Дэлхийн 50 гаруй орноор аялж, зургаан өөр оронд амьдарч байсан Германы жуулчин Анн хэмээх бүсгүй аяллынхаа түүхийг бичдэг өөрийн блог болох http://annewestwards.com/2016/10/the-dark-side-of-mongolia/-д “The dark side of Mongolia” буюу “Монголын бараан тал” нэртэй нийтлэл бичжээ. Тэрээр энэхүү нийтлэлд Монголчуудын бусдын хувийн орон зайг хүндэлдэггүй байдал болон эрэгтэйчүүд түүнээс удаа дараа бэлгийн харилцаанд орохыг санал болгосон талаар дэлгэрэнгүй бичсэн байна.
Анн хэлэхдээ “Ганцаараа аялж яваа гэхээр Монголчууд гайхаж байсан. Эх орноосоо хол, эзгүй хээр талд унадаг дугуйтай явж байсан болохоор тэдэнд сонин санагдсан байх л даа. Гэхдээ ажил хийж олсон мөнгөөрөө өөр оронд аялахын тулд эцэг эхээсээ заавал зөвшөөрөл авах албагүй шүү дээ. Би хотод зочид буудал, guesthouse-т байрладаг байсан. Зарим өрөө цоожгүй учир өглөөний гурав, зургаан цагт буудлынхан зөвшөөрөл авалгүйгээр орж ирэн, намайг өрөөндөө байгаа эсэхийг шалгадаг байсан. Монголчууд нүүдэлчин соёлтой, гэрт олуулаа амьдардаг хүмүүс гэдгийг нь мэднэ л дээ. Гэхдээ тэдний бусдын хувийн орон зайг хүндлэхийг мэддэггүй байдал нь шүүмжлүүштэй санагдсан. Хөдөө унадаг дугуйтайгаа аялж явахад заримдаа майханд унтах болдог. Нутгийн эрчүүд сонирхон ирж яриа үүсгэх тохиолдол их байсан. Зарим нь мотоциклтойгоо ирж дуу хадаана, зарим нь морьтой ирнэ. Харин зарим хүний анхаарал халамж тавьсан сэтгэл нь халуун дулаан санагдаж байлаа. Эмэгтэй хүмүүс сүүтэй цай, цагаан идээтэй ирж, аян замд маань амжилт хүсдэг байлаа. Харин хөдөө газрын өдсөн харц, түрэмгий үйлдэлтэй, шүгэлдэж, “sexy baby”-гээр дуудсан эрчүүдтэй хэд хэдэн удаа тааралдсан маань тийм ч сайхан туршлага болоогүй юм. Аяллын хугацаанд өсвөр насны хүүхдээс эхлээд 60 орчим нас хүртэлх эрэгтэйчүүд өөртэй нь дотно харилцаанд орохыг санал болгосон. Зарим нь гуя, бэлхүүс, хөхөнд хүрэх тохиолдол ч гарсан юм. Уг нь би цөөхөн хүн амтай Монголд амар амгаланг эрэлхийлж ирсэн. Би Монголд аялахаар төлөвлөж буй эмэгтэйчүүдэд согтуу хүнтэй аль болох харилцахгүй байж, ганцаараа байх үедээ сонор сэрэмжтэй байн, хэн нэгний анхааралд өртсөн бол өөр эрэгтэйчүүдийн хажууд (хамгаалах хүнтэй гэж харагдахын тулд) байхыг зөвлөмөөр байна. Ямартай ч надад сайхан сэтгэлээр тусалсан Монголчуудад талархаж, санан дурсаж явдаг. Харин хүндэтгэлгүй харилцсан хүмүүсийг цаг хугацааны аясаар уучлахыг оролдож байгаа” хэмээжээ.