Шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд болж өндөрлөлөө.
Тэмцээний хувийн цэгт онох дасгалд гуравдугаар байрт Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч В.Тэлмэн, хоёрдугаар байрт тус бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч М.Бэлгүтэй, нэгдүгээр байрт мөн тус бригадын шүхэрчин аврагч, шүхрийн спортын мастер О.Батзолбоо нар шалгарчээ.
Харин багийн дүнгээр гуравдугаар байрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын гуравдугаар баг, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 084-р ангийн баг, нэгдүгээр байрт Үндэсний аврах бригадын нэгдүгээр баг шалгарч, 2018 оны шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар тодорлоо.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шүхрийн спортын нийгэмлэг, Зэвсэгт хүчний 084-р анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын нийт 28 тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна.