Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж өнөөдөр 11:00 цагт гарчээ.
Б.Гангаамаа нь К2 уулын оргилоос Олон Улсын Уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогджээ.
Тэрбээр ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өглөөний 11:00 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансрын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй салхи шуурч байна. Удаан байж болохгүй учраас одоо яаралтай буух гэж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” гэв.
Энэ үеэр Нургу Шерпа ”Монголын уулчин Б.Гангаамаа К2 уулын оргилд дөнгөж сая амжилттай гарлаа. Та бүхэнд баяр хүргэе. Одоо Б.Гангаамаа бид хоёр К2 оргил дээр зогсож байна” гэж утсаар ярьжээ.
Ийнхүү Б.Гангаамаа нь дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт бүтээлээ.
Б.Гангаамаа К2 ууланд 2013 оны наймдугаар сард гарахыг зорьсон ч буцсан билээ. Тухайн үед 67 уулчин анх авиралтыг эхлүүлсэн ч долоо нь оргилд гарсан.