Үндэсний хэмжээний бахархал болсон “Авьяаслаг Монголчууд” шоуг Монгол телевиз гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Дэлхийн 193 улс оронд зохион байгуулагдсан “Got talent” шоуг албан ёсны эрхтэйгээр Монголдоо зохион байгуулж, ням гариг бүр үзэгч түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр тодорч чадсан билээ.
Харин тус шоу нэвтрүүлгийн энэ жилийн хөтлөгчөөр хэн ажиллах нь үзэгчдийн сонирхлыг их татаад байсан. Тэгвэл өнөөдөр шүүгчдийн нэрс ил болсон бөгөөд Авьяаслаг Монголчууд шоуны 3-р улирлын хөтлөгчөөр Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Мандуул сонгогджээ.
Мөн энэ удаагийн шоу нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар тэмцээнийг шүүхээр болсон юм.
“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг ирэх есдүгээр сараас үзэгчдийн хүртээл болох гэнэ.
“Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагчаар С.Жамъяанхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорч, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан. Хоёр дахь удаагийн “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн ялагчаар “Нуугдсан эрдэнэ” хэмээх дуучин О.Энх-Эрдэнэ түрүүлсэн билээ.