Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
Тэрээр хэлсэн үгэндээ, Миний бие Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн хоёр удаагийн хуралд өөрийн биеэр оролцож санал бодлоо илэрхийлэн хамтын шийдвэр гаргалцсан, Монгол Улсын Засгийн газарт гурван удаа Онцгой байдлын асуудлыг хариуцан ажиллаж байсан сайдын хувьд улс орны тогтвортой хөгжлийг хангах нэг гол нөхцөл нь гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах явдал гэдгийг маш сайн ойлгож мэдэрсэн. Гамшгийн голомт дээр ажиллан гамшигт өртсөн хүмүүсийн зовлонг хамт хуваалцаж, тэдний гамшгийг даван туулах асар их эр зориг, хүсэл тэмүүлэл, мэргэн ухаан, эр зоригоос эрч хүч авч, тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж туршлага хуримтлуулсан юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Нэгдсэн Үндэстний Байгууллагын манлайлагч Төрийн түшээ болон Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд бүс нутаг, дэлхий дахинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр дараах саналыг дэвшүүлж байна.
Нэгдүгээрт. Улс орон, холбогдох бүх талуудад хүртээмжтэй Гамшгийн эрсдэлийн мэдээлэл, мэдлэгийн нэгдсэн сүлжээ бий болгох.
Бид мэдээллийн төвлөрсөн сан бүхий нэгдсэн сүлжээг аль болох богино хугацаанд бүрдүүлж чадвал зайнаас тандан судлал болон мэдээллийн технологийн хөгжил нь бидэнд гамшгийн эрсдэлийг таамаглах, загварчлах өргөн боломжийг олгох болно. Өнөө үед хамгийн үнэ цэнэтэй зүйл бол өгөгдөл, мэдээлэл болоод байна. Үнэн бодитой мэдээлэл дээр зөв боловсруулалт хийгээд оновчтой шийдвэр гаргах нь гамшгийн эрсдэлийг бууруулах хамгийн оновчтой арга хэлбэрийн нэг мөн. Ийм мэдээллийн санд тулгуурлан шинжлэх ухааны орчин үеийн арга хэрэгслийг ашиглан гамшгийн эрсдэлийн талаарх мэдээллийг шийдвэр гаргагчид, олон нийт, иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх, мэдлэгийг хуваалцах сүлжээг бий болгох хэрэгтэй байна.
Мөн мэдээллийн нэгдсэн сүлжээний зэрэгцээ улс орон, холбогдох бүх талууд мэдлэг, туршлагаа харилцан солилцох, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлуудаас баталсан тунхаглал, бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, тогтмол үнэлэх, олон нийтэд тайлагнах механизмыг бий болгох хэрэгтэй байна. Энэхүү механизм нь бүс нутгийн хэмжээнд хамтын хариуцлагыг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох өргөн боломж олгоно.
Ингэж чадвал бид бүх нийтээрээ гамшгийн эрсдэлийн талаар ойлголтын зөрүүгүй үнэн бодитой мэдээлэл авах, түүндээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, хэрэгжилтийг хянах боломжтой болох юм.
Хоёрдугаарт. Гамшгийн эрсдэлийн боловсролыг бүх нийтэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх.
Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах тухай ойлголт, мэдлэгийг албан ба албан бус боловсрол, бүх түвшний иргэний боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтаар дамжуулан олгох нь хүн амын амьдралын хэвшил, зан үйлийг өөрчлөхөд дэмжлэг болж, эрсдэлийг бууруулах соёл, уламжлалыг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Улс орнууд гамшгийн эрсдэлийн боловсролыг олон нийтийн өвөрмөц хэрэгцээ шаардлагад нийцсэн, нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагаач болон уугуул иргэд, хүүхэд, ахмад настан зэрэг онцлог бүлгүүдийг хамруулсан, жендерийн мэдрэмжтэй арга, хэлбэрээр олгох нь илүү үр өгөөжтэй юм.
Нэн ялангуяа хүүхэд, залуучууд бол өөрчлөлт, хөгжлийн эзэд, улс орны ирээдүй, хойч үе учир гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд тэдний оролцоо, хувь нэмэр онцгой чухал. Хүүхдэд заасан, сургасан, дадал болгосон бүхэн насан туршийнх байдаг тул тэдэнд гамшгийн эрсдэлийг бууруулах боловсрол олгох, гамшгаас урьдчилан сэргийлэх соёлыг бий болгох нь ирээдүйдээ оруулж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт мөн. Ингэхдээ гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэгийг сургуулийн өмнөх нас, бага сургуулиас эхлээд их сургууль хүртэлх боловсролын бүх тогтолцоонд оруулж системтэй мэдлэг олгох, өсвөр үе, хүүхэд залуучуудыг эцэг, эх, олон нийтэд нөлөөлөх явдлыг дэмжих хэрэгтэй байна.
Бидний ирээдүй хүүхэд, залуучуудаар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх мэдлэг, чадварыг эцэг, эх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх үр дүнтэй арга байх болно.
Гуравдугаарт. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг дэмжих.
Ази, Номхон далайн бүсэд 2 тэрбум гаруй хүний амьдрал ахуй зөвхөн хөдөө аж ахуйн салбараас хамааралтай байна. Уур амьсгалын өөрчлөлт нь хөдөө аж ахуйд учрах гамшгийн эрсдэлийг бий болгож буй нэг хүчин зүйл гэж үзэж тухайн бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарт учрах эрсдэлийн үндсэн шинж чанарт гарч буй өөрчлөлтийг бүрэн дүүрэн танин мэдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой авч чадахгүй байгаатай холбоотойгоор энэ салбарт гамшгийн эрсдэлээс хүлээх хохирол улам бүр нэмэгдэж байна.
Өнөөдөр дэлхий дахинд тохиолдож буй байгалийн дөрвөн гамшгийн гурав нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд хөгжлийн түвшнээс үл хамааран бүх улс орнуудад нэгэн адил нөлөөлж байна.[5] Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нь аль эрт бодит аюул болж ган, зуд, цөлжилт болон ой, хээрийн түймэр гэсэн удаан үргэлжилсэн гамшгууд урьд урьдаас илүү олон тохиолдож, хүн амын тэр дундаа хөдөө аж ахуйд ажиллагсдын эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлэх боллоо.
Иймд улс орнууд хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж, арга технологио шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Мөн улс орон бүр өөрсдийн газар нутагтаа олон зууныг дамжин амьдарч, аж төрөхдөө аливаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга ухаан, мэдлэг туршлага хуримтлуулж ирсэн байдаг. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн улс үндэсний уламжлалт арга ухаан, үндэсний чадварыг орчин үеийн чиг хандлагаар баяжуулж үр өгөөжийг нь дээшлүүлж байх хэрэгтэй байна.
Энэ нь бүс нутгийн болон улс орнуудын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөллийг бууруулах замаар урт удаан хугацаанд тогтвортой хөгжих гол үндэс болох юм.
Дөрөвдүгээрт. Гамшигт тэсвэртэй дэд бүтэц болон хот төлөвлөлтийг хөгжүүлэх.
Ази тив нь эрчимтэй хотжиж, томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалт олноор явагдаж буй бүс нутаг юм. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэх үүднээс орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд эрсдэлийн мэдээллийг ашиглахын зэрэгцээ хүн ам суурьшихад аюулгүй, экосистемийн үйл ажиллагааг хэвийн хадгалах боломжтой, гамшгийн эрсдэлийг тооцсон хот төлөвлөлтийг хөгжүүлэх шаардлагатай байна.
Гамшгийг тэсвэрлэх чадвартай дэд бүтцийг барих ялангуяа сургууль, эмнэлэг зэрэг нэн чухал барилга, байгууламжийг барилгын материалын стандарт, дэлхий нийтээр мөрддөг зарчмуудын дагуу зөв загвар хийцээр эхнээс нь аюулд тэсвэртэй барих, хүчитгэл хийх, ашиглалтын засвар үйлчилгээний соёлыг хөгжүүлэх нь зүйтэй. Одоогоор тус бүс нутгийн дийлэнх улс орон өөрсдийн хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байгаа хэдий ч эдгээрт эрсдэлийг тооцсон эсэхийг дахин нэг нягтлах шаардлагатай байна.
Хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох нь тогтвортой хөгжлийг хангах үндсэн асуудал гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй.
Тавдугаарт. Бизнесийн байгууллагуудын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих.
Ази, Номхон далайн бүсэд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний тэн хагасыг үйлдвэрлэж байна. Энэ утгаараа тус бүс нутгийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн сүлжээ өөр хоорондоо маш нягт уялдаатай тул ганц удаагийн гамшиг бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаанд бүхэлд нь сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл үүсээд байна. Иймээс ханган нийлүүлэлтийн сүлжээний бүх шатанд бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, гамшгийн эрсдэлийн удирдлагын бизнесийн загварыг өөрийн онцлогийг харгалзан үйл ажиллагаандаа тусгаж байгууллагын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх шаардлага тулгарч байна. 2011 онд болсон Зүүн Японы газар хөдлөлт болон Тайландад болсон үер зэрэг томоохон гамшгаас авсан нэг том сургамж бол хувийн хэвшил маш сайн бэлтгэлтэй байх нь үндэсний болон бүс нутгийн эдийн засгийн хохирлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж буй явдал юм.
Гамшиг нь төрийн ба хувийн салбарыг ялгалгүй нэрвэнэ. Ийм учраас гамшгийн эрсдэлийг бууруулах нийтлэг зорилтоо хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл нь онцгой чухал хэрэгсэл байх болно. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хамтран ажиллаж, нөөц, мэдлэг туршлагаа нэгтгэж, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх нь юу юунаас чухал гэж үзэж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулсан зардал, гамшгийн дараах аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны зардлаас ямагт үр ашигтай байсаар ирснийг та бид мэднэ. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих нь тогтвортой хөгжлийг хамгаалах гол хэрэгсэл байх болно.
Зургаадугаарт. Тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх
Дэлхийн болон бүсийн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, улс орнуудын хандив, татвар зэрэгт түшиглэн тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм механизм нь бүс нутгийн гамшигт өртөмтгий хөгжиж буй орнууд, ялангуяа буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, хувийн хэвшил бусад холбогдох талуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хөгжүүлэхийг дэмжих хамтын хүчин чармайлт, хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулах боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй, хүн бүрт тэгш хүртээмжтэй тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: nema.gov.mn