НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дахь удаагийн чуулган дээр Ираны ерөнхийлөгчийг үг хэлэхэд Израилийн төлөөлөгчид танхимыг орхин гарч явсан тухай мэдээлэл гарсан. Израйлийн ерөнхий
сайд Беньямин Нетаньяху “Иран холокостыг хүлээн зөвшөөрсний дараа бид Ирантай яриа хэлэлцээнд орно” гэж мэдэгдэж байв. Харин түүний CNN-д өгсөн ярилцлагад Ираны ерөнхийлөгч Хасан Роухани холокостыг хүлээн зөвшөөрсөн хэмээн энэ үеэр яригдаж байв. Гэтэл үнэн хэрэгтээ ийм зүйл болоогүй гэнэ. Үүний улмаас Америкийн телевиз болон араас нь дэлхийн олон хэвлэл мэдээллийн байгууллага Ираны ерөнхийлөгчийн хэлсэн үгийг гуйвуулсан тухай Оросын хэвлэлд мэдээлжээ. Хасан Роухани “Би өмнө нь хэлж байсан. Түүхч биш гэж. Түүхчид л түүхэн үйл явдлыг тайлбарлаж, нарийн тодорхойлолт өгч чадна. Ихэнхдээ бид янз бүрийн цаг үеийн хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт хамааралтай. Еврейчүүдийн эсрэг болон бусад ард түмний эсрэг явуулсан нацист гэмт хэрэгт хамааралтай. Бид өнөө цаг үед ямар ч ард түмэн, итгэл үнэмшлийн эсрэг гэмт хэргийг шүүн хэлэлцдэг.
CNN-ийн дараа Роухани NBC News-ийн сурвалжлагчтай ярилцсан бөгөөд мөн л дээрх хариултаа давтаж “Би түүхч биш. Бүс нутгийн улс орнууд нэг нэгэнтэйгээ ойртож хүчирхийлэл, шударга бус явдлыг даван туулах ёстой” гэжээ. Ийнхүү CNN-ыг дэлхий даяараа хуурамч мэдээлэл цацсан хэмээж байна. Энэ нь тэдний нэр хүндэд жаахан сэв суулгалаа.
Ираны өмнөх ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад еврейчүүдийг мөрдөн мөшгиж олноор нь хоморголон устгасан нь нотолгоон дээр тулгуурлаагүй хий хоосон яриа гэж ярьдаг байв. Харин Роухани өнгөрөгч гуравдугаар сард сонгуульд ялсныхаа дараа Израильд хандах хандлагаа тодорхой хэлсэн юм. Тэрбээр “Сионист режим бол лалын ертөнцийн хуучин шарх. Энэ шархыг цэвэрлэх ёстой” гэсэн юм. Дашрамд дурдахад, жил бүр Нью-Йоркт болдог НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр олон орны удирдагч нарыг нэг дор цуглаж олон зуун уулзалт хийх боломжоор хангагддаг билээ.
Ерөнхий ассамблейн хуралдаан бүрээс сонин мэдээ сонсогддог. Энэ удаа Ираны ерөнхийлөгчийг үг хэлэхэд Израильчууд, Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилиг үг хэлэхэд Оросын дипломатууд танхимаас гарч явсан юм. Ийм түүх Ерөнхий ассамблейн хуралдаанд цөөнгүй гарч байв. Тухайлбал, Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавес 2006 онд энэ танхимын индэр дээрээс “Өчигдөр энд чөтгөр байсан. Яг энэ газар. Би одоо хүртэл үнэрийг нь мэдэрч байна. АНУ-ын ерөнхийлөгч бол чөтгөр. Тэд биднийг яаж амьдарч, ажиллахыг зааж, дэлхийн эзэн аятай аашилж байна. Тэрэнд сэтгэцийн эмч хэрэгтэй” гэхчлэн хатуу үг хэлж байв. Мөн Ираны ерөнхийлөгч асан Махмуд Ахмединежад ч Америкийг хайр найргүй шүүмжилсэн удаатай.