эрдэнэчимэгийн компанид Б.Солонго ажилд оржээ. Өвөг дээдсийнхээ сайн үйлийн үрийг үр хойч нь хүртэж байна. Олзныхны барилцсан төрийн ордон, Гадаад хэргийн яамны байшинд Монгол төрийн алтан аргамжаа зангидагдаж, МУИС, 1-р сургуульд шинэ үеийнхэн суралцаж, Дуурийн театрт дэлхийн сонгодгууд эгшиглэдэг, өнгөрсөн зуунд дайтаж явсан Япон өнөөдөр Монголын хамгийн том донор билээ.
Тамура Хироши гуайн эртний анд нөхөр нь Монгол Улсаас Японд Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Хүрэлбаатар. Элчин сайд ирж золгож байна, хүн ёсоор хандаж байна гэдэг нь Монгол Улс надтай уулзаж байна гэсэн үг хэмээн Тамура гуай талархан ярьдаг юм. Хатуу цагт хүнээрээ байсан Монголчууд, тэр ачийг насан туршид мартаагүй япон өвгөний түүхийг элчин сайд С.Хүрэлбаатар бидэнд анхлан дуулгасан билээ. Тамура гуайн амьдралын сонин эгзэг, хувь тохиол яаж ийгээд Монгол хүнтэй холбогддог. Наритагийн онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд бие нь муудахад бум бужигнасан тэр газарт Монгол хүн анхлан таарч тусламж дуудсан. Өвгөн Монгол хүн л таарвал туслахыг хичээнэ. Тэдний нэг нь мэргэжлийн сумогийн их аварга Д.Бямбадоржийн эхнэр болсон Баттуул. Тамура гуай аваргын нижгэр хуримд уригдсанаа их тавилан гэж хэлж байсан юм. Мориокад ажиллаж амьдардаг Л.Мөнхбат хэмээх залуу хөгшнийг хүү шиг нь асарч тойлсон билээ. Тамур Хироши гуай “Би хойд насандаа Монголд төрөхийг хүснэ. Бурхан багш хүслийг минь болгоох байх” гэж хэлээд бидний ярилцлага төгссөн юм. Энэ ярилцлагаас хоёр сарын дараа Тамура Хироши сан бурхан зүг болсон билээ. Монгол дээлтэй, жанжин малгайтай Япон өвөө Монгол хүн болж төрөхөөр явсан нь тэр болов уу.
Нийтлэлч Д.Болдхуяг 2015.11.23