Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 25, 26-нд БНСУ-д Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд есөн орны 200 орчим тамирчин ой тогтоолтын арван төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлджээ.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцлоо. Тэд 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 90 медалийн 72 медалийг хүртжээ.Нийлбэр дүнгээр ч илүүрхэж, нас насны ангилал тус бүртээ эхний гурван байрт орсон байна.
Насанд хүрэгчид:
1-р байр: ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7766 оноо
2-р байр: ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 6949 оноо
3-р байр: ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6222 оноо
Өсвөр нас:
1-р байр: ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 7382 оноо
2-р байр: Б.Лхагвадорж 5784 оноо
3-р байр: Г.Мянганбаяр 4927 оноо
Бага нас:
1-р байр: О.Ганжигүүр 3147 оноо
2-р байр: Д.Мөнхтүшиг 2739 оноо
3-р байр: Б.Эрмүүнболд 2362 оноо
Мөн манай тамирчид дээрх ангиллуудад дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тус тэмцээний арван төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Дэлхийн аварга, Геннисийн дээд амжилтыг эзэмшигч, Олон улсын их мастер Н.Мөнхшүр (7766 оноо) тэргүүлж, аваргын цом хүртжээ.
Ингэснээр манай улсын оюуны спортын тамирчид 50 дахь тэмцээндээ амжилттай оролцож, нийт 861 медаль хүртэн, дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна гэж Монголын Оюун Ухааны Академиас мэдээллээ.