Чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотын ЦСКА-гийн “Игровой” спортын ордонд болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн тэмцээнд 22 орны 330 гаруй тамирчид өрсөлдлөө.
Монголын армийн баг болох “Алдар” спорт хорооны тамирчид цэргийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль, эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орсон амжилтыг үзүүллээ.
Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, ОУХМ Энхбаярын Цэвэгмид, 68 кг-ын жинд спортын мастер Энх-Амарын Даваанасан мөнгө, 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 72 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ, 76 кг-д “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бадрахын Одончимэг нар хүрэл медалийн эзэн боллоо.
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд БНХАУ-ын Яныг 13:10-аар, Казахстаны Назира Аманзоловаг оноогоор цэвэр (12:0), 2013 оны Европын аварга Беларусийн Анастасья Хучокийг 6:2-оор дараалан ялсан ч Бразилийн Де Оливейрад 4:13-аар ялагдсан. Техникийн оноо тоолоход манай тамирчин хүрэл медаль дээр буув.
ОУХМ Б.Одончимэг хагас шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Гульмарал Еркебаевад оноогоор цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Ханна Маслаковаг 8:3-аар ялж шагналын тавцанд зогслоо. Манай тамирчин 6:3-аар ялагдаж явсан ч туршлага зааж төгсгөлийг сайн хийснээр 8:3-аар өрсөлдөгчөө ялжээ.