Охид, бүсгүйчүүд минь нүүрээ дан ганц зориулалтын саван, цэвэрлэгч хөөс, сүүн шингэн зэргээр цэвэрлэж арчлах нь хангалттай гэж бодож явдаг бол энэ нь маш том эндүүрэл юм. Дан ганц нүүрээ цэвэрлээд, чийгшүүлэгч, тос түрхээд байх нь арьсанд тань хангалттай арчилгаа болж чаддаггүй.
Та өөрөө ч анзаардаг байх дээрхи арчилгааг хийгээд байхад л арьс чинь хуурайшиж, өнгөө алдааад байдаг шүү дээ. Тиймээс арьсандаа заавал “Нэмэлт арчилгаа” хийж байх хэрэгтэй. Арьсны нэмэлт арчилгаа гэдэг нь арьсанд тэжээл өгөх маск, иллэг болон арьс гуужуулагч хэрэглэхийг хэлж байгаа юм.
Гуужуулагч: 18 наснаас эхлэн арьсны өнгөн давхрага 21-28 хоногт гуужиж шинэ эд эс төлждөг. Гуужуулагчийг холимог, тослог арьстай бол 7 хоногт 2 удаа, бусад арьсанд 7 хоногт 1 удаа хэрэглэнэ. Нүүрээ цэвэрлэсний дараа чийгтэй арьсан дээрээ гуужуулагчаа дух, хамар, эрүүний хэсэгт түрхээд нүүрний иллэгийн шугамын дагуу 30-40 секунд иллэг хийнэ. Дараа нь усаар угааж авна.
Анхаар: Үсэндээ, зовхиндоо, уруулдаа хүргэж болохгүй. Нэг газраа хэт удаан иллэг хийж болохгүй. Оройн цагаар гуужуулагчийг хэрэглэх нь илүү тохиромжтой.
Маск: Арьсыг шаардлагатай амин дэмээр тэжээж өгдөг.
Крантны ус, гар нүүрийн энгийн саван нь арьсыг хуурайшуулж, загатнуулж, улмаар үрэвсүүлэх талтай. Гоо сайхны толь болсон нүүр царайгаа сайхан байлгах хамгийн энгийн бөгөөд хамгийн эхний алхам болох нүүр цэвэрлэгээндээ анхаарал хандуулдаг байх нь чухал. Таны нүүр цэвэрхэн, зөөлөн, чийглэг арьстай байх, батга, үрэвсэлгүй, цаашид ч гадны элдэв нөлөөнд өртөхгүй, үрчлээтэхгүй байх эсэх нь арьсандаа тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэж заншихаас шууд хамаарна. Батга, үрэвсэлтэй, үрчлээтэж буй, хуурай, тослог, холимог, эмзэг… гэх мэт маш олон төрлийн асуудалтай арьс бүрт тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүнүүд байдаг. Тиймээс тохирсон бүтээгдэхүүнүүдээр нүүрээ сайтар цэвэрлэ.
Үүний дараагаар цэвэр болсон арьсандаа тэжээл өгч, чийгшүүлэх маск тавих хэрэгтэй. Ингэснээр таны арьс уян хатан, зөөлөн болж, өнгө нь ч сэргэх болно. Мөн өөрийн арьсны төрөлд тохирох, эсвэл арьсан дахь асуудлыг багасгах нөлөөтэй маскуудыг тавих хэрэгтэй.
Анхаар: Маск нь хуулдаг, угаадаг гэх зэрэг олон янз байдаг тул маскыг зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Мөн ямар ч төрлийн маск тавьж байх үедээ ярих, инээх зэргээр нүүрний арьсаа таталдуулах хэрэггүй. Зүгээр л хэсэгхэн зуур ч болов дуг хийгээд ав. Мөн ихэнхи маскыг 15-20 минут, ихдээ 30 минут тавих зохиулалттай байдаг гэдгийг санаарай. Үүнээс гадна маскыг долоо хоногт 1-2 удаа тавих нь зүйтэй байдаг.