Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлд анхаарал хандуулах болсон жүжигчин Г.Ундармаа дараагийн бүтээлдээ оржээ. Энэ удаад түүний “U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл “Ангарагаас ирсэн эмэгтэй” +18 модерн драмын жүжгийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. Энэхүү жүжгийг эмэгтэй уран бүтээлчид бүтээж байгаагаараа онцлог аж.Жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри ажиллаж байгаа юм байна.
“Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драмын жүжгийн гол дүрд Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөлөл болоод буй жүжигчин С.Идэрмаа нар тогложээ. С.Идэрмаагийн хувьд ”’Зүрхний хилэн” киноны Сүглэгмаагийн дүрээр олонд танил болсон билээ. Жүжигчин бүсгүй маань жүжиглэхээс гадна чамгүй сайн дуучин гэдгээ “Voice” шоуны үеэр харуулаад авсан. Жүжиг ирэх тавдугаар сарын 4-17-ны өдрүүдэд “Асем Вилла”-д гарахаар бэлтгэж байгаа аж.