Өнөөдөр Юрий Алексеевич Гагарин ахын мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрээр Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд 1934 оны энэ өдөр мэндэлжээ. 1961 оны 4 сарын 12-ын өдөр Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон.
Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байлаа.
Эх дэлхийдээ хөл тавьмагц Гагарин алдар хүндийн оргилд хүрчээ. Никита Хрущевтай уулзах үеэрээ тэрээр Коммунист намын сүр хүчийг бахдан магтаж, Зөвлөлтийн коммунист дэглэмийн үзэл суртлын нэг зэвсэг болж байлаа. Гагарин дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байв.
Тэрээр 1962 онд ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдсон юм. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа Оддын хотхонд суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байв. Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм.
Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал хийжээ. 2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан хэмээн тайлбарлажээ.