Бид амьдралд маш олон хэрэгтэй зүйлсийг сургуулиас олж авдаг. Тэгвэл үнэндээ сургуульд заадаггүй хэрнээ хувь хүний суурь хүмүүжил, төлөвшил зэргээс хамааран амьдралдаа амжилт үзүүлсэн хүмүүс цөөнгүй. Тиймдээ ч ажил амьдрал нь тогтуун сайхан яваа хүмүүс амжилтынхаа нууцыг гэр бүлийн хүмүүжил, олж авсан практик туршлагатайгаа холбон тайлбарладаг. Ингээд та бүхэндээ амжилттай, өндөр орлоготой хүмүүсийн чухал чадваруудаас хуваалцаж байна.
Сургуульд хэзээ ч заадаггүй зүйлс
1 Сонсох чадвар
Хүнд 1 ам, 2 чих заяасан байдаг нь бага ярьж, их сонс гэсэн утгыг илэрхийлдэг шүү дээ. Угаас ярилцаж буй хүнээ сайтар сонсож чаддаг байх нь, тухайн хүнийг хэр зөв боловсон, зарчимч хүн бэ гэдгийг харуулдаг байна. Тиймээс юун түрүүнд бусдын үгийг дундаас нь таслах, өөдөөс нь шөргөөцөлдөхийн оронд эхлээд тухайн хүний хэлэх үгийг дуустал нь сонсох нь чухал юм. Харин дараа нь та өөрийн үзэл бодлыг ярилцаж буй хүндээ хэлж болно. Сонсох тусам тархинд ирэх мэдээлэл арвижиж, харин яриа ихдэх тусам тархины мэдээлэл багасна гэж ойлгох хэрэгтэй.
2 Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар
Алдартай бизнесмэн, уран илтгэгчид гээд ер нь л өөрийнхөө үзэл бодлыг нийгэмд чөлөөтэй илэрхийлж сурах нь мөн л чухал чанаруудын нэг юм. Мэдээж үзэл бодлоо илэрхийлж байна гээд хаа хамаагүй ярьж, хүний уурыг бараад байвал хэцүү шүү дээ. Тиймээс зөв цаг үед, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах нь таны амьдралдаа олж авах хамгийн чухал чанаруудын нэг юм.
3 Цаг барих явдал
Цаг барьж чаддаггүй бол, хүний итгэл хүлээсэн хариуцлагатай ажил албанд орно гэдэг нь мөрөөдөл төдий зүйл болж хувирах нь дамжиггүй. Хэрвээ та мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө сэрээж, босож чадахгүй бол амжилтанд хүрнэ гэдэг юу л бол? Зарим хүмүүс “үнсгэлжин”-ийн үлгэрт итгэж, хоцрох нь ашигтай, амьдралынхаа ханийг олж авна гэхчилэн буруу хэвшлийг толгойндоо суулгах нь элбэг. Тиймээс та яг одоо шийдвэрээ гарга. Мөрөөдлөө зүүдлээд үргэлжлүүлэн унтах уу? Мөрөөдлийнхөө төлөө сэрэх үү?
4 Үнэнч зан
Үнэнч зан гэдэг нь магадгүй хүнд байвал зохих хамгийн чухал, эрхэм чанар байх. Ажил албандаа үнэнч байснаар тушаал дэвшиж, хүссэн карьертаа хүрч болно. Харин хайртай бүсгүй, залуудаа үнэнч байснаар та 2 мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч чадна. Тиймээс аливаа ажилдаа үргэлж сэтгэл гаргаж, зүрх сэтгэлээсээ хийвээс амжилт таныг тосоод авна шүү. Эцэст нь хэлэхэд залуусаа, хүн ажлыг бус ажил хүнийг голдог юм.
5 Мэрийлттэй сурах
Аливаа зүйлд бүр зүрх сэтгэлээ зориулах нь мөн л чухал сайн чанаруудын нэг билээ. “Хүн” байхын гол зорилго ч байж мэдэх юм… Бид эдгээр зан чанарыг сургиулаас бус, гэр бүлээсээ, амьдарч буй хүрээллээсээ олж авдаг. Тиймдээ ч заавал ажил гэлтгүй, хийж байгаа бүхий л зүйлдээ мэрийлттэй хандаж чадвал, амжилтанд хүрч чадна.
6 Мэдэхгүй зүйлээс бусдаас асууж чаддаг байх
Мэдээж төгс хүн гэж энэ дэлхий дээр үгүй. Ер нь ч байхгүй. Тиймээс мэдэхгүй зүйлээ бусдаас асууж байх нь эргээд та үүнээсээ асар их шинэ мэдлэг, туршлагыг хуримтлуулж чадна. Бусдаас тусламж хүсэх, мэдэхгүй зүйлээ асууна гэдэг нь гутамшигтай үйлдэл биш шүү дээ. Харин ч маш чухал зан чанар юм. Ингэснээр та төсөөлж ч байгаагүй зүйлийнхээ хариултыг ойлгож, амьдралдаа томоохон алхам хийнэ гэсэн үг.
7 Гэрээ хэлцэл хийх чадвар
Хүний амьдралд маш олон таамаглашгүй үйл явдлууд өрнөж байдаг. Тэр ч утгаараа гэрээ хэлэлцээр хийх, тухайн үйл хэргийг баримтжуулах нь ирээдүйд учирч болзошгүй эрсдлээс хамгаалах, арга зам олоход хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс ч, бизнес гэрээ хэлэлцээр хийж сурна гэдэг одоохондоо чухал биш санагдавч, ажил хэрэг амжиллтай явахын үндэс суурь байдаг юм шүү.
8 Биеэ хянах чадвар
Ямар ч нөхцөл байдалд өөрийгөө удирдаж, биеэ хянаж сурна гэдэг нь таны төсөөлөөчгүй их давуу талтай. Наанадаж та маргаанаас үүдэлтэй элдэв асуудлаас төвөггүйхэн мултарч чадна. Цаашлаад хувийн амьдрал дээр ч гэсэн уур уцаарыг урьтал болголгүй, илүү ухаалаг байж, асуудлыг эвээр шийдэх хэрэгтэй. Уур уцаар биеийг зовоохоос цаашгүй, тухайн хүнд асар их дарамт учруулдаг байна.
9 Хуримтлал үүсгэж чаддаг байх
Мөнгө олсныхоо хэрээр үрэн таран хийж, цацаж орхидог бол цаашид өөрийн гэсэн эд хөрөнгөтэй болно гэдэг юу л бол. Харин мөнгөө хуримтлуулж, зөв хөрөнгө оруулалт хийснээр амьдрал аяандаа л сайжраад ирнэ. Тиймээс бага гэлтгүй хуримтлал үүсгэх нь, таны ирээдүйдээ хийж буй маш том хөрөнгө оруулалт юм.
10 Нөхөрсөг зан
Хэтэрхий нөхөрсөг байна гэдэг нэг бодлын бусдад ашиглуулах, буруу зүйлд уруу татагдах магадлал өндөртэй. Гэлээ гэхэд тухайн хүн хэнтэй нөхөрлөж болох, хэнд нөхөрсөг хандах, ямар үед татгалзах хэрэгтэй болохыг мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ л ихэнх тохиолдолд нөхөрсөг зан тухайн хүнд маш эерэг сайн талуудтай байдаг.
11 Шинэ зүйл сурах чадвар
Аливаа зүйлийг хурдан сурдаг, хүлээн авдаг хүмүүс мэдээж хамгийн шилдэг нь. Хамгийн гол нь тэр нь амьдралд ямар хэрэгтэй нөлөөтэй эсэхээс шалтгаална. Ихэнх тохиолдолд шинэ зүйлийг хурдан сурдаг, хүмүүс тал бүрийн авьяастай, ухаан сийрэг хүмүүс байдаг байна.
12 Ном унших дуртай байх
Ном бол ертөнцийг харах цонх хэмээх сайхан үг бий. Энэ ч үнэн. Ном унших дуртай, түүнээсээ суралцаж чаддаг хүмүүс, ном уншдаггүй хүнээс хамаагүй тэвчээртэй, алсын хараатай, ухаалаг байдаг ажээ. Тиймдээ ч сүүлийн үед залуус номонд дурлах нь элбэг болсон. Түүнчлэн зарим тохиолдолд эдгээр хүмүүс аливаа зүйлд амархан туйлшрах, уруу татагдах магадлалтай байдаг аж. 1000 ном унш. Тэр үед таны үг өөрөө л урсана гэж мэд!