Их л холын амраг”, “Монголын өглөө” гээд ард олныхоо зүрх сэтгэлд олон сайхан дууг эгшиглүүлсэн залуу яруу найрагч Ундраагийн Баярсайхантай уран бүтээл болон удахгүй болох тоглолтынх нь талаар хөөрөлдлөө.
-“Монголын өглөө” тоглолтоо түмэн олноо өргөн барихаар завгүй яваа бололтой. Гэхдээ шууд тоглолтын тухай ярихаас зайлсхийж, аливаа яруу найрагчтай уулзахад шүлэг анх хэрхэн бичиж эхлэв гэдэг сонин байдаг даа?
-Найрагчдын түүх намтар, өөрийнхөө үе тэнгийн найрагчдыг харж байхад эрт багадаа шүлэг бичиж эхэлсэн байдаг. Миний хувьд бусад хүмүүсийг бодоход харьцангуй орой, есдүгээр ангиасаа эхэлж бичсэн. Шүлэг бичих болсон шалтгаан нь өөрөө их сонин. Аравдугаар ангиа төгсөх жил манай ангийнхан бүгд л медальтай төгсөх гэж байхад бидний хоёр гуравхан нөхөрт гялтайх юм юу ч байдаггүй. Тэгээд би ангийнхандаа “Аравдугаар ангиа төгсөхөөс өмнө ямар ч байсан медаль авна, харж байгаарай” гэсэн. Хүүхэд л болсон хойно медаль авах гэж бокс тоглож үзлээ, бөх барилдлаа, хөл бөмбөг, сагс тоглох гэж үзлээ ерөөсөө болоогүй. Ингэхээр спорт бол миний явах зам биш гэдгийг мэдсэн. Би дунд сургуульд байхдаа уран зохиолын хичээлд нэлээд идэвхтэй хүүхэд байсан учраас манай уран зохиолын багш н.Шүрэнцэцэг “Чи шүлэг бичээч” гэсэн дагуу шүлэг бичээд очтол багшид гайгүй таалагдсан бололтой ихээхэн урам өглөө шүү. Тэр жил “Бурхан багшийн их дүйчэн өдөр”-өөр дунд сургуулийнхны дунд яруу найргийн наадам зохион байгуулагдлаа. Ингээд яруу найргийн наадамд ортол дүүрэгтээ түрүүлж, улсын “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцон “Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль”-д элсэн суралцах эрх авснаар уран бүтээлийн замд эргэлт буцалтгүй орсон доо.
–Анх утга зохиолд хөл тавьсан шалтгаан өөрөө ийм байж. Анхны шүлэг гэж сонин зүйл байдаг даа?
-Миний анхны шүлэг Бурхан багшийн тухай шүлэг байсан нь бас нэгэн учир тохиол байх гэж боддог.
-Шүлэг бичих хүслийг өрдөж өгсөн хүн гэж байдаг даа. Тухайлбал, таны гэр бүл ахан дүүс дунд хэн нэгэн байсан байж таарна?
-Манайханд шүлэг бичдэг болон урлагийн хүн байхгүй. Манай ээжийн аав Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат Аймгийн арслан цолтой Бадарч гэж хүн байсан. Харин аав маань шүлэг бичдэггүй хэрнээ жаахан халамцахаараа мөр холбож хэлдэг, хүнийг цаашлуулж шоолдог бэлэн цэцэн үгтэй хүн. Магадгүй надад энэ нь сайхан санагдаж, шүлэг бичихэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Хөдөө ч хүнийг уран цэцэн үгээр егөөддөг хүмүүс байдаг шүү дээ, аав маань тэдний л нэг болохоос биш үзэг барьж шүлэг бичиж үзээгүй.
–Тэгэхээр аливаа яруу найрагч уран бүтээлчид хадаг барьсан багш гэж бий. Таны хувьд ямар хүн байна?
-Манай үеийнхэн бүгд л яруу найргийн наадамд оролцож, түүнд зориулагдсан шүлэг их бичнэ. Тэгэхээр нь би арай өөр байя гэж бодоод нэгдүгээр курст байхдаа хөгжмийн зохиолч О.Эрдэнэбаттай хамтран “Сэтгэлийн хээ” гэж дуу гаргаад Э.Буянмөнх дууллаа. Дараа нь хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяртай “Их л холын амраг” дуу бичиж, Л.Чулуунбаатар дуулсан. Энэ үед манай ангийнхан болон үеийнхэн маань ахмад яруу найрагчид, судлаачдад хадаг барьж шавь ордог, тэднээсээ зөвлөгөө авдаг боллоо. Би ч бодож байгаад өөрөө дууны шүлэг бичдэг болохоор яруу найрагч Н.Баянмөнх багш дээр очиж уулзсан, багш маань сайхан хүлээж аваад “хадаг барьж багш шавийн барилдлагтай болох гэж байгаа бол өдөр судар харах хэрэгтэй” гээд ирэх долоо хоногт нь өдөр товлоод хадаг барьсан даа. Тухайн үед миний сонсох, дуулах дуртай дуу бүхэн Баянаа багшийнх байсан учраас би уулзахсан гэж их боддог байсан юм. Тэгээд л багш шавийн барилдлагтай болсон. Багшийн хувьд бол шүлэг ингэж бичдэг юм, ингэж бичихээр болдоггүй гэж нэг их хэлээд байхгүй. Ерөнхийдөө л зангаргаараа харуулдаг.
-Үе үеийн найрагчид дунд дууны шүлгээр онцгойрч бичдэг хүмүүс байдаг. Саяхнаас аваад үзэхэд ерээд оныхноос Ц.Бавуудорж ч юм уу, 2000-аад оны эхэн үеэс Н.Баянмөнх гээд дурдаж болно. Харин танай үеийнхнээс яах аргагүй У.Баярсайхан гэдэг хүн дууны шүлэг бичиж байгааг хаа хаанаа зөвшөөрөх болжээ. Тэгэхээр дууны ертөнцөд орчихоор гарч чадахгүй байна уу гэж анзаарагдах тал бий?
-Магадгүй, нэг хайрцаганд орох, түүнээсээ гарч чадахгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ энэ бол тухайн хүний өөрийн арга барил, ур чадвараас хамаарах зүйл байх. Жишээ нь, Ц.Бавуудорж найрагч аль ч талаараа бичиж байна. Үе үеийн дууны шүлэг бичиж байсан найрагчид бол хайрцаганд баригдаж байгаагүй, аль аль талаараа бичиж байсан. Тиймээс би өөрийгөө жаахан задалж өгөх тал дээр анхаардаг. Зөвхөн шүлэг ч биш өөр төрөл зүйл рүү ч орох бодол бий. Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй, мэргэжлээрээ бас чамгүй хэдэн жил ажилласан хүн учраас өөр өөр чиглэлд бичиж байх ёстой гэж боддог.
-“Утга зохиол, нийгмийн ажилтны сургууль” бол утга зохиол, сэтгүүл зүйн салбарт чамгүй олон уран бүтээлч бэлтгэж өгсөн сургууль. Танай ангиас ямар хүмүүс байна вэ?
-Манай анги нэгдүгээр курстээ 40 орчим хүүхэд тал бүрээс ирж байсан бол дөрөвдүгээр курсээ төгсөх жил 20 гаруйхан хүүхэд үлдэж төгссөн. Анх энгэртээ медаль эгнүүлээд зүүчихсэн олон хүүхэд ирж байсан. Хөвсгөл аймгаас Н.Тайванбаатар, Сэлэнгэ аймгаас “Өдрийн сонин”-ы Э.Энхболд гэх мэт олон залуус одоо хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж, уран бүтээлээ туурвиж явна.
–“Монголын өглөө” тоглолтын онцлог юу байна. Таны хувьд хоёр дахь удаагийн тоглолт учраас чамгүй туршлага зааж байгаа байх?
-Тоглолтын маань онцлог гэвэл дандаа мэргэжлийн уран бүтээлчид оролцоно. Бусад уран бүтээлчид ч мэргэжлийн байлгахыг зорьдог байж таарна. Гэхдээ миний хувьд гэхэд шүлгээ өөрөө уншихгүй, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчдээ урьж уншуулна. Тухайлбал, СГЗ Ш.Бямбацогт, Б.Ганбаатар болон Н.Баярмаа, Б.Гантигмаа, Г.Алтанбагана гэсэн таван нэвтрүүлэгч олонд танигдсан дуу хоолойгоороо миний шүлгийг уншиж үзэгчдэд хүргэнэ. Дуучдаас гэвэл “Чингис хаан”-ы одонт Г.Ариунбаатар, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат, Х.Болормаа, У.Далантай гэсэн гавьяатууд оролцоно. Мөн поп дива С.Наран, сүүлийн үеийн залуучуудаас гэвэл Л.Чулуунбаатар, Б.Болдбаатар, Э.Төрмандах тэргүүтэй олон хит дуутай уран бүтээлчид оролцоно. Миний хувьд 2010 онд оюутан цагийнхаа дуунуудыг багцлаад “Бөхийн өргөө”-нд тоглолтоо хийж байлаа.
-Хөгжмийн зохиолчдоос хэнтэй нь илүү хамтарч ажиллаж байна вэ?
-СГЗ, хөгжмийн зохиолч Д.Дорлигтой сүүлийн үед нэлээд уран бүтээл дээр хамтран ажиллаж байна. УГЗ Т.Найданжав, Т.Сэр-Од, Б.Бямбабаяр нарын сайхан хөгжмийн зохиолчидтой хамтран ажилласан байна. Үүнээс гадна олон хөгжмийн зохиолчтой хамтарсан даа. Миний хувьд өөрийгөө гололгүйгээр мэргэжлийн уран бүтээлчтэй хамтрахыг зорьдог. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр гэхэд ОХУ-д мэргэжлийн чиглэлээр суралцсан байх жишээтэй. Т.Сэр-Од, Б.Бямбабаяр ямар билээ гэхээр яах аргагүй мэргэжлийн том хөгжмийн зохиолчид. Тэгэхээр сүүлийн үед зүгээр нэг ая зохиогчтой хамтрахыг зорихгүй байгаа юм.
-Уран бүтээлч хүн нэг дуу хийчихээд өнөөх нь радиогоор явж байхыг сонсоод өөрийгөө голох, эмзэглэх, ичих ч гэдэг юмуу зүйл байдаг уу?
-Ичихээсээ илүү гоё байсан санагдаж байна. Харин юу юуны духанд хүрээгүй оюутан байхад радиогоор яруу найрагч У.Баярсайханы шүлэг гээд зарлахаар учиргүй ичиж билээ.
-Тэгвэл бүр нэг омогшоод бахархаж байсан үе байна уу?
-Оюутан цагт ангийнхантайгаа автобусаар явж байтал радиогоор миний дууг нэр устай нь зарлаад явууллаа. Манай ангийнхан “Баяраа чиний дуу явж байна” гээд тал талаас шуугиад, хэдэн муу оюутан явж байгаа учраас автобусанд байгаа хүмүүс итгэхгүй шүү дээ. Тэгэхэд уг нь ичсэн хэрнээ омогших сэтгэл төрж байсан шүү. Дууны шүлгийг нэг бичээд, дуучин дуулаад цацагдахаар засаж болдоггүй аюултай. Хэдэн жилийн өмнө бичсэн дууны шүлгийг сүүлд харахад засчихмаар зүйл харагдаж л байдаг, одоо тэгээд яахав дээ нэгэнт өнгөрсөн хойно.
-Тоглолтын онцлог бол мэргэжлийн талдаа гэж байх шиг байна. Гэхдээ үзэгч олонд барих сонин содон зүйл байж таарна. Энэ тухайд?
-Манай тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Алтай халиун” групп ажиллаж байна. Ерөнхийдөө Ц.Гэрэлбаатар ах надад тоглолт хэрхэн яаж болох, ямар үед нь юу хийх тухай дэлгэрэнгүй ярихгүй байгаа. Та юу хийж байна, яамаар байна гэхээр “Чи бусад ажлаа л амжуул, битгий миний ажилд оролцоод бай, чамд гоё бэлэг баринаа” гэдэг. Үнэнийг хэлэхэд бүх зүйл хаалттай байгаа, миний хувьд тоглолт ямар болох тал дээр 50 хувийн мэдээлэлтэй байна.
-Залуу уран бүтээлчийн хувьд ирээдүйд ямар нэгэн зорит тавьсан байх. Энэ талаар?
-Анх би нутагтаа зориулсан ганц сайхан дуутай болох зорилготой байсан ч түүнийгээ хийх гэж явсаар байгаад хэд хэдэн дуутай болчихсон. Тэгээд нэг дуу хийгээд УГЖ Б.Батбаатар дууллаа, тэр үед “за би ингээд болох нь тэр, би санасандаа хүрлээ” гэж бодсон. Гэтэл багш “Чи ийм өчүүхэн бодолтой байсан юм уу, би уг нь чамайг арай өөрөөр бодож байлаа. Ингэж болохгүй. Чи олонд хүрсэн дуу бичих ёстой” гэсэн. Энэ үг л миний зүрхэнд хүрсэн учраас би улам илүү хичээж илүү ихийг хийхийн төлөө явах ёстой юм байна гэдэг үүднээс зүтгэж л явна. “Бөгтөр сарны гэгээ” гээд оюутан байхдаа анхны номоо гаргаж байсан, сүүлд “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” гээд яруу найргийн ном, мөн “Танихгүй танил” нэртэй ярилцлагын ном гаргасан. Үүнээс гадна “Хүү нь тандаа”, “Ундраагийн Баярсайхан” гээд хоёр цомог гаргасан. Энэ бол миний зүтгэж яваагийн нэг илрэл шүү дээ.
-Сэтгүүл зүйн мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?
-2010 оноос хойш сэтгүүл зүйн салбарт ажиллаж байна. Ерөөсөө уран бүтээл гээд яваад байхаар үндсэн мэргэжил, ажил цалгардаад байгаа тал бий. Энэ тоглолтоо өнгөрөөгөөд үндсэн ажилдаа шаргуухан орно доо. Сэтгэл хоёрдохгүйгээр ажиллахгүй бол болохгүй байна. Тэгэхээр танай сайтаар дамжуулаад ажлынхандаа “тоглолтоо өнгөрөөгөөд ажилдаа шаргуу орно, ажлаа цалгардуулж байгаад уучлаарай” гэж дамжуулъя.
-Тоглолт зохион байгуулахад чамгүй хөлс хөдөлмөр зардаг. Үүнээс илүүтэй хөрөнгө санхүүгийн асуудал хүнд байдаг учраас үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Энэ бол уран бүтээлч бүрт байдаг бэрхшээл. Нэг сайхан ном гаргахад хүртэл санхүүгийн бэрхшээл тулгардаг. Тэгэхээр тоглолт өөрөө өндөр зардалтай бүтдэг учраас тал талын дэмжлэгээр л болгож байна. Миний тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр М.Түвдэндорж захиралтай “Улаанбаатар шинэчлэл” компани, ивээн тэтгэгчээр С.Загарзэсэм захиралтай “Баян төгөлдөр” констракшн, Б.Батзаяа захиралтай “Хүчит чулуут” групп, “Багануур Бага-Хэнтийн бүс” морин спорт уяачдын холбоо, “Монгол 3 D шалавч” зэрэг ивээн тэтгэгч байгууллагууд ажиллаж байна.
-Найрагчийн “Монголын өглөө” тоглолтод уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.