Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархал өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 8-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдах аж..
2012 оноос эхлэн зохиогдож ирсэн “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба хоёр удаа түрүүлсэн бол улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар, улсын гарьд Ө.Бат-Орших нар тус бүр нэг удаа түрүүлжээ. Мөн улсын аварга С.Мөнхбат 2013-2014 онд, улсын гарьд Э.Даш 2016-2017 онуудад дараалан үзүүр булаалджээ. Өнгөрсөн онд улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж байв.
“Буянт-Ухаа” ордонд болох бөхийн барилдааны тасалбарыг өнөөдрөөс эхлэн Спортын төв ордны “А” зааланд худалдаалагдана.