Барилгачдын баярын барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүллээ

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан, “Магви” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан “Заан Тэрэлж”-д боллоо.

Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх нарын тэргүүтэй улсын цолтой ес, аймгийн арслан цолтой 15, нийт 56 бөх хүч сорьсон энэхүү барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”, “Гачуурт” групп, “Алдар” спорт хороо, “Увс нуур” галын бөх, улсын саруул сайжрах, үлэмж бадрах арслан Пүрэвийн Бүрэнтөгс зургаа даван түрүүлсэн бол Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Нутгийн буян” групп, “Хилчин” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын харцага Мягмарын Бадарч тав даван үзүүрлэв.

Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарав. Улсын цолтой бөхчүүдээс улсын начин Б.Бадамсүрэн нэгийн даваанд Дундговь аймгийн шинэ начин Ш.Ганбаярт, улсын начин Л.Гантулга аймгийн заан Н.Наранбаярт, улсын начин Бо.Батжаргал аймгийн заан Б.Чүлтэмпунцагт тус тус өвдөг шороодлоо.

Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх гурван сая, үзүүрлэсэн бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардсан юм.

Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү. Давсан бөхийн нэрийг томоор бичсэн болно.

Гурвын даваа

1.У.ар П.БҮРЭНТӨГС – а.з Н.Наранбаяр
2.У.з Б.БАТМӨНХ – а.з Б.Чүлтэмпунцаг
3.У.х Б.БАТ-ӨЛЗИЙ – а.х.а Ө.Сүхбат
4.У.х М.БАДАРЧ – у.ө.и.н Ч.Батчулуун
5.У.н Д.АМАРЖАРГАЛ – а.х.а О.Гантулга
6.А.х.а Б.Эрдэнэхүү – а.а Д.ХҮДЭРБУЛГА
7.А.а Б.Түмэндэмбэрэл – а.а Б.ЗОРИГТБААТАР

Дөрвийн даваа

1.П.БҮРЭНТӨГС – гоцлов
2.Б.БАТМӨНХ – Д.Хүдэрбулга
3.Б.БАТ-ӨЛЗИЙ – Б.Зоригтбаатар
4.М.БАДАРЧ – Д.Амаржаргал

Тавын даваа

1.П.БҮРЭНТӨГС – Б.Бат-Өлзий
2.Б.Батмөнх – М.БАДАРЧ

Зургаагийн даваа

1.П.БҮРЭНТӨГС – М.Бадарч

Т.Түмэндэмбэрэл

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …