Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Mongolian Academy awards-2018” наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнгөрсөн Баасан гарагт “Зайсан Хилл” цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жил 7 дахь жилдээ болж буй “Академи авардс” кино наадмын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Хоёр амь” киногоор жүжигчин С.Болд-Эрдэнэ хүртлээ.
Тэрбээр “Энэ кинонд хамтарч ажилласан “Монгол Контент” ХХК болон “Хамба фильм”-ийн хамт олондоо баярлалаа. Монгол соёл, монгол урлаг дэлхийд улам танигдах болтугай. Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Тэрээр өмнө нь “Хоёр амь” киногоор өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Чита хотноо болсон “Забайкальский международный кинофестиваль” олон улсын VII кино наадмаас “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн юм.