Монгол улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандуулсан туршлагатай уулчин билээ.Тэгвэл уулчин бүсгүй дараагийн аялал болох K2 оргилд гарахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.
Б.Гангаамаа Туркээр дамжин Пакистанд маргааш очих юм байна. Тэр Пакистаны талаас К2 ууланд авирах бөгөөд авиралт ирэх долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 05-ны хооронд болохоор төлөвлөж байгаа аж.
Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа”Эх орноосоо мордлоо. Дэлхийн уулчдын мөрөөдөл бас айдас,алдар нэрийн тавцан гэгдэх Дэлхийн хоёр дахь ноён оргил, Чогори / К2 / уулын олон улсын авиралтанд эх орноосоо мордож байна.
Энэ авиралтанд 2013 оноос хойш 5 жил бэлдэж бас зүүдэлж ирлээ. Учир мэддэггүй ганц нэг хүмүүс үгний алдаа гаргаж хобби хэмээн хэлж байсаныг би тод санаж байна. Тэгвэл ямар ч уулчин хобби хөөж энэ ууланд авирдаггүй юм шүү гэдгийг тэр хүнд маш тод бас хатуу хэлье.
Миний болон монгол уулчны Монголчуудын зүүд мөрөөдөл биелэх боломжоор хангаж өгсөн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг БТС-ын Газрын хамт олон, эрхэм нутгийн ах УИХ-ын гишүүн Д. Хаянхярваа, Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй эх орны минь зулайгаар нэрлэгдсэн “Таван богд ” групп, Хаан банк, Говь компани, Улаанбаатар гурил компанийн удирдлага хамт олон болон бусад олон байгууллага хүмүүс, найз нөхдөдөө чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.Мөн үргэлж дээлийн зах мушгиж сайн сайхнаар зоригжуулан дэмжиж байдаг Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхнийхээ ачийг амжилтаараа,тамирчин хүний үлгэр жишээ ухамсарт хөдөлмөрөөрөө хариулах болно оо.Хоёр сарын дараа баяртай уулзацгаая” хэмээн бичжээ.
Б.Гангаамаа К2 ууланд 2013 оны наймдугаар сард гарахыг зорьсон ч буцсан билээ. Тухайн үед 67 уулчин анх авиралтыг эхлүүлсэн ч долоо нь оргилд гарсан.“Seven summit” буюу долоон тивийн долоон ноён оргилд гарсан анхны монгол эмэгтэй уулчинаар тодорсон юм .Мөн Өмнөд туйлд очсон Монголын ес дэх хүн болсноос гадна Винсон Массиф ууланд авиралт хийсэн анхны Монгол эмэгтэй уулчин болж байсан юм.