Өнөө өглөө 10:00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал дөнгөж саяхан завсарлага авлаа.
Шүүхийн шийдвэр эцэслэн гарах болоогүй байгаа ч улсын яллагчийн зүгээс дэд сайд Э.Эрдэнэжамъянд 30 гаруй сая төгрөгөөр торгох, мөн төрийн албанд ажиллах эхрийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах ял төлөвлөсөн байгаа ажээ.
Харин Э.Эрдэнэжамъяны өмгөөлөгч Т.Сугарням “Э.Эрдэнэжамъян Хууль зүйн дэд сайдынхаа хувьд бус иргэн хүнийхээ хувьд интерпол руу захидал бичсэн. Тийм учраас энэ нь төрийн албаны ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй. Төрийн албанд ажиллах эрхийг хасах үндэслэл байхгүй” гэж үзэж байна.
Хэргийг эргэн сануулахад, АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэж буруутгаж байгаа юм.
Л.Бадрах ugluu.mn