МУЭ-ийн шагналт, СТА, уран барималч А.Очирболд, ХБНГУ-д уран бүтээлээ амжилттай туурвиж буй СТА, зураач Ц.Ган-эрдэнэ нарын хамтарсан үзэсгэлэн АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын төв байранд өнөөдөр нээгдлээ.
Амьдралын нэгээхэн хормыг киноны нэг кадр мэт яг л тэр мөчид нь зогсоож үзүүлэхийг зорьсон “Энэ мөчид” нэртэй үзэсгэлэнгийн үзүүлбэрүүдийг уламжлал ёсоор ханан дээрээс үзэх биш, харин танхимд уран зураг, уран баримлыг хослуулан обьект хэлбэрээр байрлуулснаар нэг бүтээл тусдаа биш, ойр орчмын бүтээлүүдтэйгээ хамт нэг орон зайд харагдаж байгаа нь тухайн орон зай, цаг хугацааг мэдэрч үзэх боломжтой.
Уран барималч А.Очирболдын “Ухамсар” нэртэй хөшөө НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэж буй. Уг бүтээлийн санаа “Энэ мөчид” үзэсгэлэнд тусгагдаж, хүний оюун санаа ба нийгмийн харьцааг харуулсан нэгэн цогц концепц болж байгаагаараа онцлогтой. “Хүн болгон адилхан төрөх боловч тухайн нийгэм, улс төр, байгалийн, тэр дундаа нийгмийн хөгжлийг дагасан материаллаг хүчин зүйлсийн нөлөөгөөр үргэлж өөрчлөгдөж байдаг. Бидний амьдрал тоосонцор мэт боловч ухамсар тасралтгүй үргэлжлэх болно. Хүйсийн ялгаанаас үл хамааран хүн гэдэг амьтны оюун санаа болон нийгмийн хамаарлыг харуулсан сонирхолтой үзэсгэлэн байх болно” гэж уран бүтээлчид нь онцоллоо.
Уран барималч А.Очирболд олон улсын тавцанд амжилттай ажиллаж байгаа манай цөөн уран бүтээлчдийн нэг билээ. Түүний урласан монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москва хотноо заларсан юм.
ХБНГУ-ын Мюнстер хотын Соёлын сургууль суралцаж төгссөн зураач Ц.Ган-Эрдэнэ нь зэрэгцээ ертөнцөд оршиж байгаа хүмүүсийг усны тусгалаар дамжуулж үзүүлэх өөрийн гэсэн арга барилаараа баруунд танигджээ.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр тус улсад зохион байгуулагдсан олон үзэсгэлэнд оролцож, 10 гаруй бие даасан үзэсгэлэнгээ дэлгэсэн. Дөрвөн галерейтэй тогтмол хамтран ажилладаг тэрбээр “Монголыг мэдэхгүй хүмүүст би эх орныхоо тухай их тайлбарладаг. Олон монгол хүн дэлхийд нэрээ гаргаасай гэж хүсдэг. Дэлхий дээр олон хүн Монголыг мэдэх тусам бидэнд хэрэгтэй. Монголчууд маань хамтран ажиллаж байж л амжилтанд хүрнэ. Тийм цаг удахгүй ирэх байх аа” хэмээн ярьж байв.