Энэ удаагийн миний зочин Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн. Түүний яриаг нухацтай тунгаан уншина гэдэгт итгэж байна.
-Юуны өмнө миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Яриагаа шууд эхэлье. Дуу хураагуураа асаалаа шүү.
-Шууд ингээд эхэлчихэж байгаа юм уу. (инээв) Энэ жижиг аппарат гаднаас нь харахад энгийн зүйл мэт боловч нэг тийм субьектив байдлаар сэтгэл зүйд нөлөөлөөд байдаг юм аа.
-Тийм үү. Эфир биш болохоор зочдоо би харьцангуй тайван орчинд урьдаг гэж боддог. Тийм ч учраас тэд илүү дотроо уудалдаг гэж итгэдэг юм. Зүгээр ээ, та үүнийг мартчих.
-За, хичээе.
-СЗХ (Санхүүгийн зохицуулах хороо) мэдээж чухал байгууллага гэдэг нь ойлгомжтой. Сүүлийн үед бүр ч илүү анхаарлын төвд орж ирж байна. Гэхдээ үүнийг нэг талаас эмэгтэй даргатай болсонтой нь холбож харж байгаа хэсэг ч байх юм. Анхны дарга нь Д.Бадраа агсан байсан.Та гурав дахь дарга билүү?
-Дөрөв дэх нь. Миний өмнөх дарга бас эмэгтэй, тэр маань одоо УИХ-ын гишүүн З.Нарантуяа шүү дээ.
-Анх байгуулагдсан үед нь манай санхүүгийн орчинд олон үймээн, олон буруу зөрүү давалгаа үүсч байсан. Үүнтэй тэмцэж байгаад л Д.Бадраа агсан амиа алдсан харамсалтай түүх бий. Тэр үед АТГ-ын анхны дарга бас хачирхалтай байдлаар нас барсан. Ингээд бодохоор эмгэнэлтэй бодлууд орж ирдэг юм.
-Харамсалтай явдал л даа.
-Тэгээд дараа нь Д.Баярсайхан дарга ирсэн. Түүний ажилласан жилүүдийг ерөнхийдөө юу гэж хардаг вэ гэхээр байгууллага өөрөө орон зайд биеэ олж гальбиржихад тодорхой цаг хугацаа ордог. Тэр цаг хугацааг нь нэлээн сунгачихсан юм байна даа гэж боддог. Мэдээж одоо энэ болж байгаа процессуудыг хараад шүү дээ. Байгууллагын хөгжил яг ямар шатандаа явж байна, өнөөдөр дэлхийн бусад жишгүүдтэй харьцуулахад ямар төвшинд хүрчихээд байгаа юм. Эндээс хоёулаа яриагаа эхэлье.
-Байгууллага маань 12 жилийн л түүхтэй. Зах зээл дээр банкнаас бусад бүх санхүүгийн салбарууд тэр дундаа Банк бус санхүүгийн байгууллагууд (ББСБ), Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ),хөрөнгийн зах зээл дээрх брокер дилерүүд, андеррайтер, хөрөнгө оруулалт менежментийн компаниуд, даатгалын салбарын даатгалын компаниуд, даатгалын зуучлагч, хохирол үнэлэгч гээд нийтдээ 2000 гаруйСЗХ-оос тусгай зөвшөөрөл авсан зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааг зохицуулдаг байгууллага юм. Мэдээж 12 жил зогсолтгүй ажилласан. Түүнийх нь үр дүн ч зохих төвшинд байгаа гэдгийг үгүйсгэж болохгүй л дээ.
-Танайхаар зохицуулагддаг тэр 2000 байгууллагын хэдэн хувь нь хувийн хэвшил вэ?
-Төрийн өмчийн өмчийн оролцоотой Монголын хөрөнгийн бирж зэрэг зарим нэг зохицуулалтын байгууллагыг эс тооцвол үлдсэн нь бүгд хувийн байгууллагууд.
-Ерөнхийдөө хувийн хэвшилтэй ажилладаг юм байна?
-Тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлүүдийг нэгтгэсэн, тэдний төлөө үйлчлэх төрийн бус байгууллагууд бий. Жишээ нь, даатгалын компаниудыг эгнээндээ нэгтгэсэн “Даатгалын холбоо”, ХЗХ-дыг эгнээндээ нэгтгэсэн “Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо”, ББСБ-ыг эгнээндээ нэгтгэсэн “Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоод”, хөрөнгийнзах зээл дээр брокер дилер, үнэт цаасны компаниудыг нэгтгэсэн “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоод” гээд бүгд л орно. Тэгэхээр СЗХ-ны хувьд зохицуулалттай байгууллагуудынхаа үйл ажиллагааг зохицуулах, хяналт шалгалт хийх, эргээд санхүүгийн зах зээл дээрх тогтвортой байдлыг хангах, улмаар үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийгээ бодлогоор дэмжих үйл ажиллагааг л явуулдаг. Өнөөдрийн байдлаар бол 20 гаруй хууль, 170 гаруй дүрэм журам, заавраар энэ зах зээлийг зохицуулж байна. Ер нь хөгжлийнхөө хаана нь явж байна вэ гэсэн таны асуултанд хариулъя. Өнгөрсөн хугацаанд СЗХ бол зохицуулалтын тал дээр илүү их анхаарсан юм байна аа. Өөрөөр хэлбэл хууль, эрх зүйн орчин, дүрэм журмаа боловсруулан мөрдүүлэх талын зохицуулалтад түлхүү анхааран ажиллажээ гэж харж байна. СЗХ-ны хувьд эрх зүйн зохицуулалтаас гадна санхүүгийн зах зээлийг эдийн засгийн хөшүүргээр, эдийн засгийн аргаар удирдах учиртай. Энэ хоёр зохицуулалт нийлж байж, санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдал хангагдана. Хууль эрх зүйн орчны хувьд бол мэдээж өөрчлөлт оруулах, шинэчлэх шаардлагатай зүйл бий. Харин эдийн засгийн агуулгад ньэнэ цагт нэлээнанхаарах ёстой юм. Энэ ч утгаараа дэлхийн улс орнуудын санхүүгийн байгууллагатай харьцуулахад хөгжлийнх нь төвшин хаана нь байна, санхүүгийнхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг ард иргэд, айл өрхөд өгч чадаж байна уу, өгөөж нь хэр байна гээд үзэх юм бол нэлээн их хийх зүйлүүд байна гэж харж байна. Санхүүгийн салбар нь банк, даатгал, үнэт цаасны зах зээл гэсэн гурван тулгууртай. Эдгээр тулгуурууд харилцан ойролцоо жин дарж байж даац сайтай болно.Монголын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай. Нэг тулгууртай гэсэн үг. Тэгээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр эдийн засаг маань өсдөг, буурахаар эдийн засаг агшдаг, мууддаг.
Тэгэхээр санхүүгийн салбар маань банк гэсэн нэг тулгууртай. Нөгөө хоёр тулгуур нь сайн хөгжөөгүй. Иймээс банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх, ойролцоо төвшинд хүргэх эдийн засгийн хөшүүрэг, үйл ажиллагаа маш чухал байна.
-Ер нь бол СЗХ-г байгуулахад өгөгдсөн анхны чиг үүргийн тодорхойлолтууд бий. Монгол улсынсанхүүгийн зах зээлийнтогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих гэх мэт. За, тэгээд энэ дотор чинь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэх чиг үүрэг ч бий байх аа?
-Байгаа.
-Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулагчдыг манай зах зээлээс ерөнхийдөө дайжсан гэж ажиглагчид үздэг. Энэ хууль тогтоомжийн биелэлтийг хянах, анхаарал тавих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэдэг ойлголт манайх шиг ийм хөгжиж буй оронд маш чухал зорилт. Гэтэл бодит байдал дээр өөр дүн гарсан. Ганц нэг хэрэгжиж эхлэсэн төслүүд нь дутуу хагас ойлголттой, олон нийт хийгээд улс төр оролцсон гацаатай. Мөн жаахан өндийх нь үү гэж байсан барилгын салбар хэцүү байдалд орчихсон. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүргээ та нар яаж хангаж ажилласан юм бэ?
-Би энд ирээд яг 20 сар ажиллаж байна. Ер нь санхүүгийн зах зээл дээрх тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийнхэээрх ашгийг хамгаалах гэдэг бол маш том зорилт. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах нь өсөлт, хөгжлийг бий болгохтой салшгүй холбоотой. Огцом өсөөд буураад байдаг биш тогтвортой өсөлттэй байж хөгжинө. Тэгж байж ард олонд мэдрэгдэнэ.Тэгэхээр санхүүгийн зах зээлийн хувьд 2011 онд эдийн засаг 17.5 хувийн өсөлттэй байхад хөрөнгийн зах зээл дээр томоохон өсөлт бий болсон. Тэр үед ХЗЗ-ийн үнэлгээ нь 2.1 их наяд төгрөгт хүрсэн байдаг юм. Энэ ньбол гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөнтэй холбоотой. Үүний тодорхой хэсэг нь ХЗЗ рүү хийгдсэн. Үүнээс хойш таван жилийн туршид санхүүгийн зах зээл дээр байнга бууралт явагдсан. Тэгээд өнгөрсөн оноос тодорхой хэмжээний өсөлт ажиглагдаж байгаа бөгөөд энэ өсөлтийн хэмжээ сүүлийн 26 жилийн доторх хамгийн өндөр өсөлт болж байна л даа.
-Та тоон үзүүлэлтээр хэлэхгүй юу?
-Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Зөвхөн ХЗЗ-ийн хувьд. Энэ өсөлт нь дотоод эх үүсвэрээр бий болсон онцлогтой бас макро эдийн засгийн нөхцөл харьцангуй сайжирсан нь нөлөөлсөн. Дотоод эх үүсвэрийн хувьд томоохон компаниудын нэгдэл байна. Дээр нь гаргасан IPO-нүүд өндөр амжилттай. Үндэсний томоохон компанийн бонд ч гэсэн амжилттай гарч байгаа.
-Аливаа зөвшөөрөл олгодог байгууллагууд хараа хяналтаар шахуулж, буруу зөрүү ойлголт, бас хардлагаар балбуулж байдаг нь бараг зүй тогтол. Тэгэхээр зөвшөөрөл олгодог явцаа жаахан тодруулж ярьж болох уу?
-Зөвшөөрлийг компаниудын бизнес төлөвлөгөөг нь нягтлах, дээр нь дундын зуучлал хийж эрсдлийг нь даадаг компаниудын үнэлгээ, тооцооллыг нягтлах, шалгах ажиллагаа явуулна. Олон нийтэд санал болгож буй хувьцааны хувь хэмжээ, IPOгаргаж байгаа талыг зөвхөн биш, бас хувьцааг худалдаж авч байгаа талын эрсдлийг бууруулах арга замыг хүртэл хардаг. Бүхэлдээ санхүүгийн зах зээлд гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлийн сорилтыг даахуйц байх учиртай.
-“Сүү” ХК , “Ай түүлс”, “Анд Энерги”, “Лэнд.mn ББСБ” гээд бүгдээрээ л гайгүй байна уу. “Сүү” ХК-ийн бонд илүү амжилттай явж байна уу?
-Бүгдээрээ сайн. Тэгэхээр “Ай түүлс”-ийн хувьд бол захиалга нь 300 хувь давж биелсэн бол, “Лэнд.мн”-ийн хувьд 650 хувь давж биелсэн. Тэгэхээр зах зээл дээр тийм их хэмжээний хүлээлт байна аа л гэсэн үг. Дээр нь бид 2016 оны гуравдугаар улирлаас2017 оны хоёрдугаар улирлын хоорондын зах зээл дээрх судалгааг хийж үзэхэд иргэдийн СЗХ-г мэддэг гэсэн хувь хэмжээ хоёр дахин өссөн байгаа. СЗХ-г мэдэхгүй байна гэсэн нь 24 пунктээр буурсан. Тэгэхээр СЗХ түүний хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа ард иргэдэд танигдаж эхэлж байна гэж ойлгож болохоор байгаа юм. Банк бус санхүүгийн салбарт л гэхэд гаргасан нэг шийдэл бол ББСБ-уудын дүрмийн санг нэмэгдүүлсэн. Өнөөдөр ББСБ-уудын зах зээл дээрх нийт хөрөнгө нь 1 их наяд хүрээд байгаа.
-Энэ 1 их наядын ард байгаа хамгийн чухал ололт нь юу вэ. Мэдээж хөрсөн дээрх, иргэдэд шууд туссан ?
-Хамгийн чухал ололт нь зээлийн нийлүүлэлт нэмэгдээд, хүү нь буурсан. 2016 онтой харьцуулахад 2017 онд зээлийн хүү 0.6 хувиар буурсан. Жинлэгдсэн хувь нь. Даатгалын салбарын хувьд ч ялгаагүй, энэ салбарын нөөц сангийн хэмжээ нэмэгдсэн. Даатгалын салбарын нийт хөрөнгө 20 орчим хувиар нэмэгдсэн. Бүхэлдээ банкнаас бусад санхүүгийн салбар өнгөрсөн онд 25 хувиар өссөн.Амжилттай IPO, нээлттэй давхар бүртгэл, зээлийн хүүгийн бууралт зэрэг нь санхүүгийн зах зээлийг сонирхох ард иргэдийн сонирхол, итгэх итгэлийг сэргээж байгаа юм. Сайн сайхан болчихлоо гэхээсээ илүүгээр цаашид санхүүгийн зах зээлээ тогтвортой өсгөх, хөгжүүлэх тэр суурь тавигдаж байна гэдгийг хэлмээр байна. Өнгөрсөн 20 сарын хугацаанд СЗХ үндсэндээ гурван журам шинээр гаргаад хоёр журамд л нэмэлт өөрчлөлт хийсэн. Статистик хэлэхэд 2016 оны нэгдүгээр сараас долоодугаар сарын хооронд 119 журамд өөрчлөлт оруулсан ба шинээр гаргасан байдаг юм. Тэгэхээр дүрэм журмыг байнга өөрчлөөд байна гэдэг нь эргээд салбарын сахилга бат ямар болох уу, тэр дүрэм журмын хэрэгжилт яах билээ зэрэг олон асуултууд урган гарна. Аливаа гаргаж байгаа бодлого шийдвэрийг нэгд, маш сайн тооцож судалж байж гаргах хэрэгтэй. Нэгэнт гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлж байж л түүнээс үр дүн гарна. Түүнээс биш дүрэм журмаа байнга өөрчилснөөрөө тэр зах зээл дээр сайн сайхан зүйл авчирдаггүй гэдэг нь өмнөх туршлагуудаас харагдаж байгаа юм. Мэдээжийн хэрэг дүрэм журам өөрчлөн сайжруулах, шинэчлэх зүйл байна. Эдийн засгийн хөшүүргээрээ энэ зах зээлийг хөгжүүлэх, тэр хөшүүргийг бий болгох, дэмжих, ингэж байж л бид ард иргэд, айл өрхийн итгэлийг авч чадна. Тэр итгэл дээр тулгуурлан энэ зах зээлийг удирдах, зохицуулах, цаашид хөгжүүлэх боломж илүү бий болно.
-Тэгэхээр банк бус санхүүгийн салбарыг танайд хариуцуулахаар хуульчилсан. Гэхдээ монголд болж буй үйл явдлыг унших тийм ч их ажиллагаа ордоггүй л дээ.СЗХ-той холбоотой шүүмжлэлүүд, энэ байгууллагын удирдлагатай холбоотой эсэргүүцэл өрнөх үед оролцдог оролцоог ажиглахад банкны фигурууд л ил далд нэлээд явж байгаа харагддаг юм. Гэтэл хуулиар бол банкнаас бусад санхүүгийн салбарыг зохицуулахаар үүрэгжүүлсэн байдаг. Энэ юутай, ямар эрх ашигтай холбоотой гэж та боддог вэ?
-Хэцүү асуулт байна. Жишээ нь, одоо өрнөж буй дайралтуудын хүрээнд энэ өнцгийг хэн ч хөндөхгүй явж байгааг та бас анзаарч л байгаа байх. СЗХ анх 2006 онд байгуулагдахад Монгол банкны хяналт шалгалтын газрын бичил санхүүгийн хэсэг энд ирсэн. Тэгэхээр зарим зүйлийн угшлыг эндээс харж болох л юм. Тодруулбал банк бус санхүүгийн салбар,бичил санхүүгийн салбар гээд өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн салбаруудад анх зөвшөөрлийг нь Монгол банк өгдөг байсан байхгүй юу. Тэгээд СЗХ дээр ирсэн.
-Би яг наадахыг чинь хараад байна л даа. Нэр нь жижиг боловчих ачаа үүрдэг, их ашиг олдог, банкнуудаас хөнгөн хөлтэй, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж хүссэн зээлийг олгодог ийм газруудын эрх ашгийн тухай яриа шүү дээ. Тэгэхээр энэ зөвшөөрлийг олгодог эрхэн дээр чинь фокус тааруулж харж болох юм. Ерөнхийдөө сайн шалгавал бүгдээрээ далд нэг, нэг холбоотой, ББСБ-уудтай, ХЗХ-той. Тэгээд тэр бизнес дээр нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа учраас одоо хүчтэйхэн хөдөлж эхэлж байна гэж харж байна. Ер нь төрд өндөр алба хашиж байгаа, төрийн мэдлийн банкинд ажилладаг нөхдүүд хувьдаа ийм байгууллагатай эсэхийг зарлах бололцоо танайд байдаг уу, эсвэл танайд хамаагүй асуудал уу? Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг улс орныг хэрсэн хувийн асар том сүлжээтэй, тэр нь банк шиг томорчихсон бизнестэй банкны захирал ч байж л байлаа.
-Таны асууж байгаа зүйлсийн талаар би өмнө нь сонсож байсан л даа. Сонсоогүй гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ шалгагдсан, нотлогдсон бус зүйлсийн талаарх бүх яриа хариуцлагагүй яриа хөөрөө байдаг. Тэгсэн гэнээ, тэгсэн л байх, тэр ерөөсөө муухай хүн, тэр л ингэсэн байх гэх мэт байдлаар ханддаг энэ хандлагад манай нийгмийн олон үнэт зүйлс гутаагдаж байна. Та өөрөө энэ талаар хүчтэй байр суурь баримталдаг хүн шиг санагддаг. Өнөөдрийн байдлаар нийт 533 ББСБ байгаа. Тэдний 400 гаруй нь Улаанбаатар хотод, үлдсэн хэсэг нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түрүүн хэлсэн нийт хөрөнгийн хэмжээ 1 их наяд төгрөг байгаа. Энэ бол албаны баримтууд. Мэдээж танд далд оршиж байж болзошгүй, бизнесээ хамгаалж элдэв бусармаг үйл ажиллагаа явуулдаг байх магадлалтай бүлэглэлүүдийн талаар хөндөх, хардах сонгодог эрх байгаа. Би таны энэ эрхийг бас хүндэтгэж байна.
-Тэр хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын үеийг хоёулаа саная л даа. Ардаа том уулгүй хоршоод л сөнөж дампуурсан шүү дээ. Хөдөө ч гэсэн овоо амжилттай ажиллаж байсан олон хоршоо, нөхөрлөл, хадгаламж зээлийн хоршоод дампуураад л унацгаасан. Миний энд хөндөөд байгаа зүйл бол маш далд байдаг, эзэн нь би байна гээд хэлэхгүй зүйл. Ийм эзэд одоо их хуралд сууж ч байж болох. “Миний нэг ББСБ бий шүү, манай ХЗХ байгаа аятайхан аваад явна шүү гэдэг ч юм уу” захиас танд ирж байсан уу? Ах дүү, амраг садан ч юм уу, найз нөхдөөрөө дамжуулаад бүлэглэлээр явж байгаа ийм ажиллагаа байна л гэж би хэлэх гээд байна.
-Банкнаас бусад санхүүгийн салбаруудын зохицуулалт, шийдвэрийг гаргахад амар биш. Маш олон зохицуулалттай этгээдүүд байдаг. Би түрүүн хэлсэн 2000 гаруй байгууллагын үйл ажиллагааг зах зээл дээр зохицуулдаг гэж. Зах зээлийн далайц, хувь хэмжээний хувьдбага ч, нөлөөлөл өндөртэй салбар гэдгийг би нуухгүй. 2016 онд ББСБ-ын дүрмийн санг 2.5 тэрбум төгрөг шинээр байгуулж байгаа газруудад,хөдөө орон нутагт 200 сая төгрөг, Дархан, Эрдэнэтэд 600 сая төгрөг байх шийдвэрийг гаргасан. Ажиллаж байгаа ББСБ-уудын хувьд бол дөрвөн жилийн хугацаанд үе шаттайгаар дүрмийн сангаа нэмэгдүүлэх гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргахад үүсч байсан олон асуудлыг эргээд харахад олон ашиг сонирхол байгаа нь харагдаж байсан. Энэ шийдвэрийг тооцоотой судалгаатай, бусад улс орнуудын кейс судалгаа, харьцуулалт дээр үндэслээд гаргасан. Гэсэн хэдий ч багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Хувь хүмүүс эрсдлээ даагаад ББСБ байгуулаад явахад Төр хориг саад тавиад, босго өндөрсгөх шаардлагагүй гэх мэт. Бас л том эсэргүүцэлтэй тулсан шүү. Тэгээд жил гаруйн хугацаа өнгөрөхөд банк бусууд 98, 99 хувьтайгаар дүрмийн сангаа нэмэгдүүлээд явчихаж байгаа юм. Тэгэхээр эргээд зүй тогтлыг харах юм бол бидний шийдвэр зах зээл дээр хэрэгжих боломжтой, хэрэгжиж байгаа нь харагдаж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу